Үндэслэлгүйгээр үнэ нэмсэн аж ахуйн нэгжийг 5-20 сая төгрөгөөр торгоно

М.Бүүвэй | Zindaa.mn
2020 оны 03 сарын 12

Зөрчлийн тухай хуульд үндэслэлгүйгээр үнэ нэмсэн байгууллага, аж ахуйн нэгжид таван саяас 20 сая төгрөг хүртэлх торгууль ногдуулж, аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авах заалттай. Энэ дагуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/-аас цаашид өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг зохиомлоор нэмж иргэд, хэрэглэгчдийг хохироосон иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад хуулийн дагуу хариуцлага тооцож, тухайн газрын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг цуцлах саналыг холбогдох газруудад хүргүүлэхээ мэдэгдлээ.

Улсын онцгой комиссын хуралдааны үеэр ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний зах зээл дэх нийлүүлэлт, мах, гурил, цагаан будаа, элсэн чихэр зэрэг хүнсний бүтээгдэхүүний нөөц хангалттай байгаа талаар мэдэгдсэн. Иймд ард иргэд тайван байж, Улсын онцгой комиссын шийдвэрийг даган, хэрэглээгээ зохицуулах нь чухал болохыг ШӨХТГ сануулав. Засгийн газраас хүнс, бараа бүтээгдэхүүний хомсдол үүсгэхгүй, нийлүүлэлтийг тогтвортой байлгахаар шаардлагатай зохицуулалтуудыг хийж байгаа тул ШӨХТГ үндэслэлгүйгээр үнэ нэмсэн асуудалд хяналт тавин, ажлын хэсэг гарган ажиллуулж байгаа аж.

Дашрамд дурдахад, үүсээд буй нөхцөл байдлыг далимдуулан үнээ өсгөсөн худалдааны төв, дэлгүүрийн талаарх мэдээллийг хүлээн авах 1800-1284 дугаарын утсыг ШӨХТГ-аас ажиллуулж эхэлжээ. Өчигдрийн байдлаар иргэдээс өргөн хэрэглээний бараа материал, ариутгагч бодис, амны хаалттай холбоотой 11 гомдол ирүүлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top