Франц, Италид “СOVID-19”-ийн халдвар газар авсаар байна

2020 оны 03 сарын 13

Дэлхий нийтийг цочроосон шинэ төрлийн коронавирусний халдвар дэлхийн 120 гаруй улсад бүртгэгдээд байна. Энэхүү вирусний халдварын тархалт хамгийн ойрдоо ирэх зургаадугаар сарыг хүртэл үргэлжилнэ гэж Хятадын эрдэмтэд дүгнэж байгаа бол АНУ, Өмнөд Солонгос, Японы эрдэмтэд “СOVID-19”-ийн халдварын оргил үе нь зургаа болон долоодугаар сар гэсэн дүгнэлтэд хүрсэн юм. Коронавирусний халдвар дэлхий дахинд хэрхэн тархаж байгаа, хаана, хаана бүртгэгдэж байгаа талаарх мэдээллийг хүргэе.

Турк, Болгар, Боливд коронавирусний анхны тохиолдол илрэв

Вирусний халдвары нэг ч тохиолдол бүртгэгдээгүй байсан Турк улсад энэ сарын 10-11-нд шилжих шөнө шинэ төрлийн коронавирусний анхны тохиолдол илэрчээ. Тус улсын Эрүүл мэндийн яамны сайд Фахреттин Коджагийн мэдээлснээр халдвар авсан иргэн турк хүн бөгөөд Европ руу яваад ирэхдээ коронавирусний халдвараар өвчилжээ. Туркийн “NTV” телевизийн мэдээлснээр өвчтөний биеийн байдал сайн байгаа аж. Туркээс өмнө Болгарт “СOVID-19”-ийн халдвар бүртгэгдсэн билээ. Ихэнх улсад Европ руу яваад ирсэн иргэдээс коронавирусний халдвар илэрч байгаа юм. Болив улсад өчигдөр өглөө “COVID-19”-ийн анхны тохиолдол бүртгэгджээ. Тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр хоёр иргэн халдвар авсан байна. Боливын Эрүүл мэндийн сайд, доктор Анибаль Крус “Коронавирусний халдвар Оруро болон Санта-Крусд илэрсэн” гэж мэдэгдэв. Хоёр өвчтөн 60-аас дээш насных бөгөөд Итали руу яваад ирсэн байжээ. Тэдний биеийн байдал хэвийн байгаа гэнэ.

Өмнөд Солонгост халдварласан иргэдийн тоо 7755 болов

Өмнөд Солонгост “COVID-19”-өөр халдварласан хүмүүсийн тоо 7755 болсон талаар тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Нэг шөнийн дотор 242 шинэ тохиолдол бүртгэгджээ. Өмнөд Солонгост коронавирусний халдварын улмаас амиа алдсан хүний тоо 60 болжээ. Дэгү хотын Шинчонжи сүмээс гадна Сөүл хотын Гүру дүүргийн Шиндурим гэх газарт халдварын тохиолдол олноор илэрч байгаа юм. Шиндурим хорооны нэгэн даатгалын компанийн Утасны дуудлагын төвийн ажилтан халдвар авч, хоёр хоногийн дотор 73 тохиолдол бүртгэгджээ.

Францад халдварын тархалт хурдацтай өслөө

Францад “COVID-19”-өөр халдварласан хүний тоо өчигдрийн байдлаар 2281 боллоо. Халдварын улмаас нас барсан хүний тоо уржигдарынхаас 10 гаруйгаар нэмэгдэж, 48 болжээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага шинэ төрлийн коронавирусний халдварыг дэлхий нийтийг хамарсан цар тахал гэж зарласан юм. Улс орнууд цар тахалтай тэмцэх арга хэмжээг авсаар байна. Хойд хөрш ОХУ энэ сарын 13-наас Франц, Итали, Испани болон Герман улстай агаарын харилцаагаа зогсоожээ. Францад энэ сарын 10-ны өдөр хоногт 372 шинэ тохиолдол бүртгэгдэж, тус улсад коронавирусний халдвар тархсанаас хойш хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн өдөр гэж зарласан бол урьд шөнө 500 гаруй шинэ тохиолдол бүртгэгджээ. 100 орчим хүний биеийн байдал хүнд байгаа аж. Коронавирусний халдвараар нас барсан хүмүүсийн 23 нь 75-аас дээш насныхан байгааг Францын Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн юм.

Вашингтонд онц байдал зарлалаа

Вашингтон хотын дарга Мюриэл Боузер АНУ-ын нийслэлд “COVID-19”-ийн халдварын нөхцөл байдлын улмаас онц байдал зарлаж буй талаараа өчигдөр мэдэгдлээ. Өмнө нь Орегон мужид онц байдал зарлажээ. Түүнчлэн АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп улс даяар онц байдал зарлаж магадгүй байгаа. АНУ-д өчигдрийн байдлаар шинэ төрлийн коронавирусний 1162 тохиолдол бүртгэгдэж, 37 хүн нас барсан юм. Америкт вирусний тархалт улам нэмэгдэж, 34 муж улсад халдварын тохиолдол бүртгэгдсэн талаар уржигдар мэдээлсэн. АНУ-д олон нийтийг хамарсан үйл ажиллагаануудыг зогсоож, оюутан, сурагчид онлайнаар хичээлдээ сууж байгаа аж. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп “Европын улсуудын иргэдийг Америкт нэг сарын хугацаанд нэвтрүүлэхгүй” гэж ард түмэндээ хандан мэдэгдлээ. Зөвхөн Их Британийн иргэд л Америкт зорчих эрхтэй үлджээ. Энэ хориг өнөөдрөөс эхлэх юм. АНУ-д Ази гаралтай иргэдэд халдах хэрэг буурахгүй байна. Коронавирусний халдвар дэгдэж эхэлснээс хойш зөвхөн АНУ-д л гэхэд ийм төрлийн 1000 гаруй удаагийн дуудлага ирсэн судалгаа гарчээ.

Италид байдал хүнд байна

Итали улсад хоногт коронавирусний 1700 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж байна. Халдвар авсан нийт хүний тоо 10 мянга хол давжээ. Эдгэрсэн хүний тоо 1000 гарсан бол нас барагсдын тоо 600 давав. Италийн Ерөнхий сайд Жузеппе Конте улс орондоо болох товтой урлаг, спортын арга хэмжээнүүдийг цуцлах шийдвэр гаргахдаа “Дахиж хугацаа алдаж болохгүй. Халдвар авагсдын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж, нас барагсдын тоо ч өссөөр байна. Италийнхаа төлөө бид золиос хийх ёстой. Үүний тулд бид илүү хатуу, хариуцлагатай шийдвэр гаргахаас өөр аргагүй боллоо”  гэж мэдэгдсэн юм.

Шинэ төрлийн коронавирусний дэгдэлт өндөр байгаатай холбоотойгоор Италид онц байдал зарлаад байна. Тус улсын мужуудад Ломбарди – 4189, Эмилия Романя - 1180, Венето - 670, Пиемонте - 366, Марке - 272, Тоскана - 166, Кампания – 101, Лацио – 87, Лигурия – 78, Фриуля Венеция Жулиа – 57, Сициль – 53, Пулия – 40, Умбрия – 26, Тренто – 23, Абруццо – 17, Молисе - 14, Сардини - 11, Болцано - 9, Калабрия - 9, Аоста – 9, Басиликата - 4 тохиолдол тус тус бүтгэгдээд байна. Италийн Засгийн газраас коронавирусний халдварын тархалтыг бууруулах зорилгоор бүсчилсэн, тусгай арга хэмжээ авах тухай шийдвэрүүдийг авч хэрэгжүүлсээр байна.

Top