КОВИД-19: Халдвартай холбогдох мэдээллийг 119 утсаар аваарай

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 18

-Сүүлийн үед 119 утсанд тусгай үүргийн онгоцоор ирж байгаа хүмүүсийн талаар мэдээлэл авах болон вирусний илрэх шинж тэмдэг, талархлын дуудлагууд зонхилжээ-

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд байрлах шинэ коронавируст халдвартай холбоотой зөвлөгөө, мэдээлэл олгох 119 утасны лавлагаа, мэдээллийн төвийн үйл ажиллагааг шууд дамжуулан хүргэлээ. Уг дуудлага хүлээн авах утас нь үнэ төлбөргүй бөгөөд шинэ төрлийн халдвараас гадна эрүүл мэндийн салбарын үйлчилгээтэй холбоотой мэдээллийг иргэдэд 24 цагийн турш хүргэж байна. Түүнчлэн 8008-6829 утсаар ХӨСҮТ-ээс, 323002 утсаар ЭМЯ-тай холбогдож мэдээлэл авах боломжтой. Бүх аймгийн Эрүүл мэндийн төв, нийслэлийн дүүргүүдийн Эрүүл мэндийн төвүүдэд ч гэсэн утсаар зөвлөгөө, мэдээллийг иргэдэд хүргэж байгааг дуулгая. Өдрийн 13:20 цагийн байдлаар 119 утасны лавлагаа, мэдээллийн төвд нөхцөл байдал ямар байгааг НЭМҮТ-ийн захирал Д.Нарантуяагаас тодруулахад “Өглөөнөөс хойш 108 дуудлага хүлээн авлаа. Эрүүл мэндийн сайдын санаачилгаар анх 119 утасыг гаргаж байх үед зөвлөгөө, мэдээлэл авахаар эхний өдөр гэхэд 992 дуудлага хүлээн авч байлаа. Энэ үетэй харьцуулахад одоо иргэд харьцангуй мэдээлэлтэй болжээ. Сүүлийн үед утсаар авч байгаа зөвлөгөөнүүд гэвэл тусгай үүргийн онгоцоор гадаадаас иргэдээ авч байгаатай холбоотой асуултууд зонхилж байна. Дараа нь хэрвээ шинж тэмдэг илэрвэл хаашаа хандах вэ гэх зэрэг шинж тэмдэгтэй холбоотой асуултууд эзэлж байна. Гуравдугаарт, талархалын дуудлагууд орж ирж байна. Ялангуяа эрүүл мэндийн салбарынханд хандаж “Эрүүл мэндээ анхаараарай” гэж санаа тавьсан, хийж байгаа ажлуудад нь талархсан дуудлага ирж байна” хэмээлээ.

Тус 119 утасны мэдээллийн төвд Харилцаа, холбооны зохицуулах газраас зөвшөөрөгдсөн 10 шугам ажиллаж, түргэн тусламжийн 103 утастай шууд холбогдох боломжтой гэдгээрээ онцлог юм.

Ингэснээр түргэн тусламжийн утсанд ирэх КОВИД-19 вирусний халдвартай холбоотой дуудлагын ачааллыг эрс хөнгөлж, яаралтай дуудлагууд болох даралт ихсэх, зүрх, төрөлтийн дуудлага зэргийн ачааллыг хуваарилах боломжийг давхар олгож байгаа гэнэ. Иргэдэд мэдээлэл өгч байгаа операторууд нь эрдэм шинжилгээний ажилтан, судлаач, эрдэмтэн, их эмч нараас бүрдсэн баг тул нотолгоонд суурилсан, ЭМЯ, ДЭМБ-аас чиглэл авсан мэдээлэл зөвлөгөөг хүргэсээр байна.

Энэ үеэр 119 утасны оператор хийж байгаа НЭМҮТ-ийн эрдэм шинжилгээний ажилтан О.Оюун-Эрдэнээс ямар зөвлөгөө өгч байгааг нь асуулаа.

Түүнтэй Швейцар улсаас шинэ коронавирусний халдвар авсан хүнтэй нэгдүгээр хавьтал болсон хүн холбогдсон байлаа. Тухайн холбогдсон хүн нь Швейцар улсад сувилагч хийдэг. Эмнэлэгт ажиллаж байхдаа КОВИД-19 вирусний халдвартай хүнтэй ойрхон байгаад шинжилгээ өгсөн. Гэтэл одоогоор шинж тэмдэг илэрвэл яах талаар зөвлөгөөг Швейцарт аваагүй тул 119 утас руу холбогдсон байна.

Оператор ийнхүү зөвлөсөн юм. “Хамгийн түрүүнд өөрийгөө тусгаарлаарай. Өдрийн гурван удаа халуунаа хэмжиж, гэртээ тусдаа өрөөнд байх хэрэгтэй. Гэр бүлийн гишүүдтэйгээ ойр байж болохгүй. Амны хаалт хэрэглээрэй. Аяга, таваг, ариун цэврийн хэрэглэл гээд хэрэглэж байгаа зүйлсээ гэр бүлийн гишүүдээс тусдаа байлгаарай. Ам зайлах заавруудыг дагаарай. Ингэхдээ гарын доорх материалуудаа ашиглаж болно. Жишээлбэл, содтой уусмалаар амаа зайлаарай. 100 грамм бүлээн усанд нэг халбага сод хийгээд, нэг минут орчим байлгаж уусгаад өдрийн гурван удаа хоолойгоо зайлаарай. Өдрийн гурван удаа халуунаа хэмжихэд дандаа 37-гоос дээш хэмд хүрвэл харьяа эмнэлэгтээ хандаарай. Гэртээ ариутгал хийх талаар мэдээллийг авч болно. НЭМҮТ болон ЭМЯ гэсэн фэйсбүүкийн хуудаснаас хэрэгтэй зөвлөмжүүдээ авах боломжтой. Амны хаалтаа тогтмол зүүж, гараа байнга угааж, өөрийгөө тусгаарлахаа заавал хэвшүүлээрэй. Халуун бүлээн шингэн зүйл сайн уугаарай. С, Д витамины агууламжтай лимонтой ус зэргийг ууж болно. Байцаатай, броколлитой хүнсний бүтээгдэхүүн хэрэглээрэй. Танд өөр асуух асуулт байвал 119 утас руу дахин холбогдоорой” гэж хариуллаа.

Ийнхүү 119 утас руу зөвхөн Монгол Улсад байгаа иргэд гэлтгүй, гадаад улсад ажиллаж амьдрах монголчууд холбогдож зөвлөгөө, мэдээлэл авч болох аж.

Гараа угаах, амны хаалт зүүх, дасгал хөдөлгөөн хийх, зөв хооллох хэвшлийг сайтар хэрэгжүүлж байгаа учраас зарим халдварт өвчний тархалт Монгол Улсад буурсан билээ. Цаашдаа 119 утсанд хүлээн авсан мэдээллийг эрэмбэлэн ялгаж, улам илүү хэрэгцээтэй, хүртээмжтэй байдлаар ашиглахаар холбогдох мэргэжилтнүүд ажилласаар байгаа нь энэ.

Top