ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 17

Өнөөдөр 2020.03.17. Энэ оны 76 дахь өдөр бол он дуусахад 290 хоног үлдээд байна. Монгол эх оронд маань нар 07 цаг 01 минутад мандлаа. 19 цаг 00 минутад жаргана.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Өдөртөө 7 хэм, шөнөдөө -6 хэмийн хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Бангладешт Хүүхдийн өдөр бол Ирландад Гэгээн Патрикийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна.

Энэ өдөр Италийн хөл бөмбөгч, дасгалжуулагч Жованни Трапаттони, жүжигчин, дуучин Сидни Ром, Канадын дуучин, жүжигчин Даниэль Лавуа, Францын жүжигчин Бернар Фарси, Америкийн жүжигчин, продюсер Курт Рассел, Оросын уран гулгагч Анастасия Мартюшева, Америкийн усанд сэлэгч, олимпын таван удаагийн аварга Кэти Ледеки зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1958 оны энэ өдөр МАХН-ын 13 дугаар их хурал нээгдэв. 617 төлөөлөгч, 13 орны засгийн газрын төлөөлөгчид оролцсон энэхүү их хурлаар 1958-1960 онд хөгжүүлэх гурван жилийн төлөвлөгөөний удирдамжийг баталж, нэгдэлжүүлэх, атар газар эзэмших зорилт тавьжээ.

1970 - МАХН-ын Төв хорооны тогтоолоор хувьсгалчдын нууц хоёр бүлгэм нэгдэн зургаадугаар сарын 25-ны өдрийг Монголын хувьсгалчдын өдөр болгохоор тогтоол гаргав.

2003 - Монгол Улс Эдийн засгийн онцгой бүс нутгийг байгуулах Хятад улсын туршлагыг судлан, чөлөөт бүс байгуулах ажлыг хурдацтай хэрэгжүүлж эхэлжээ.

2011 - Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж иргэдийг хүн худалдаалах гэмт хэрэгт өртөхөөс хамгаалах тухай зөвлөмж гаргав.

2014 - Нийслэлийн Засаг даргын захирамжаар Нийслэлийн мал хамгаалах санг байгуулжээ.

Мөн энэ өдөр Японы мэргэжлийн сүмо бөхийн Харү башёгийн ес дэх өдөр Их аварга Хакүхо М.Даваажаргал 1000 дахь барилдаанаа хийж, өрсөлдөгч Тотиозаныг яллаа.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 92 дугаар зарлигийг хүлээн авах болон “Оюутан цэрэг” хөтөлбөрийн нээлтийн ёслолын ажиллагаа болжээ.

Энэ өдөр үс засуулбал эд эдлэл, идээ ундаа олдоно гэж дорнын зурхайд өгүүлжээ. Өнөөдөр гахай, туулай жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бич, тахиа жилтнүүд аливаа үйлд хянамгай хандаарай. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай.

Энэ өдөр ан гөрөө хийх, мал, адгуус муулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал худалдаж авах, мал түгээх, сахил санваар авах, хануур төөнүүр хийлгэх, хойморийн дарцаг хатгахад таатай. Харин эрдэнийг гадагш өгөх, уул, овоо тахихад таагүй. Хол газар явах бол урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажил үйлст тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top