ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 16

Өнөөдөр 2020.03.16. Энэ оны 75 дахь өдөр бол он дуусахад 291 хоног үлдээд байна. Монгол эх оронд маань нар 07 цаг 03 минутад мандлаа. 18 цаг 59 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө 4 хэм, шөнөдөө -8 хэмийн хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Литвад Номын хулгайтай тэмцэх өдөр бол Латвид Латвийн легионы өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна.

Энэ өдөр Бразилын хөл бөмбөгч, дасгалжуулагч Марио Загалло, армян гаралтай Америкийн эмч, физикч, соронзон резонансын томографыг зохион бүтээгч Реймонд Ваган Дамадьян, Оросын жүжигчин, дуучин Екатерина Волкова, Хятадын шатарчин, дэлхийн аварга Жу Чэнь, НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга, Норвегийн Ерөнхий сайд Йенс Столтенберг, Германы хөл бөмбөгч Патрик Херрманн, Америкийн сагсан бөмбөгч Блейк Гриффин, Английн хөл бөмбөгч Тео Уолкотт зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1964 оны энэ өдөр БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Жоу Эньлай БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Ю.Цэдэнбалд цахилгаан илгээж, БНМАУ-д тохиолдсон зудын хүнд гамшгийн улмаас мал сүйдэж,  эд материалын хүнд гарз хохирол учирсан явдалд гүн эмгэнэл илэрхийлэв. БНХАУ-ын Засгийн газраас БНМАУ-д байгалийн гамшиг учирсанд зориулан 200 мянган юанийн эд материал болон 10 мянган тонн эрдэнэ шишийн тэжээл нийлүүлжээ.

2000 оны энэ өдөр Үндсэн хуулийн Цэцийн хурлаар үндсэн хуулинд оруулсан нэмэлт өөрчлөлт нь хууль зөрчсөн болохыг тогтоосон дүгнэлт гаргажээ.

2010 оны энэ өдөр УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэв.

2013 оны энэ өдөр Засгийн газрын хуралдаанаас Н.Тэгшбаярыг Цөмийн энергийн газрын даргаар, Ц.Жадамбааг Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын даргаар, И.Нарантуяаг Хүүхдийн төлөө үндэсний газрын даргаар, А.Хүрэлшагайг Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргаар, С.Буяндалайг Иргэний нисэхийн ерөнхий газрын даргаар, Г.Өлзийбүрэнг Газрын тосны газрын даргаар тус тус томилов.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1979 оны энэ өдөр Хятадын Ардын чөлөөлөх арми Вьетнамын хилийг давж эх нутаг руугаа буцжээ. Ингэснээр Вьетнам-Хятадын дайн дуусжээ.

2014 оны энэ өдөр Украины Крымийн хойг бүх нийтийн санал хураалтаар ОХУ-ын бүрэлдэхүүнд оров.

Энэ өдөр үс засуулбал идээ ундаа элбэг олдоно гэж дорнын зурхайд өгүүлжээ. Өнөөдөр бар, нохой жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа юм.

Энэ өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Харин гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийхэд таагүй. Хол газар явах бол хойд зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажил үйлст тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top