Д.Сумъяабазар: Цаашид шатахууны үнэ литр тутамдаа 200 төгрөгөөр бууна

2020 оны 03 сарын 20

Засгийн газрын ээлжит бус хуралдаанд УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулга хийжээ. Танилцуулгад дурдсанаар бол он гарсаар дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ огцом буурч байгаа нь хэрэглэгч орон Монгол Улсын хувьд таатай нөлөө үзүүлж эхэлжээ. Уржигдрийн байдлаар газрын тос нэг баррель нь 31.41 ам долларт хүрч буурсан нь манай эцсийн хэрэглэгчдэд шатахууны үнэ литр тутамд 200 хүртэл төгрөгөөр буурч хүрэх боломжийг бүрдүүлсэн байна. ОХУ-аас 2020 оны эхний гурван сарын байдлаар нийлүүлсэн шатахууны хилийн үнийг аргачлалын дагуу тооцож үзэхэд шатахууны төрөл тус бүрээс литр тутамдаа 120 төгрөгөөр буулгах боломж хэдийн бүрдсэн гэнэ.

ОХУ-ын Роснефть компаниас нийлүүлж байгаа шатахууны хилийн үнэ өмнөх сартай нь харьцуулахад энэ сард бүтээгдэхүүний төрлөөс хамааран тонн тутамдаа 58-86 ам.доллараар буурч, Аи-92 автобензин 569 ам.доллар/тонн, лизелийн түлш 566 ам.доллар/тн болоод байгаа юм байна. Одоогоор улсын хэмжээнд шатахууны төрөл бүрээр дунджаар нэг сарын нөөцтэй байгаа аж. Монгол Улс шатахууны хэрэгцээгээ 100 хувь импортоор хангадаг ч хэрэглээ жил ирэх тусам өсч байдаг. Тухайлбал, 2018 онд 1,4 мянган/тонн, 2019 онд 1,7 мянган/тонн автобензин, дизелийн түлш импортлосон нь 14 хувийн өсөлт юм. 
Хуралдааны дараа Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд  Д.Сумъяабазар мэдээлэл хийх үеэрээ “Шатах тослох материалын үнэ 50-100 төгрөгөөр бууж эхэлсэн. Цаашид дөрөвдүгээр сарын 15-н гэхэд шатахуун литр тутамдаа 200 төгрөгөөр бууна гэж хэлж болно. Дэлхийн зах зээл дээр нефтийн үнийг 64-65 ам.доллараар тооцож байсан бол цар тахлаас шалтгаалж, өнөөдрийн байдлаар 28-22 ам.доллар болсон. Түүхий тосны үнэ 22 ам.доллар, бүтээгдэхүүний үнэ 26 ам.долларт хүрлээ. Энэ нь шатахууны хамгийн доод үнэ гэж хэлж болно.

Үнийн өсөлт, бууралтын хувьд манай улсад сарын хоцрогдолтой орж ирдэг. Цаашид шатахуун агуулах саваа бүрэн ашиглах ёстой. Зах зээлийн үнэ ханш доод түвшинд хүрсэн энэ үед төр, хувийн хэвшил бодлогоо нэгтгээд боломжтой хэмжээгээр нөөцлөх гэдэг чиглэл барьж байгаа. Улсын хэмжээнд АИ-92 30 хоногийн нөөцтэй, дизель түлш 33 хоногийн нөөцтэй байна. Энгийн үеэс 10 хоногийн илүү нөөцтэй бий” гэсэн юм. Түүнчлэн мэдээллийн үеэр сэтгүүлчид нүүрсний экспортыг эхлүүлэх бэлтгэл ажил болоод IPO гаргах асуудал зогссон эсэх талаар тодруулахад “Нүүрсний экспортын хувьд даваа гарагаас өмнө Зам, тээврийн хөгжлийн яамны дэд сайд ахлуулсан ажлын хэсгийг газар дээр нь очиж ариутгал халдваргүйжүүлэлт, аюулгүй байдлын стандарттай танилцах үүрэг өгсөн. Үүний дараа ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан бид хоёр очиж бэлэн байдалтай танилцана. Ер нь Засгийн газрын зүгээс бэлтгэл ажил, жолооч ажилчдын ариун цэвэр, аюулгүй байдлыг хангаж байж нүүрс экспортод гаргах асуудлыг шийднэ гэдэг хариу өгсөн. Эдийн засаг чухал ч гэсэн монгол хүний эрүүл мэнд маш чухал гэдэгт анхаарч байна. Нүүрсний экспортыг зогсоосноор төлөвлөсөн хэмжээнээсээ хоцрогдолтой явж байгаа. Тиймээс бид аюулгүй байдлаа маш сайн хангаж, нүүрсний борлуулалтаа нэмэгдүүлж, алдагдлаа нөхөөд явах шаардлагатай. IPO гаргах тухайд Засгийн газрын тэргүүн үүрэг чиглэл өгсөн. Энэ Засгийн газар IPO хийх боломж бололцоо байхгүй, хойшлуулна гэдэг тодорхой саналыг хэлсэн. Монголд хөрөнгө оруулалт хэрэгтэй, дэлхийн жишгээр цаашид хөгжих ёстой” гэж хариулжээ. 
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Тэнэг бөх(66.181.179.59) 2020 оны 03 сарын 21

Ийм ч сайд байх гэж ... бөхийн дасгалжуулагчаа хийгээд яваасай, чадах юм нь ердөө тэр.

0  |  0
Top