С.Эрдэнэболд: Би элэг бүтэн, бүтэн нэртэй явахыг амжилт гэж боддог

2020 оны 03 сарын 18

Энэ удаагийн “100 АСУУЛТ” нэвтрүүлгийн зочноор Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэболд оролцлоо.

-Юуны өмнө танд энэ өдрийн мэндийг хүргэе. Сайхан хаваржиж байна уу?

-Танд ч гэсэн энэ өдрийн мэнд. Сайхан хаваржиж байна.

-Нэвтрүүлгийн урилгыг хүлээн авч, хүрэлцэн ирж оролцож байгаа танд маш их баярлалаа.

-Маш их баярлалаа, урьсанд баярлалаа.

-Би нэвтрүүлгийн явцад танаас 100 асуултыг асууна. Та надад 100 хариултыг өгнө.

-За тэгье.

-Та гэр бүлээ танилцуулахгүй юу?

-Манай аав Төв аймгийн Бүрэн сум буюу Улаанбаатар хотоос 200 км зайд амьдарч байна. Манай өвөө 90 нас хүрч байна. Монгол Улсын аварга малчин. Манай ээж Баянхонгорын хүн. Эхнэр маань Өвөрхангай аймгийн Баян-Өндөр суманд төрж, өссөн. Бид хоёр багадаа танилцсан. Улмаар 2006 онд гэр бүл болсон. Одоо гурван хүүтэй.

-Яг ам бүл хэдүүлээ гэсэн үг үү?

-Тавуулаа.

-Хүн бүрд хэлэх дуртай үг гэж бий. Таны хувьд ямар үгийг хэлэх дуртай вэ?

-Өөртөө хэлдэг үг бол үзүүр нь харагдаж байгаа зүйлд амиа золиод ор гэж л хэлдэг. Үүнийг өвөг, дээдэс маань ч хэлдэг. Холын зорилгогүй бол ойрын зорилго оршино гэж. Залхуурч арга саам хийж хойш суухаас илүүтэй хүнд шаардлага тавихаасаа өмнө өөрийгөө хүчилж чаддаг байх хэрэгтэй. Өөрийгөө жаахан ирлэж, хурцалж, дайчилж явах шаардлагатай.

-Таны сонирхол болон хобби юу вэ?

-Өргөн хүрээтэй л дээ. Хобби гэх юм бол би түүх унших дуртай. Аугаа их түүхтэй ард түмнийг аугаа их ирээдүй хүлээж таарна гэж хэлсэн байдаг. Өнгөрсөн үеийг мэднэ гэдэг бол ирээдүй рүүгээ илүү их харах боломжийг олгодог.

-Сүүлийн үед ихээр дурлаж, сонирхож байгаа хобби тань юу байна вэ?

-Физик, сансрын технологийг сонирхож байна. Өдрөөр биш цаг, минутаар сансрын технологи хөгжиж байна. Марс гарагийн судалж байна. АНУ-аас БНХАУ руу 2030 онд 39 минут нисэх технологи хүртэл гарчихлаа шүү дээ. Гэтэл өнөөдөр АНУ руу нэг улсаар дамжиж 13 цаг нисэж байна. Үүнийг 39 минут болгоно гэдэг бол маш богинохон байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, технологи хөгжихийн хэрээр дэлхий улам агшиж байна л даа. Тиймээс бид физик, суурь шинжлэх ухаан, ялангуяа байгалийн шинжлэх ухаануудыг сонирхож байх шаардлагатай. Бидний үед боломж нь бага байсан. Одоо бол мэдээлэл, технологи нээлттэй болохын хэрээр улам их боломж бий болж байна гэсэн үг. Хүн хоббигоо ажил болгоно гэдэг маш чухал юм.

-Марс гарагийн тухай бол жичдээ ярина. Та хүүхэд байхдаа ямар мэргэжилтэй болно гэж боддог байв?

-Хоёр сонголтын өмнө байсан. Нэг нь, хуульч нөгөө нь эмч.

-Яагаад эмч болоогүй юм бэ?

-Яах вэ, миний яг доод дүү маань хөгжлийн бэрхшээлтэй. Бага байхад эмчийн буруутай үйлдлээс болж хөгжлийн бэрхшээлтэй болсон гэж ойлгодог байлаа. Тэр үед дүүгээ эмчлэхийн төлөө эмч болох ёстой гэж боддог байсан. Харин ээж, аав хоёр маань хоёулаа хуульч, прокурор. Аав минь бүр мөрдөн байцаагч байсан. Тэр ч утгаараа бодсон байж болно.

-Хэр их бухимдаж байна вэ?

-Харьцангуй гайгүй гэж боддог. Гэхдээ хүн өөрөө ч мэдэлгүйгээр бухимддаг. Хааяа бухимдсан үедээ хөдөө гарна. Утсаа унтраагаад хэсэг төвлөрнө, өөртэйгөө ярилцана.

-Ямар спортод дуртай вэ?

-Байт харваа. Хүүхэд байхдаа л бургас мяндас холбож байгаад л харвадаг байсан. Үндэсний сурын харваагаар 2010 оноос хойш хичээллэсэн. Харин 2014 оноос байт харваагаар хичээллэж эхэлсэн. Одоо ч гэсэн хичээллэж байна.

-Монголын байт харвааны дэд тэргүүнээр ажилладаг байх?

-Тийм.

-Хэдэн онд билээ, талбай байгуулдаг чинь?

-Хоёр жилийн өмнө. 2018 онд.

-Тэр мөнгийг асар богино хугацаанд босгосон санагдаж байна шүү?

-Эхнээсээ хэцүү байдаг гэж мэдсэн бол орохгүй ч байх байсан л даа.

-Хэр их бэрхшээл тулгарсан бэ?

-Байт харваагаар хичээллэх гэхээр талбай байдаггүй байсан л даа. Надад бэлтгэлийн талбайтай болгочих юм сан гэсэн бодол байсан. Эхний ээлжид цэцэрлэгт хүрээлэнд очоод бэлтгэл хийдэг жижигхэн талбай төсөөлж байсан юм. Хандив босгосон чинь хүмүүс маш их дэмжсэн. Хүмүүсийн хандивлаж байгаа мөнгийг шилэн зарлаж явсан. Нийт 58 хоногийн дотор 552 сая төгрөг цугласан. Тэр мөнгөөрөө зах зээлийн үнээр 1.2 тэрбум төгрөгийн үнэлгээтэй бүтээн байгуулалтын ажлыг хийсэн. Нийт 200 хүн зэрэг бэлтгэлээ хийх боломжтой олон улсын стандартын шаардлага хангасан бүтээн байгуулалт болсон. Байт харваа бол олон талын ач холбогдолтой насны хязгаар байхгүй. Хүний бухимдлыг их тайлдаг. Бидэнд маш их боломжтой спорт. Энэ жил ердийн болон Пара олимпын эрхийг аваад байгаа юм.

-Таны хамгийн үнэт зүйл юу вэ?

-Үнэт зүйл гэдгийг үнэлж болшгүй зүйл гэж ойлгодог. Би эх орондоо 15 хувь хайртай гэж хүн хэлдэггүй шүү дээ. Би ээждээ 20 метр хайртай гэж хэлдэггүй биз дээ. Аавыгаа би 45 кг хайрладаг гэж хэлдэггүйтэй ижил. Хүний үнэлж болшгүй, юугаар ч солихгүй зүйлийг үнэт зүйл гэж боддог. Энэ ч утгаараа үүнд гэр бүл, ээж аав, эх орон, мөрөөдөл орно. Хэмжиж болдог зүйл бол бодлого болно шүү дээ.

-Хэр шүүмжлүүлж байна вэ?

-Зөндөө л шүүмжлүүлнэ.

-Та өөрөө хэр шүүмжилж байна вэ?

-Би 2008 онд яг энэ чиглэлээр хуулийн сургуулийг төгссөн л дөө. Хүний төрөхөөс нь байдаг зүйл бол нэр төр нь. "Хүн нэрээ, тогос өдөө" гэж хэлдэг. Хүний нэр төр бол маш том эрхэмсэг зүйл л дээ. Шүүмжлэл гэдэг бол тухайн зүйлийг илүү сайн хийж чадах, засах болон илүү сайжруулах, тэр гаргалгаатайгаа байж тэр шүүмжлэл болно. Ингэхгүйгээр тухайн хүнээ өндөр нам, өргөн бүдүүн, нас хүйс, шашин шүтлэг, гарал угсаагаар нь доромжлоод явчих юм бол шүүмжлэл биш юм. Харамсалтай нь, Монгол Улсын өнөөгийн нийгэмд зарим хүний зориудаар хийж байгаа зүйл нь нэг нэгийгээ шүүмжлэх биш доромжлох, гүтгэх зүйл маш их байна. Үүн дээр цаг хугацааны шалгуур даваад явах л ёстой. Магтаал, шүүмжлэл гэдэг зүйл бол байх л ёстой. Хэдий өндөр уул руу өгсөх тусам салхины хурд ширүүсдэгтэй адилхан. Хүний сэтгэлийн тэнхээгээрээ даваад гарах л зүйл. Шүүмжлэл болгон руу чулуу шидэж, өсөрхөж, хонзогнож болохгүй. Тэр дунд өөрийг нь хурцлах, хэрэгтэй олон зүйл байдаг. Тиймээс шүүмжлэлийг маш зөв хүлээж авах ёстой. Зарим доромж, гүтгэлгийг хаях хэрэгтэй. Үнэхээр үнэт зүйлд чинь эрээ, цээргүй дайрч байгаа бол хуулийн дагуу  хариуг нь барих шаардлагатай.

-Хүн амьдралдаа хэрхэн амьдарч, яаж явах нь юунаас шалтгаалдаг юм бол оо?

-Хэзээ, хэн хэлснийг нь санахгүй байна. Нэг үг байдаг. Хүн амьдралд хоёр удаа төрдөг гэж. Нэг нь, эцэг эхээс төрсөн хугацаа. Нөгөө нь, энэ амьдралыг юуны төлөө туулах гэж байгааг ухаарсан цаг хугацаа. Тэгэхээр хамгийн том зүйл бол зорилго гэж боддог. Хүнийг өөрийг нь тодорхойлж байдаг зүйлс. Тэр ямар мэдлэг, боловсролтой, ямар орчинд төрсөн байхаас нь үл шалтгаалж. Дэлхий дээр гайхамшигтай зүйлийг хийсэн хүмүүсийн хамгийн эхэлж сонссон зүйл бол чи чадахгүй.

-Ер нь бол 100 хувь өөрөөс нь шалтгаална гэж боддог юм байна, зөв үү?

-Би бол тэгж л боддог.

-Таны хамгийн аз жаргалтай байсан мөч хэзээ вэ?

-Хүүхэд байхад одоогийнх шиг гар утсаар хэдэн мянган зураг авч болохгүй үед тэгж боддог байсан. Одоо бол өөр болсон байна. Хамгийн жаргалтай үеэ дотроо хадгалах. Тархиндаа зураг авахыг хичээдэг. Энэ бол их чухал юм билээ. Хүн нэг хүчтэй сэтгэлийн догдлолтой үеэ мартдаггүй шүү дээ. Тиймэрхүү мөчүүдээ л хадгалдаг. Хамгийн жаргалтай мөч бол 1999 онд осолд орж байсан. Тэр үед амьд гарсандаа баярлаж байсан. Дараа нь нэг осолд орсон. Тэр үед дахин төрж байгаа юм шиг санагдаж байсан. Гэр бүлтэй болсон үе, хүүхэдтэй болсон цаг гээд л. Ээж, аавтайгаа элэг бүтэн байх чинь маш том аз жаргал гэж боддог.

-Хүнийг хэр таньдаг вэ?

-Бодох л зүйл. Хүнийг гурван зүйлээр таньж болдог. Үнэт зүйлээр нь. Зарим хүний үнэт зүйл албан тушаал байдаг. Зарим хүний үнэт зүйл харилцаа байдаг. Зарим хүнийх бол албан тушаал, харилцаа, мөнгө төгрөгөөс үл шалтгаалж нөхөрлөлөө илүүд үздэг. Харин улс төрийн талбар дээр нөхөрлөл олно гэдэг хэцүү. Эсрэгээрээ уран бүтээл, шинжлэх ухааны талбар дээр олон сайхан нөхөрлөлийг олж авдаг.  Хүн таних гэдэг нь маш том эрдэм юм шиг байгаа юм. Итгэмтгий байдлаасаа болж олон удаа алдаж байсан. Гэхдээ л тэр бол сургууль гэж боддог. Энэ хорвоо төгс биш. Хүн танихдаа сайн гэж өөрийгөө хэлж чадахгүй.

-Хүмүүс таны юунд болж хүрээлэлд чинь орж, татагддаг бол оо?

-Нэгд нь, мөрөөдөл байх. Хоёрт нь өөрийн минь түүх байх. Хүн гишгэсэн алхмаараа тодорхойлогддог.

-Танд таагүй хүмүүс хэр олон байдаг вэ?

-Яах вэ, янз бүр л дээ. Таагүй гэхээсээ илүүтэй зарим үед хэчнээн мундаг хүн байгаад үзэл бодол, энерги таарахгүй хүн гэж байдаг. Хэзээ ч өмнө нь уулзаж байгаагүй хэр нь энерги таардаггүй шүү дээ.

-Улс төр гэж юу вэ?

-Уг нь бол, яг хүмүүсийн төлөө чи юу хийж чадах вэ гэдэг асуултад хариулах гэж байгаа хүн бүрийн оролдлого гэж ойлгодог. Гэтэл өнөөдөр Монгол Улс хоёр том хомсдолд орсон байна. Нэг нь үнэт зүйлийн хомсдол. Хоёрт, манлайллын хямралд орсон байна. Ингэхээр ард иргэдийн нийтлэг зөв гэж боддог зүйл нь утгаа алдаж байна. Энэ үед ард иргэд улс төрийг бохир, заваан зүйл л гэж бодож байгаа. Гэхдээ энэ бүхнийг засах хэрэгтэй. Нөгөө талаараа олон нийтийн үйл хэрэг хэзээ ч сайн нэр зүүж байгаагүй. Эцсийн мөчид ирээдүйдээ сайн сайхан амьдрал бүтээж өгөх нь бидний үүрэг.

-Таны тэвчихэд хамгийн хэцүү зүйл юу вэ?

-Би ойр бодогдож байгаа гурван зүйлээ хэлье. Зорилгогүй байх нь тэвчихэд хэцүү зүйл. Энэ чинь малаас ялгаагүй шүү дээ. Энэ бол өөрийгөө алж байгаа хувилбар. Хоёрдугаарт, гоо зүйн мэдрэмжгүй байдал бол тэвчихэд хэцүү зүйл. Хүн чинь байгалийн амьтан шүү дээ. Дотроо хайрлах зүрх, харамсах бодолтой байх хэрэгтэй. Түүнийгээ мэдэрч байх хэрэгтэй юм шиг байгаа юм. Гуравдугаарт, хүмүүсийн үнэлэмж, ховыг тэвчихэд хэцүү байдаг.

-Таны амьдалд тохиолдож байсан хамгийн ичгэвтэр зүйл, ичмээр явдал тань юу байв?

-Олон бий. Жишээ нь, МУИС-ийн Хууль зүйн сургуулийг төгссөн юм. Диплом хамгаалж байхад Чимэд багш олон асуулт асуусан. Тэр асуултыг сурах бичгийн хүрээнд л мэдэж байсан. Түүнээсээ ичиж байсан. Нэг удаа бага сургуульд тэмцээнд ороод олон хүний өмнө хэлэх үгээ мартаж байлаа. Энэ мэт олон зүйл бий.

-Та багаасаа л нийгмийн идэвхтэй хүүхэд байсан. Энэ бүх зүйлийг яаж амжуулдаг юм бол оо гэж хааяа боддог. Үүнд ямар хариулт өгөх вэ?

-Мэдэхгүй юм аа. Өөрийгөө магтах гээгүй шүү. Би гурван дүүтэй. Яг доод дүү маань гурван насаар дүү. Одоо бол өөр болсон. Тэр үед хүмүүс хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хараад чулуу шиддэг, намайг бүлэглэж зоддог байсан. Тухайн үед манай ээж юу гэж хэлж байсан гэж санана. Ямар ч байсан чи өөрийнхөө төлөө биш дүүгээ дотроо байна гэж бодож сурах хэрэгтэй гэж. Энэ надад шазруун зан суулгасан. Тиймээс нэлээн их зүйлийг сонирхдог байж магадгүй.

-Амжилт гэж юу вэ?

-Амжилтыг янз бүрээр л тодорхойлох байх. Миний хариулт өөр байж мэднэ. Хүн элэг бүтэн, бүтэн нэртэй явах л амжилт юм. Нөгөө талаараа амжилт гэдэг бол процесс, үйл явц шиг байгаа юм. Их сургуульд тэнцэж орох нь амжилт юм шиг хэр нь төгсөөд юу хийх вэ гэдэг нь асуудал л болж байгаа юм. Гэхдээ тэр үйл явцдаа хэр аз жаргалтай байна гэдгийг л амжилт гэж хэлээд байгаа шиг байгаа юм. Цаг хугацаа нь бүх зүйлийн хэмжүүр. Тэр бүхнээс амжих нь амжилт гэж боддог. Нүдэнд харагдаж байгаа нийтлэг жишгээр амжилтыг тодорхойлж болохгүй л гэж бодож байна.

-Таны хамгийн сайн хийж чадах зүйл юу вэ?

-Баг бүрдүүлэх. Хүн эхлээд өөртэйгөө ажиллах хэрэгтэй. Дараа нь баг бүрдүүлэх ёстой. Баггүй бол хэн ч биш. Ганц хүн айл болохгүй, ганц мод гал болохгүй шүү дээ.

-Маш их уурлахаараа яадаг вэ?

-Ном уншдаг.

-Марс гараг таны зорилго байсан уу, мөрөөдөл байсан уу?

-Мөрөөдөл байсан.

-Хэзээнээс судалж эхэлсэн бэ?

-Би 1989 онд зургаан настай байхаасаа эхэлж сансрын зураг зурдаг байсан. Олон зуун зураг зурсан даа. Дотор нэг мөрөөдөл л байгаад байсан. Интернэт хөгжсөн. Тэр үеэс эхэлж судалж, сонирхсон. Харин 2018 оны аравдугаар сараас яг төвлөрсөн л дөө. Аль болох материаллаг, механик биш мэдлэгт тулгуурласан салбарт орох ёстой гэдэг дүгнэлтэд дэлхий нийт хүрсэн. Хиймэл оюун ухаан, аялал жуулчлал гээд л. Баг бүрдүүлсэн, ажлаа хийгээд явж байна.

-Тодорхой мэдээллийг хүргэмээр санагдаж байна л даа. Өмнөговьд байгуулах сураг сонсогдсон. Яг юу хийж бүтээх вэ, үр дүнд нь юу амсах вэ?

-Марс гэхээр жирийн хүмүүс юу балайраад байгаа юм гэж хэлэх байх. Гэхдээ дэлхийн шинжлэх ухаан асар хурдтай хөгжиж байна. Шинэ гараг, эрхсийг нээхдээ биш одоо байгаа дэлхийн асуудал юм. Одоогоос 30 жилийн дараа дэлхийн хүн ам 9.8 тэрбум хүрэх төлөвтэй байна. Энд гурван том асуудал урган гарна. Ундны ус, эрчим хүч, хүнс тэжээлийн хомсдол бий болно. Харин 10-хан жилийн дараа Улаанбаатар хотын ундны усны хэрэглээ хоёр дахин нэмэгдэнэ. Үүнтэй адилхан дэлхий нийтийн нөөц багасаж байна. Энэ үед бага хэмжээний баялгаар их хүмүүсийг тэжээх вэ гэдэг эрсдэлийн өмнө зогсож байгаа юм. Энэ бол дэлхийг яаж хайрлах вэ гэдэгтэй холбоотой төсөл юм. Энэ бол технологийн маш том зах зээл нээгдэж байгаа юм. Бидэнд сансар гээд хол санагдаж байгаа юм шиг хэр нь өдөр тутамдаа сансрын технологийг хэрэглэж байна. Яг энэ үед Марс гэдэг дэлхийгээс 54.6 сая км хол байгаа нарыг 687 хоногт тойрдог, хүн оршин суух боломж нь бусад гарагаас арай ойрхон үүнийг яаж ашиглах вэ гэдэг өрсөлдөөн явагдаж байгаа юм. Энэ өрсөлдөөнөөс хойш суух нь амархан. Гэхдээ бид залуу үедээ итгэх ёстой. Энэ тохиолдолд дэлхий дээр 24 цөл байна. Хамгийн боломжтой нь Монгол Улсын говь. Энэ газруудад Марс гарагийн бэлтгэлийн баазыг байгуулах боломжтой гэж үзэж байгаа юм. Одоогоор зарлах болоогүй байна. Судалгааны түвшинд ажиллаж байна. Дэлхий дээр өөр ямар ч Монгол Улсын говийг орлох зүйл байхгүй. Энэ зах зээлээс хүртэх эрхтэй. Олон тулгуурт эдийн засгийн бодлогыг нэмэгдүүлж, хамтад нь эрүүл мэнд, боловсролын тогтолцоог босгох хэрэгтэй.

-Хамгийн давуу тал нь газар орны байгаль, хөрс шороо нь юм байна. Тэнд яг юу хийх гээд байгаа юм бэ?

-Маш олон газар бий. Үүнийг ганцаараа би яриад байгаа юм биш. Манай баг байна. Энэ багийн ажлыг ганцаараа ярих нь учир дутагдалтай. Би бол энэ багийн нэг хэсэг. Эцсийн эцэст энэ бол үйл хэрэг, хүн ганцхан л амьдарна. Жижиг төсөл биш. Монгол Улсад тэрбум ам.доллароос илүү баялаг бүтээх төсөл юм. Мэдээж мянган удаа үгүйсгэгдэнэ, ойлгож байна. Тэр бүхнийг давна. Гагцхүү Монгол хүний саруул ухаанд итгэж байна. Хоёрдугаарт, улсын иргэний хувьд зөндөө боловсрол эзэмшлээ. Улсынхаа хөгжилд хүчин зүтгэх болсон. Гуравдугаарт, дэлхийн иргэний хувьд Монгол Улс гуйлгачин ард түмэн байгаагүй. Энэ ард түмэнд зөв менежмент хэрэгтэй. Үүнийг шинэ үе бүтээнэ. Оюун санааны хувьсгал хийх цаг нь болсон. Тэр нь улс төрийн биш оюун санааны тавцанд хийх ёстой л гэж бодож байна.

-Таны сонсохыг хүсдэггүй, дургүй үг юу вэ?

-Магтаал, нялуун зан.

-Юунд хамгийн их суралцахыг хүсэж байна вэ?

-Технологи хөгжихийн хэрээр харилцаа хөгжөөд байдаг. Хүний хөгжлийг харахад технологийн хөгжил байдаг. Хиймэл оюун ухаанд тулгуурласан зүйл маш сайн хурдан суралцах ёстой. Ялангуяа залуу үе, дүү нараасаа суралцаж байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, технологийн боол болж болохгүй. Технологитой хөл нийлүүлж алхах юм.

-Таны айдаг зүйл юу вэ?

-Ганцаардал.

-Бидний амьдарч байгаа амьдралд өөрчлөх ёстой олон зүйл бий. Гэхдээ бид яг юунаас эхлэх ёстой гэж боддог вэ?

-Бид өөрсдөөсөө эхлэх ёстой. Хүн өвчин тусахаараа эмнэлэгт очиж шинжилгээ өгдөг. Түүнтэй адил манай нийгэм шинжилгээ өгөх хэрэгтэй болсон байна. Эзэн хичээвэл заяа хичээнэ. Улс хичээх юм бол тэр улс босоод ирнэ шүү дээ. Яг үүн шиг бид өөрсдийгөө харах болсон.

-Мөнгө гэж таныхаар юу вэ?

-Мөнгө гэдэг бол хүмүүсийн харилцааг тодорхой хэлбэрт оруулсан нэгж юм. Цаасан үнэт материал биш. Маш том агуулга явж байдаг. Мөнгийг 100 хувь үгүйсгэж болохгүй. Тухайн улсын чадавхыг илэрхийлж байдаг нэгж. Бүх зүйлийг мөнгөөр үнэлж болохгүй. Үнэлж болох, болохгүй зүйлийг ялгаж ойлгох хэрэгтэй.

-Амьдрал гэж юу вэ?

-Амьдрал бол аялал.

-Хэрэв та энэ амьдралд хүн болж төрөөгүй байсан бол юу байх байсан бол оо?

-Сонин асуулт байна. Намайг долоон настай байхад өвөө маань хонгор унага зүсэлж өгсөн юм. Олон ч наадам үзсэн дээ. Бид хоёрын хооронд сонин харьцаа байсан. Хоорондоо ойлголцдог. Шүгэлдэнгүүт ирдэг байхыг сургадаг байсан. Монголчууд адууны соёлтой ард түмэн. Юу болох байсан нь мэдэхгүй, гэхдээ морьтой их ойрхон.

-Таныг өөрөө өөрийнхөө хийж байгаа ажилд дун тавь гэвэл хэд тавих вэ?

-Өөртөө бол дунд зэргийн дүн тавина. Мөрөөдөж байгаа зүйлдээ бол өндөр үнэлгээ тавина шүү.

-Урилгыг маань хүлээж авч ярилцсанд баярлалаа.

-Та бүхэнд ч гэсэн баярлалаа.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ish chaavaas(202.21.116.26) 2020 оны 03 сарын 18

aaviinhaa tavisan zamaar yavj tord orj tasarhai bayajih gesen baidag l bandi

0  |  1
Top