Д.Мөнххуяг: Цагдаагийн алба хаагчдад халдвар хамгааллын хувцас олгоно

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 03 сарын 12

Дэлхийн олон улсад дэгдсэн “Шинэ Коронавирус”-ийн халдварт өвчний тохиолдлоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зорилгоор Улсын онцгой комиссын 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 04 дүгээр хурал, Засгийн газрын 2020 оны “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхээр Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны А/52 дугаар тушаалаар цагдаа, дотоодын цэргийн нийт бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэгт шилжин ажиллаж байна. 

Үүнтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагаас хамгаалах, хувцас хэрэгсэл, халдваргүйтлийн бодис бэлтгэн, алба хаагч нарт хэрхэн олгож байгаа талаар Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, аж ахуйн албаны Хангамжийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Д.Мөнххуягаас тодрууллаа. 


-Цагдаа, дотоодын цэргийн байгууллага батлагдсан төсөвтөө зохицуулалт хийж, ямар хангалтуудыг хийж байгаа вэ?

-Цагдаа, дотоодын цэргийн алба хаагч нарт халдвараас хамгаалах хувцас, хэрэгсэл, ариутгал халдваргүйтгэлийн бодисыг анги, байгууллага бүртээ бэлтгэхэд зориулан 152 сая төгрөгийг хуваарилсан. Санхүү, аж ахуйн албаны даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг хоёр удаагийн худалдан авалтаар 7,708 ширхэг хамгаалах хувцас буюу комбинзон, 1,723 ширхэг нүдний шил, 27,000 ширхэг даавуун амны хаалт , 10,000 ширхэг N95 стандартын амны хаалт, 9240 ширхэг малгай, 13,250 ширхэг улавч, 20,250 ширхэг бээлий, гар ариутгагч 2,000 литр, спирт 2,100 литрийг тус тус 169,6 сая төгрөгөөр бэлтгэж, анги байгууллагуудад хуваарийн дагуу олгож байна.  

-Бэлтгэсэн хамгаалах хэрэгсэл, ариутгалын бодисыг ямар хуваариар хэрхэн олгож байна вэ? 

-Өнөөдрийн байдлаар таван удаагийн хуваариар давхардсан тоогоор нийт 3795 ширхэг хамгаалах хувцас, 1085 ширхэг нүдний шил, 15,093 ширхэг даавуун амны хаалт, 4075 ширхэг N95 стандартын амны хаалт, 2485 ширхэг малгай, 3,805 ширхэг улавч, 7950 ширхэг бээлий, 720 литр гар ариутгагч, 1220 литр спиртийг 48 анги, байгууллагад хүргэлээ. 

-Улсын онцгой комиссын болон Эрүүл мэндийн сайдын тушаалын хэрэгжилтийг хэрхэн ханган ажиллаж байгаа вэ? 

-Улсын онцгой комиссын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд болон Эрүүл мэндийн сайдын 2017 оны “Заавар батлах тухай" А/161 тоот тушаал, 6 дугаар зүйлийн 6.1.2.3 дэх хэсэгт заасан хувийн хамгаалах хэрэгсэлийн 4-р зэрэглэлийн дагуу халдварт өвчтэй хүн, эд зүйлтэй шууд хавьтал болохгүй, эрүүл бүсэд ажиллаж байгаа албан хаагчид хамгаалах өмсгөл /комбинзон/ өмсөх шаардлагагүй байдаг.

Ийм учраас амны хаалт, халдваргүйтгэлийн бодис хэрэглэж эрдлээс урьдчилан сэргийлэн ажиллаж байна. Харин Улаанбаатар хот болон 4 аймгийн тусгаарлах цэгт үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдад нэг бүрийн хамгаалах хувцас, хэрэгслийг журмын дагуу өмсгөж хэрэглүүлэн, алба хаагчдын аюулгүй байдлыг хангаж байгаа.

-Аймаг, нийслэлийг бүсчлэн хаах, иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлах хяналтын цэг, эргүүл, жижүүрийн үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчид  энэ хувцсыг хэрэглэх үү? 

-Энэхүү эрүүл бүсэд үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдын хувьд хуваарилан олгосон халдвар хамгааллын хувцас, хэрэглэлийг хүний амь нас хохирсон сэжигтэй дуудлага, сэжигтэй тохиолдлын ойрын хавьталд орсон иргэний хаяг, байршлаар явж ажиллах тохиолдолд халдвар хамгааллын хувцсыг өмсөж хэрэглэж байгаа. 

Нэг бүрийн хамгаалах хувцас, хэрэглэлийн олдоц муу байгаа тул нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор дахин худалдан авалт хийхээр эм, эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэгч байгууллагуудаас үнийн санал авч, холбогдох судалгааг хийж байна.

 

Top