ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 23

Өнөөдөр 2020.03.23. Энэ оны 82 дахь өдөр бол он дуусахад 284 хоног үлдээд байна. Монгол эх оронд маань нар 06 цаг 48 минутад мандлаа. 19 цаг 09 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө 14 хэм, шөнөдөө -3 хэмийн хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Дэлхийн цаг уурын өдөр. Боливд энэ өдөр Далай, тэнгисийн өдөр бол Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад Гэр бүлийн, Унгар болон Польшт Хоёр орны нөхөрлөлийн өдөр, Азербайжанд Хүрээлэн буй орчин, байгалийн баялгийн яам байгуулагдсан өдөр юм.

Өнөөдөр Австрийн кино найруулагч, Оскарын шагналт Михаэль Ханеке, Америкийн дуучин Рик Окасек, жүжигчин Аманда Пламмер, Их Британийн усанд сэлэгч, олимпын таван удаагийн аварга Стив Редгрейв, Испанийн хөл бөмбөгч, дасгалжуулагч Фернандо Йерро, Америкийн сагсан бөмбөгч Жейсон Фредерик Кидд, жүжигчин Кери Расселл, Мишель Монаган зэрэг алдартны төрсөн өдөр.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1940 - Лахор хотод “Бүх Энэтхэгийн муслим лиг” байгуулагджээ.

1978 - НҮБ Ливанд энхийг сахиулах ажиллагаа зохион байгуулахаар болж, цэнхэр дуулгатнууд Бейрутэд иржээ.

1983 - АНУ-ын Ерөнхийлөгч Роналд Рейган цэргийн орчин үеийн зэвсэглэлийн технологийг сайжруулах шийдвэр гаргав.

1996 – Тайваньд Ерөнхийлөгчийн анхны ардчилсан сонгууль болж, Лий Тенг-Хуй Ерөнхийлөгч болжээ.

2019 - АНУ-ын дэмжлэгтэй “Сирийн ардчилсан хүчин” “Исламын улс” бүлэглэлтэй дөрвөн жилийн турш хийсэн тулаанд ялалт байгуулсан гэдгээ зарлав.

Энэ өдөр үс засуулбал сүлд тэнэж одно гэж дорнын зурхайд өгүүлжээ. Өнөөдөр тахиа, могой жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай юм.

Энэ өдөр ан гөрөө хийх, мал адгуус муулах, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Харин цөөрөм байгуулахад таагүй. Хол газар явах бол баруун хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажил үйлст тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top