М.Батмагнай: Байгууллага бүрийн ХАБЭА-н ажилтан мэргэших ёстой

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 14

Монгол Улсад ХАБЭА-н сургалтын үйл ажиллагаа явуулах эрхтэй нийт 124 сургалтын байгууллага байдгаас 80 хувь нь Улаанбаатар хотод, 20 хувь нь хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулдаг байна. Эдгээр сургалтын байгууллагад давхардсан тоогоор жилд дунджаар 80 мянга орчим хүн суралцдаг аж. Тиймээс хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сургалтын үйл ажиллагаа болон холбогдох журмын өөрчлөлтийн талаар Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн төвийн Сургалт судалгаа мэдээлэл, хамтын ажиллагааны газрын дарга М.Батмагнайгаас тодрууллаа.


-Сургалтын гэрчилгээг нэг загварт оруулж бүртгэлжүүлж, төрлөөс шалтгаалж багадаа 14 хоногт гаргадаг байна-

-Эрүүл, аюулгүй байдал хамгийн чухлаар үнэлэгдэх салбарын нэг бол барилга. Энэ чиглэлээрх уралдааныг жил болгон зохион байгуулж байгаа. 2020 оны хувьд онцлог юу байна вэ?

-Эрүүл, аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага шалгаруулах болзолт уралдааныг уламжлал болгон явуулаад энэ жил 10 дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Уралдааны зорилго нь  үйлдвэрлэлийн орчин, ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулахад чиглэсэн. Мөн ажилтныг үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин болон бусад эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэхэд ач холбогдолтой. Энэ чиглэлээр аж ахуйн нэгж, байгууллагаас явуулж байгаа үйл ажиллагаа, санаачлагыг дэмжиж урамшуулах, олон нийтэд хүртээл болгох, аюулгүй ажиллагааг соёл болгон хэвшүүлж төлөвшүүлэх, сайн туршлагыг дэлгэрүүлэх олон давуу талтай. Уламжлал болж хэвшсэн учраас уралдаанд оролцогч байгууллагууд нэгнийхээ шинэ санаа, сайн туршлагаас суралцаж байгаа нь ажлын үр дүнд сайнаар нөлөөлж байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн зүгээс уралдаанд оролцож шалгарсан аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаа, тэргүүн туршлагыг бусдад түгээх, сурталчлах ажлыг үе шаттайгаар зохион байгуулж үйл ажиллагааг дэмжин урамшуулдаг. Хөдөлмөр нийгмийн хамгааллын  сайдын тушаалаар шинэчлэгдсэн журам батлагдсан. Үүний дагуу тус уралдааныг тухайн оны төгсгөлд шалгаруулдаг байсан бол энэ жилээс эхлэн жил бүрийн дөрөвдүгээр сард зохион байгуулахаар болж байна. Уул уурхайн олборлолтын салбар, барилгын салбар, эрчим хүчний салбар, зам тээврийн салбар, төрийн болон үйлчилгээний салбар гэх мэтээр салбар салбараас шилдгүүдийг шалгаруулдаг.

-Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын журамд шинэчлэл орсон гэсэн. Журмын тухай болоод шинэчлэлийн талаар иргэд, аж ахуйн нэгжид тайлбар өгнө үү?

-2019 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр ХНХС-ын А/370 дугаар тушаалаар “ХАБЭА-н сургалт явуулах, шалгалт авах журам” шинэчлэгдэн батлагдсан. Өмнө нь ХАБЭА-н сургалтын бие даасан есөн төрөл байсан бол одоо бие даасан долоон төрлөөр сургалт явуулахаар шинэчлэгдсэн. Харахад тооны хувьд цөөрсөн мэт боловч ажлын байр, салбарын онцлог зэргийг харгалзан нэлээд нарийвчилж өгсөн байгаа. Дэд төрлүүдийг нь нийлүүлээд харах юм бол нийт 24 төрлийн сургалтын төрлөөс ХАБЭА-н сургалтын байгууллагууд сонголт хийж сургалт явуулна гэсэн үг. Энэхүү журмаар мөн ХАБЭА-н сургагч багшийн асуудлыг шийдвэрлэж өгсөн.

-Тэгвэл сургалт зохион байгуулах эрх яаж авдаг вэ?

-Энд би нэг зүйлийг тайлбарлаж хэлмээр байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн төв нь ХАБЭА-н сургалт зохион байгуулах бүртгэлийн гэрчилгээ олгодог. Тэгэхээр сургалтын эрх биш гэрчилгээ гэж ярих нь зүйтэй. Журамд заасан төрлүүдээс өөрийн байгууллагын чадамж, онцлогт нийцүүлэн сонголт хийн хүсэлтээ манай төвд ирүүлнэ. Хүсэлт ирүүлэхдээ журамд заасан материалуудаа бүрдүүлнэ. Бид эхний ээлжид хүсэлтэд тусгасан төрөлд ирүүлсэн материалууд нь хэр нийцэж байгаад үзлэг шалгалт хийдэг. Дараа нь бүрдүүлсэн бичиг баримт, материал шаардлага хангаж байвал тухайн байгууллагын үйл ажиллагаатай танилцах бодит үзлэгийг зохион байгуулдаг. Үзлэг зохион байгуулахдаа ажлын хэсэг гаргаж, төлөвлөгөө хуваарийн дагуу ажилладаг. Одоо шинэчлэгдсэн журмын дагуу ХАБЭА-н сургалтын төрлөөс хамаарч гэрчилгээ олгох хугацаа харилцан адилгүй болсон. Жишээлбэл, ажил олгогч эздэд зориулсан, нийт ажилтанд зориулсан эсвэл тусгай хөтөлбөрөөр сургалт явуулах гэж байгаа бол гэрчилгээг ажлын 14 хоногт олгоно. Харин бусад төрлөөр гэрчилгээ авах тохиолдолд хүлээгдэх тал бий. Учир нь ХАБЭА-н Үндэсний хорооны хурлаар гэрчилгээ олгох эсэхийг шийдвэрлэдэг.

-ХАБЭА-н сургалтыг мэргэжлийн байгууллагууд, мэргэшсэн хүний нөөцтэй явуулах үүрэгтэй. Сургалтын чанар болон хүртээмжийн талаар тодруулбал?

-2016 онд ХАБЭА-н сургалт болон сургалтын байгууллагуудтай холбоотой асуудал манай байгууллагын чиг үүрэгт шинээр нэмэгдсэн. Энэ үеэс сургалтын байгууллага, сургалтын чанар, хүртээмж, төгсөгчид, багшлах хүний нөөцийг чадавхижуулах зэрэг олон асуудалд анхаарах шаардлагатай болсон. Түүнчлэн ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтныг мэргэшүүлэх сургалтад хамрагдсан иргэдийн сертификатад баталгаажилт хийж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, ХАБЭА-н ажилтнаар ажиллах иргэдийн мэргэшүүлэх сургалтад хамрагдсан тухай нотлох баримтыг нэг загвараар олгодог болсон. Ингэснээр тухайн ажлын байранд ажиллах иргэдийн мэдээллийн санг бүрдүүлж эхэлсэн. Өнөөгийн байдлаар 2016 оны есдүгээр сараас хойш ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтныг мэргэшүүлэх сургалтад хамрагдсан 10 мянга орчим иргэний мэдээлэл бүртгэлтэй байна. Харин бусад төрлөөр сургалт явуулах тохиолдолд төгсөгчдөд олгох сертификатыг сургалтын төв өөрсдөө загвар дизайныг нь батлан олгодог. Сургалтын төвүүд улирал бүрийн төгсгөлд сургалтын төрөл нэг бүрээр тайлан гаргаж ирүүлэх үүрэгтэй. Монгол Улсад ХАБЭА-н сургалтын үйл ажиллагаа явуулах эрхтэй нийт 124 сургалтын байгууллага байна. Эдгээрийн 80 хувь нь Улаанбаатар хотод байгаа бол 20 хувь нь хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулдаг. Жилд дунджаар давхардсан тоогоор 80 мянга орчим хүнд ХАБЭА-н сургалт зохион байгуулж байгаа нь нийт ажиллагсдын тоотой харьцуулахад маш бага үзүүлэлт юм. Тиймээс ХАБЭА-н сургалтын үйл ажиллагаа, чанар, хүртээмжийг сайжруулах, зарим төрөл чиглэлд нь илүүтэй анхаарах шаардлага зүй ёсоор тулгарч байна.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top