ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 18

Өнөөдөр 2020.03.18. Энэ оны 77 дахь өдөр бол он дуусахад 289 хоног үлдээд байна. Монгол эх оронд маань нар 06 цаг 59 минутад мандлаа. 19 цаг 02 минутад жаргана.

Улаанбаатар хотод ялимгүй цастай. Өдөртөө -1 хэм, шөнөдөө -7 хэмийн хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Монгол Улсын Зэвсэгт хүчний өдөр. Гадаадын улс орнуудаас Арубад Төрийн далбааны өдөр бол Туркт Галлиполигийн дурсгалын өдөр, Сирид Багш нарын өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна.

Энэ өдөр Францын кино найруулагч Люк Бессон, Америкийн жүжигчин, Оскар, Алтан бөмбөрцөг, Грэммийн шагналт Айрин Кара, жүжигчин, модель, дуучин Ванесса Уильямс, гитарчин Жерри Кантрелл, Грэмми, Алтан бөмбөрцөгийн шагналт дуучин Куин Латифа, дуучин Адам Левайн, Бразилын жүжигчин Жованна Антонелли, Оросын уран гулгагч, олимпын аварга, дэлхийн дөрвөн удаагийн аварга Алексей Ягудин, Англи, Америкийн жүжигчин Лили Коллинс зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1921 оны энэ өдөр Ардын журамт цэрэг Зөвлөлтийн улаан армийн ангитай хамтаар Хиагтыг гамингаас чөлөөлөв. Д.Сүхбаатараар удирдуулсан Ардын цэрэг хүчээр хэд дахин давуу Хятадын гамин цэргийн хүчийг бут цохин Хиагтыг эзлэн авчээ. Журамт цэрэг дөрвөн хороотой бөгөөд хороо бүр 100 цэргийн зохион байгуулалттай байв. Цэргийн жанжнаар Д.Сүхбаатар, хороодын даргаар Б.Пунцаг, Ц.Хасбаатар, Ч.Базарсад, О.Цэрэндорж нарыг томилжээ.

1963 - БНХАУ-ын Засгийн газрын гадаад худалдааны төлөөлөгчид болон БНМАУ-ын Засгийн газрын гадаад худалдааны төлөөлөгчид хоёр улсын Засгийн газрын 1963 оны харилцан бараа нийлүүлэх тухай протоколд гарын үсэг зурав. Протоколд Хятадаас Монголд торго дурдан, машины сэлбэг хэрэгсэл, химийн түүхий эд болон өргөн хэрэглээний бараа зэргийг, Монголоос Хятадад адуу, шар тос, өлөн болон төрөл бүрийн арьс зэрэг бүтээгдэхүүн нийлүүлэхээр тогтов.

2010 - Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах тухай зөвлөмж, тэмдэглэл гаргажээ.

2013 - Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Загдсүрэнгийн Болдбаатарт Хошууч генерал, Монгол Улсын Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа Баянмөнхийн Билэгт, Монгол Улсын Хил хамгаалах ерөнхий газрын дарга, хилийн цэргийн командлагч, хурандаа Шархүүгийн Лхачинжав нарт Бригадын генерал цолыг тус тус хүртээв.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1921 оны энэ өдөр Польш, ЗХУ-ын хооронд хоёр дахь удаагаа энхийн гэрээ байгуулжээ.

1937 - Испанийн бүгд найрамдах арми италичуудын цэргийн хүчийг бут ниргэв.

1959 - Хавайг захирах гэрээнд гарын үсэг зуржээ.

Энэ өдөр үс засуулбал өвчин эмгэг ирнэ гэж дорнын зурхайд өгүүлжээ. Өнөөдөр хулгана, луу жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнүүд аливаа үйлд хянамгай хандаарай. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой.

Энэ өдөр эм, эмнэлгийн үйл, сан тавиулах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Харин хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход таагүй. Хол газар явах бол зүүн урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажил үйлст тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top