ОЛОН ӨНГӨ: Цэргийн ГАНЦХАН жил

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 19

Би 2015 онд цэргийн албанд Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргээс Баянхонгор аймгийн Зэвсэгт хүчний барилгын цэргийн 339 дүгээр ангид хувиарлагдан цэргийн алба хаасан юм.

Анх удаагаа тийм олон хүний нүдэн дээр шалдалж үзсэн надад эвгүй санагдаж байлаа. Би төрсөн өдрөөрөө цэргийн албанд татагдаж очиж байсан. Олон аавын хүүхдүүдтэй есөн зүйлийг ярьсаар цэргийн ангид шөнө очсон юм. Олон дамжлага өнгөрч очсон надад цэргийн ангид хувцсаа тайлах хэвийн үзэгдэл шиг болсон байсан. Тэгэж л миний цэргийн амьдрал эхэлсэн юм. Бүгд нормын хувцсаа өмсөж, жагсаалын талбайд гарч, аавын хүү эх орны хүү болоход бэлтгэгдэж эхэллээ. Анхны бүхэн хэцүү, чанга санагдаж байлаа. Жоохон залхуурах, эсэргүүцэх үед шанаа өгч сануулна. Журамт нөхдийнхөө аль нэгнийг алдаа гаргах бүрд бултаараа дэглүүлдэг учраас уур их хүрнэ. Ингэж явсаар цэргийн тангараг өргөж, эх орны хүү болсон. Тэр өдөр гадаа их халуун, агаар хуурай, шороон шуургатай өдөр байж билээ. Тангараг өргөсөн цэргүүдийн дунд бөхийн барилдаан зохион байгуулж би үзүүрлэж байлаа.  Онжавуудын гэр бүлийнхэн ирчихсэн, харин манай гэрийнхэн ирж чадаагүй юм. Орь ганцаараа бусдыгаа харж гэрийнхэндээ гомдож зөндөө их уйлж билээ. Ингээд л би жинхэнэ цэрэг эр болсон. Карантины хугацаа дуусаж, ах нарын гар дээр очсон. Тэр өдрөөс хугацаат цэргийн албыг хэрхэн яаж хааж өнгөрүүлэх нь тодорхой болно. Ах нарын торгон цэрэг болох гэж мөн ч их хичээнэ. Би ч олон ахын торгон цэрэг болж чадсан. Тэр чинээгээр ямба их ч ял бас зөндөө л байв. Оройн тоонд гараад сэтгэлдээ буглаж байгаа бүхнээ гаргаж буй мэт чангаар дуулдаг, хааяа нэг тэнгэр харан нулимс унагах үе тохиолдоно. Ингээд ах нартайгаа салах мөч ирж, тэр мөчийг маш их хүлээсэн ч эсрэгээрээ уйтгар гуниг их байсан юм. Дарамт их байсан ч явлаа гэхэд нь маш гунигтай болж билээ.

Ийнхүү ах болж цэргийн хагас жил олон дүү нарт ах гэж ямар байх ёстойг үлгэрлэх гэж мөн ч их хичээсэн дээ. Би өөрийгөө муу ах байсан гэж боддог. Монголынхоо олон сайхан аавын хүүхдүүдтэй хамт зодуулах үедээ зодуулж, баярлах үедээ баярлаж, уйлах үедээ уйлж явсаар хугацаат албаа дуусгасан. Түүндээ ч одоог хүртэл баярлаж, найз нөхдөөрөө бахархаж явдаг. Ингэж л миний цэргийн нэг жил өнгөрч халагдахад “Ганцхан жил цэргийн амьдралд арай ч багаддаг юм байна” гэж хэлж билээ. Цэргийн алба хаасан хаагаагүй дайн болоход мөр зэрэгцэн зогсох Монголынхоо зоригт эрчүүдэд Цэргийн баярын мэндийг нэхэн хүргүүлж байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(31.165.215.200) 2020 оны 03 сарын 19

zeregt yavsan zaluus suid boltoloo ih surahguich yamarch baisan dursah umtai, shaardlaga tulahad eh ornoo hamgaalah chadvartai bolj baigaadaa….ingeed ergezyyleh bodoh umtai saihan l baina

0  |  0
Зочин(103.10.20.197) 2020 оны 03 сарын 19

сайхан бичжээ дүү минь.

1  |  0
Top