Тусгаарлагдсан иргэдэд 14 хоногт нэг удаа эргэлтийн зүйлс хүргүүлнэ

2020 оны 03 сарын 20

Улсын онцгой комиссын шуурхай штабаас өчигдөр ээлжит мэдээллээ өгсөн. 

Эхний мэдээллээр Шуурхай штабын хэвлэлийн төлөөлөгч Б.Дуламсүрэн “Улсын онцгой комиссын шуурхай штаб өнгөрсөн хугацаанд цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх стратеги төлөвлөгөө боловсрууллаа. Мөн гэрээр тусгаарлан ажиглах зөвлөмж болон албан хаагчдыг гэрээр ажил үүргээ гүйцэтгэх төлөвлөгөөг боловсруулж дуусгалаа. Энэ хугацаанд Сөүл-Токио-Берлин, Москва-Истанбулын тусгай үүргийн нислэгээр нийт 986 иргэнийг эх орондоо авчирсан байна. Гадаад улсаас иргэдээ татан авах дөрөв дэх нислэг буюу Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц энэ сарын 19-ний шөнө 01:00 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх онгоцны буудалд газардсан. Энэ онгоцоор 252 зорчигч, нисэх багийн 15 гээд 267 хүнийг хүлээн авч, биеийн байдлыг хянах, тандалт хийх, халдвар хамгааллын дэглэмийг сахиулах, тусгаарлах байранд байршуулах ажиллагааг үүрийн 04:00 цаг хүртэл мэргэжлийн байгууллагууд хамтран зохион байгууллаа. Тэдгээр иргэнийг “Зүчи” зочид буудал, Онцгой байдлын ерөнхий газрын харьяа “Жаргалант” сувилал, “Бага баян” цогцолбор, “Асралт мед” эмнэлэг, ХӨСҮТ, Цэргийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлаад байна. 

Монгол Улсын хэмээнд автозамын долоо, төмөр замын гурав, агаарын замын нэг гээд нийт 11 боомтоор орж гарсан иргэд, тээврийн хэрэгслийг улсын хилээр шалган нэвтрүүлж, үүнээс 332 монгол иргэнийг тусгаарлаад байна. Тусгаарлагдсан байранд байгаа иргэдээс ирж байгаа санал хүсэлтийг харгалзаад Улсын онцгой комиссоос тодорхой шийдвэрүүдийг гаргалаа. Ахуйн хэрэглээнийн зүйлс, ялангуяа шүдний оо, сойз, саван зэргээс эхлээд эд зүйлсийг оруулах шаардлагатай байгаа гэсэн хүсэлтийг харгалзаад 14 хоногт нэг удаа эргэлт оруулахаар шийдвэрлэж, зөвхөн эд зүйлсийг 10:00-16:00 цагийн хооронд тусгаарлах байранд байгаа иргэдэд оруулах шийдвэр гаргаад байна” гэлээ.

Дараа нь мэргэжлийн хяналтын байгууллагаас хийж хэрэгжүүлж буй ажлуудаа товч танилцууллаа.

МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат “Нэгдүгээрт, өмнөх нислэгүүдээр ирсэн зарим иргэн тусгаарлагдаагүй гэсэн мэдээлэл сошиал орчинд тархсан. Мэргэжлийн хяналтын байгууллагууд тусгай чиг үүргийнхээ дагуу хилийн мэргэжлийн хяналтын үүргийг гүйцэтгэж ажилладаг. Ингэхдээ аль ч нислэгээр ирсэн хүмүүсийг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулж тусгаарлах эсэхийг ХӨСҮТ-д хүлээж өгдөг. Хилийн хяналтын бусад байгууллагаас гадна тагнуул, цагдаагийн байгууллага давхар хяналт тавьдаг. Өөрөөр хэлбэл, бүх нислэгийн бүх үйл ажиллагаа хяналтад байдаг. Тийм учраас ирж байгаа зорчигчид тусгаарлагдахгүй, хяналтад орохгүй байх боломжгүй. Хоёрдугаарт, Туркээс ирсэн зорчигчидтой хамт мэргэжлийн хяналтын байгууллагын хоёр байцаагч, ХӨСҮТ-ийн нэг эмч явж, ирж буй зорчигчдын эрүүл мэнд, аюулгүй байдалд хяналт тавьж ирсэн. Өмнөх бүх нислэгт энэ чиг үүргээ хэрэгжүүлсэн” гэлээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.178.74) 2020 оны 03 сарын 20

Сургууль цэцэрлэгийг зуны улиралд ажиллуулахыг хүлээн зөвшөөрөхгүй. Зуны улиралд хүүхдүүдтэйгээ хөдөө гарч амармаар байна.

0  |  0
Top