Амьдралаас тасрахгүй байх нь технологиос хоцрохоос хамаагүй чухал юм

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 23

“Ковид-19” вирус 188 оронд тархаж цар тахал хэмээн цоллуулж байна. Энэ өвчин урд хөршөөс гаралтай болохоор бид чамгүй л сандарлаа. Нэг франц хүн, хүний нутгаас тусгай үүргийн онгоцоор зөөж ирсэн монголчуудад дайгдсан хэдэн тохиолдлоос өөрөөр манайд алга. Бахархаж болох амжилт. Гэхдээ энэ зэрэгтэй байхын тулд улсынхаа багахан эдийн засгийг золин хил гаалиа хааж, хүүхдүүдээ өвчнөөс холдуулах гэж сургууль, цэцэрлэгийг завсарлуулсан юм шүү дээ. Цаашид дэлхий дээр өөр ямар ч вирусний тахал дэгдсэн “Монголын туршлага” гэгдэж үлдэх байх. Энэ цар тахал араасаа дэлхий даяар нүүрлэх эдийн засгийн хямрал чирэх нь л тодорхой болж байна.

Үүнийг иргэдийн амьдралд зөөлөн газардуулах үүднээс Засгийн газраас өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний гаалийн татварыг бууруулах, зээлийн хүү, төлөлтийг түр хугацаанд зогсоох гэх мэт арга хэмжээнүүд аваад эхэллээ. Цаашдаа ч бодох зүйл, хийх ажил өчнөөн байгаа биз. Нөгөө чухал юм бол сургууль, цэцэрлэгийн тасалдсан хичээлийн агуулгыг нөхүүлэх асуудал. Улс орны хувь заяа гэдэг мөнгө төгрөгөөс илүүтэй ирээдүйг бүтээх үр хүүхдүүдэд нь оршиж байдаг. Энэ утгаараа бид ямар ч үед чанартай сургалт өгч байх ёстой юм. Боловсрол олгох замд өвчин байтугай дайн ч нөлөөлж чаддаггүй байх учиртай. Анх удаа туршсан гэхэд теле хичээлүүдэд олон нийт ам сайтай байна. Шилдэг багш нар хичээлээ зааж түүнийг нь Улаанбаатар хотоос эхлээд томоохон сууршлуудад ухрааж, зогсоож үзээд хичээлээ хийж байгаа хүүхдүүд өчнөөн. Интернэт орчинд ч хичээлүүдийг байршуулаад явж байгаа. Өнөө жилийн хувьд 12 дугаар анги төгсөгчид Элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөс бусдаар ерөнхий боловсролын сургуулийн сурагчдаас шалгалт авахгүй. Элсэлтийн ерөнхий шалгалт бол таны, миний хүүхдийн ирээдүйг шийдэх шалгалт байдаг. Товчхондоо, мэдсэн сурснаа шалгуулаад нэг гараан дээрээс өрсөлдөж их, дээд сургуульд элсэх жагсаалтад ордог юм. Сайн өгсөн нь дотоодын том сургуулиудад элсэх, гадаадад суралцах боломжийг шүүрнэ. Тааруухан өгсөн нь хүсвэл хувийн сургууль эс бол шууд амьдрал дээр гардаг. Хүний амьдралыг шийдэх ийм асуудалд хөнгөн хуумгай хандаж болдоггүй. Түүн лугаа шалгалт өгөх мэдээллээ авах нь хүртэл жигд, шударга байх учиртай.

Өнгөрсөн долоо хоногт БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл хийхдээ 12 дугаар ангийн хүүхдүүдийн теле хичээлийг багтаасан, элсэлтийн шалгалтад хэрэгтэй зөвлөгөө, мэдээллийг оруулсан СД тараана гэж мэдэгджээ. Түүнийг нь өлгөж аваад цахим орчинд идэвхтэй байдаг хэдэн хүн баахан шүүмжилсэн юм уу даа. Техник технологи хөгжөөд СД, ДВД уншдаг компьютер, төхөөрөмж байхгүй болсон гэх мэтээр баахан даажигнасан байна. Сургуулийн багш нарын цалин хангамж, сурах орчны шинэчлэл ямар байгааг манай жиргээчид мартаагүй баймаар. Энэ сэдвээр бас л их “матрын нулимс” унагасан хүмүүс биш бил үү. Боловсролын сайд цахим хуудсандаа “12 дугаар ангийн хүүхдүүд энэ жил хамгийн хүндрэлтэй нөхцөлд ЭЕШ-д бэлдэж орох болж байна. Хөдөө малчдын маань хүүхдүүд гэртээ харьсан байна, алслагдсан бүс нутгуудад, интернэтгүй орчинд олон мянган хүүхэд маань сурч амьдарч байгаа юм аа. Малчид маань гэртээ СД, ДВД тоглуулагчтай байх нь элбэг. Сумын төвд интернэт хурд, интернэт төлбөр гээд олон бэрхшээл байдаг. Бүх хүүхэд маань ухаалаг гар утас хэрэглэх боломж хомс. Амьдрал баян. Бид мэдээж АПП зохион бүтээж удахгүй ашиглаж эхлэхээр ажиллаж байна. Хугацаа орж байна. Цаг алдалгүй богино хугацаанд хүүхдүүддээ туслах материалыг хүргэх шаардлага үүсээд байна аа. Мэдээж хот суурин газарт сайтаас, нүүр ном, пэйж хуудсаас, нэт-ээс үзэх боломжуудыг нь нэмэгдүүлж байна. Байршуулж байна. Бүх боломжуудыг ашиглаж, хүүхэд бүртээ ижил боломж олгохоор ажилласаар байна” гэжээ. Мөн “Манай улсын хэмжээнд бүх ЕБС-ийн суурин компьютерууд, багш нарын маань хэрэглэж байгаа нөүтбүкүүд СД уншдаг. Манай яамны бүх компьютерууд бас адил. Шинэчилж чадаагүй хэвээр л байна. Цэцэрлэгийн багш нарт маань компьютер ч алга” гэсэн байна лээ.

Үнэндээ орон нутаг гэлтгүй хотын захын гэр хороололд ч энэ асуудал байгаа. Өнөө юнивишн скаймэдиа гээд IP TV үйлчилгээ эрхлэгчид чинь хотын төвийн байрнуудыг л холбодог. Эрдэнэт хотод саяхнаас орсон санагдаж байна. Өнөөдөр хотын захын хороодыг дагасан гудамжны дэлгүүрүүдээр ороод үзээрэй. СД-нд хуулсан кино зардаг юм шүү дээ. Интернэт тэр болгон хүрээгүй байна. Түрээстэй телевиз үзэх, интернэт тогтмол хэрэглэх нь байтугай хоногийн хоолоо яая даа гэсэн айл өрх өчнөөн бий. Орон нутгийн тухайд бол бүр хэцүү. Ухаалаг утас гээд байгаа ч тэрний дэлгэцэн дээрээс хичээл үзэхэд ямар байхыг төсөөлөөд үз дээ. Зарим алслагдсан сумдад эрх биш холбоон дээрээ л интернэт байдаг байх. Хурдны тухайд ярих ч юм биш. Халуун паар ороогүй сургуульд юун хайлтын систем байдаг юм. Тэнд байгаа хүүхдүүдэд СД тараахад ямар буруу байгаа юм бэ. Тэгээд ч уудам монгол орны дэд бүтэц сул хөгжсөн энэ олон суурингуудад хүргэх хямдхан арга СД байсан байлгүй дээ. Заримдаа манай шийдвэр гаргах албан тушаалтнууд сошиалчдынхаа аяыг дагах гээд байдаг. Гэтэл тэд нь ямар амьдралаас тасарсан дэмий шүүмжлэгчид болчихсоныг энэ явдал харууллаа. Сайд, шийдвэр гаргагч хэнбугай ч амьдралаас тасрахгүй байх нь технологиос хоцрохоос хамаагүй чухал юм гэдгийг ч харлаа.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.168.8) 2020 оны 03 сарын 24

Зөв дэмжиж байна.\n

0  |  0
Top