Эрдэс баялгийн салбарын экспорт 20 гаруй хувиар буурчээ

Б.Болорсүх | Zindaa.mn
2020 оны 03 сарын 12

Он гарснаас хойш эхний хоёр сарын байдлаар эрдэс бүтээгдэхүүний экспорт 639.7 сая ам.доллар болж өмнөх оны мөн үеэс даруй 22.5 хувиар буурсан дүн мэдээ гарчээ.

Тухайлбал зэсийн баяжмалын экспорт эхний хоёр сард 16 хувиар буурч 192.2 мянган тонн болсон байна. Энэ нь 219 сая ам.доллар болж өмнөх оныхтой харьцуулахад 30 шахам хувиар мөнгөн дүн буурч байгаа юм.

Хэдийгээр хилийн хорио цээрийн дэглэм шууд нөлөөлөөгүй ч зэсийн баяжмалын экспорт эрс буурсан талаар “Оюу Толгой” компани мэдээлсэн билээ.

Чулуун нүүрсний экспорт эхний хоёр сард 35 хувиар буурч, 2.6 сая тонн болж, 218.2 сая ам.долларын экспортын орлого оржээ.

Нефтийн экспорт мөн л гурав дахин буурч 16.9 сая ам.долларын экспортын орлого олсон байна.

Улсын онцгой комиссын шийдвэрээр энэ сарын 15-ны өдрөөс Шивээхүрэн, Гашуунсухайт боомтын нүүрсний экспорт эхлэх юм. Үүнтэй холбоотойгоор өдөрт 200 гаруй автомашин гарах боломжийг Шивээхүрэн боомт дээр бүрдүүлсэн тухай Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээлсэн билээ.

Top