ОЛОН ӨНГӨ: Хоригдож үзээгүй хонгор насаа дурсах нь

2020 оны 03 сарын 21

Хүүхэд байхад өдийд аанай л гадаа тоглож байдаг сан. Даалгавраа хийчихсэн, гурилаа зуураад элдчихсэн. Миний хийдэг ажлын нэгээхэн хэсэг л дээ. Дүү нар түлээ түлш оруулах, аяга таваг угаах, эгч, ах нар мах татах, хоол хийх үүрэгтэй. Тэгээд л хийхээ хийчихсэн хүн гуяа алгадаад гарна биз дээ. Хаврын наранд болжмор цовоолог жиргээд, гудамжны үзүүрт хүүхдүүд шуугилдаад зүрх сэтгэл хэдийн гүйгээд оччихсон. Чоно будаг, гүйдэг маадаг, дээс чирта гээд хүүхдүүд бидний эцэс төгсгөлгүй тоглоомын жагсаалт дуусахгүй. Тоглоомондоо улайрсан хүүхдүүдийн дуу шуугиан хаврын тэнгэрт цойлж нэг, бууж нэг ирээд л ядрахаа мэдэхгүй тоглодог сон. Хамаг л хувцас шороо тоос, хацар хуруу сайран болно оо.

Орой нь ээждээ загнуулсан дэрсхэн хүүхдүүд гартаа сүүлний тос түрхэж унтана даа. Маргааш нь аанай л гадаа тоглож байх. Эрүүл агаар, салхи, нар, хөрс шороо, тоглоом наадгай, хөгжөөн наргиан, хөдөлгөөн дасгал биднийг хүн болгосон. Ийн бодоод удтал хараагүй хаврыг эрэн цонхоор ширтэхэд гудамж талбай эл хуль. Хүүхдийн цовоо цолгиун дуу ч үгүй нам гүм, нэг л дүнсгэр. Гагцхүү энэ л айдас хүрмээр нам гүмийг эвдэх гэж хичээх мэт болжмор үе үе жиргэнэ. Тэртээ он жилүүдэд гэрэлтэн үлдсэн уйдах завгүй хүүхэд насны минь ой дурдатгалыг шувуу бид хоёр л санаж байх шиг. Цар тахлын улмаас олон хоног гэртээ хөл хорионд "гинжлүүлсэн" мянга мянган алаг үрс маань бидний үеийн хэмжээлшгүй эрх чөлөөтэй, аз жаргалтай хүүхэд насыг минь төсөөлөх ч үгүй дээ. Ай даа, эрүүл энх цаг ирвэл охинтойгоо өдөржин гадаа тоглох сон.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top