Ельцинд олдоогүй боломжийг Путинд өгөх үү!

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 15

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Үндсэн хуулийн цэцээс Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг тэглэж, Путинд төрийн тэргүүний албан тушаалд дахинд өрсөлдөх эрх олгосон нэмэлт өөрчлөлтийг Үндсэн хуульдаа оруулж болох талаар асуулга тавихыг санал болгожээ. 1998 онд Үндсэн хуулийн цэц Борис Ельцинийг гурав дахь удаагаа сонгох ийм хувилбарын эсрэг байр суурь илэрхийлж байв.

Владимир Путин Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг тэглэх тухай ОХУ-ын Төрийн думаас дэвшүүлсэн саналыг нэг болзолтойгоор хүлээн зөвшөөрсөн. Тэр нь ОХУ-ын Үндсэн хуулийн цэц (ҮХЦ) дэмжсэн тохиолдолд. Өнгөрсөн даваа гарагт Валентина Терешкова гишүүний өргөн барьсан нэмэлт өөрчлөлтөд ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг тэглэх асуудлыг тусгасан бөгөөд баталсан тохиолдолд энэхүү хугацааг хязгаарласан тус улсын Үндсэн хуулийн 81-р зүйлийн гурав дахь хэсэгт өөрчлөлт орсноор хэрэгжиж эхлэх юм. Өдгөө эл зүйл заалт нэг хүнд ОХУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаалыг бүрэн эрхийн хоёроос илүүгүй хугацаанд дараалан хашихыг хориглодог. Хэрэв бүх Оросын санал асуулгаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг дэмжвэл “дараалан” гэдэг үгийг хасаж, ерөнхийлөгчөөр зөвхөн хоёр удаа сонгогдох эрхтэй болох юм. Гэвч Терешкова гишүүний санал болгож буй нэмэлт өөрчлөлтөөр Путин ерөнхийлөгчийн төрийн тэргүүний албыг хашсан хугацааг хүчингүй болгох аж. Тиймээс одоогийн төрийн тэргүүн энэ албан тушаалд дахин өрсөлдөх эрхтэй болж байгаа бөгөөд бүрэн эрхийн хугацааг шинээр тоолж эхлэх юм. Түүнчлэн, хэрэв хууль тогтоогч Үндсэн хуулийн 81-р зүйлийн гурав дахь хэсгийг дахин өөрчлөх аваас, жишээ нь бүрэн эрхийг хугацааг нэмэгдүүлэх эсвэл богиносгох тохиолдолд одоогийн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа ахин тэглэх боломжтой болох гэнэ.

ҮХЦ гурав дахь хугацааны талаар Борис Ельцинд юу хэлэв

Терешковагийн санал болгож, Төрийн думын дэмжсэн механизм 1998 онд ҮХЦ Борис Ельцин 2000 ерөнхийлөгчийн сонгуульд гурав дахь удаагаа нэр дэвших эрхтэй эсэх асуудлыг хэлэлцэж байхдаа Үндсэн хуулийн дээрх зүйл заалтыг тайлбарласан тайлбартай шууд зөрчилдөж байна. Тухайн үед 1993 оны Үндсэн хууль батлагдаагүй байхад буюу 1991 онд Ельциний сонгогдож байсан бүрэн эрхийн хугацааг тооцохгүй байхыг санал болгож байжээ. Хэдийгээр түүнийг гурав дахь удаа сонгох асуудал шинэ Үндсэн хууль батлагдаж, Орос улсын нэр ОХУ болж өөрчлөгдсөнтэй холбогдуулан тавигдаж байсан ч ҮХЦ Борис Ельциний бүрэн эрхийн хугацааг сунгахын эсрэг байр суурь баримталж байсан Төрийн думын асуулгыг дэмжиж, Ельциний анхны хугацааг тэглэхийг эсэргүүцсэн байна. “1996 онд тухайн үеийн ОХУ-ын Ерөнхийлөгчийг сонгож байхдаа сонгогчид түүнийг хоёр дахь удаа дахин сонгож байна гэсэн үзэл бодолтой байсан” гэж ҮХЦ тайлбарлаж байжээ.

Үндсэн хуулийн 81-р зүйлийн гурав дахь хэсэгт заасан нэг хүний төрийн тэргүүний албыг хаших хугацаа одоогийн Үндсэн хуулийн хүчинтэй байх хугацаанд хамаарна гэх тайлбарыг ҮХЦ тухайн үед ард түмний сонгуулиар илэрхийлсэн хүсэл зоригтой зөрчилдөж байна гэж үзсэн байдаг. Ерөнхийлөгч Ельцин өөрөө Үндсэн хуулийн баталгааны хувьд 2000 оны ээлжит сонгуулиар төрийн тэргүүний албан тушаалын төлөө дахин өрсөлдөхгүй гэж удаа дараа олны өмнө мэдэгдэж, дахин нэр дэвшихийн тулд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах санаа байхгүй гэж байв. Мөн ийм байр суурийг Владимир Путин нэг бус удаа илэрхийлж байсан.

Ельциний гурав дахь бүрэн эрхийн хугацааны талаарх асуулгыг албан ёсоор “Яблоко” намын гишүүд санаачилсан ч “Коммерсант” сонинд бичсэнээр, асуулгыг Кремльд бэлтгэн боловсруулж, ҮХЦ үүнийг айдастай хүлээн авч, танилцуулснаас хойш наймын сарын дараа авч хэлэлцсэн аж. “Заримд нь төрийн хувь заяаг шийдэж буй нь маш их таалагддаг байсан. Гэхдээ энэ л зүйл биднийг устгана” гэж “Коммерсант” сонинд ҮХЦ-ийн шүүгчдийн нэг ярьж байв. Эцсийн дүнд Б.Ельцин ерөнхийлөгчийн албан тушаалд гурав дахь удаагаа нэр дэвших боломжгүй гэсэн шийдвэр гарч байв. Гэхдээ энэ шийдвэр Ельцин дахин өрсөлдөх бодолгүй байгаа нь тодорхой болсон үед гарсан. “ҮХЦ-ийн  1998 оны шийдвэрт Үндсэн хуулийн 81-р зүйлийн гурав дахь хэсгийг тайлбарлахад тодорхойгүй зүйл алга байна. Энэ заалт эцсийн бөгөөд холбооны эрх барих бүх байгууллагууд биелүүлэх үүрэгтэй” гэж заажээ. 1998 онд энэ шийдвэрийг батлахад ҮХЦ-ийн 15 гишүүний зургаа нь оролцсон байна. Тэдний дунд ҮХЦ-ийн одоогийн дарга Валерий Зорькин ч мөн байв.

1998 онд ҮХЦ-д ерөнхийлөгч Ельцинийг төлөөлж байсан Михаил Митюков ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг хүчингүй болгох талаар энэ удаагийн асуудалд тайлбар өгөхөөс татгалзсан байна.

ҮХЦ Путины гурав дахь бүрэн эрхийн хугацааг хэрхэн шийдэх бол

Үндсэн хуулийн цэц Владимир Путины 2024 онд ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхийг дэмжихийг баталгаажуулсан тусгай процедур Төрийн думын баталсан Үндсэн хууль оруулах нэмэлт өөрчлөлтөд заагаагүй байна. Өөрөөр хэлбэл, ҮХЦ ерөнхийлөгчийн асуулгын дагуу нэмэлт өөрчлөлтийн агуулга Үндсэн хуулийн холбогдох заалтуудтай нийцэж буй эсэхийг шалгана гэсэн үг.

Бүрэн эрхийн хугацааг тэглэх эрх зүйн үндэслэл байхгүй. Үндсэн хуулийн 81-р зүйлийн гурав дахь хэсэгт ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг хязгаарласан зорилго, утга учир нь нэг хүнд төрийн эрхийг хэт удаан хугацаанд барихыг хориглоход оршдог. Учир нь энэ нь албан тушаалаа урвуулан ашиглах эрсдэлийг нэмэгдүүлдэг гэж Үндсэн хуулийн эрх зүйн шинжээч Илья Шаблинский үзэж байна. Энэ талаар ҮХЦ нэг бус удаа ярьж байсан гэж тэрбээр онцолжээ. Мөн ҮХЦ энэ болон бусад нэмэлт өөрчлөлтийг үнэлж, дүгнэнэ гэсэн процедур байдаггүйг хуульч сануулж байна. Гэхдээ ҮХЦ энэ болон бусад нэмэлт өөрчлөлтийг дэмжихгүй гэсэн найдвар бараг үгүй гэж тэрбээр үзэж байна. Түүнтэй нэрээ нууцлахыг хүссэн үндсэн хуулийн эрх зүйгээр мэргэшсэн өөр нэгэн шинжээч санал нэг байна. Үүсээд буй нөхцөл байдлыг хэлэлцэх нь учир утгагүй. Түүний хэлснээр, ҮХЦ үүнээс ч өмнө өөрийн байр суурийг өөрчилж байжээ. Тухайлбал, амбан захирагчийн сонгуулийн талаар ОХУ-ын ҮХЦ өмнө нь баримталж байснаас тэс өөр байр суурийг илэрхийлж байжээ. Үүнтэй адил ҮХЦ Путин Ерөнхийлөгчийн гурав дахь бүрэн эрхийн хугацааны талаар өөр байр суурь илэрхийлнэ гэдэгт шинжээч эргэлзэхгүй байна.

Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн дагуу ҮХЦ бусад нэмэлт өөрчлөлтийн агуулгыг Үндсэн хуулийн 1,2 болон 9-р зүйлтэй нийцэж буй эсэхийг шалгах болно. Тиймээс ҮХЦ Үндсэн хуулийн 81-р зүйлийг тайлбарлаж байсан өөрийн эрх зүйн байр суурийг санахгүй ч байж болзошгүй гэж 1995-2007 онд Төрийн думын Үндсэн хуулийн хорооны гишүүн асан, Оросын өмгөөлөгчдийн холбооны дэд ерөнхийлөгч Сергей Попов мөн үзэж байна. Одоо Валентина Терешковаг хүмүүс анхны эмэгтэй сансрын нисэгчийн хувиар бус бүрэн эрхийн хугацааг тэглэх тухай нэмэлт өөрчлөлтийн санаачлагчийн хувиар дурсах болно гэж тэрбээр ярьжээ.

ОХУ-ын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн дагуу ҮХЦ-ийн бүрэлдэхүүнийг цомхтгож, 2021 оноос хойш 11 шүүгчийн бүрэлдэхүүнтэй ажиллах юм.


 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top