ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 12

Өнөөдөр 2020.03.12. Энэ оны 71 дэх өдөр бол он дуусахад 295 хоног үлдээд байна. Монгол эх оронд маань нар 07 цаг 11 минутад мандлаа. 18 цаг 53 минутад жаргана.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Өдөртөө -8 хэм, шөнөдөө -20 хэмийн хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Дэлхийн цахим хяналтын эсрэг өдөр. Тайвань, Македонд өнөөдөр Мод тарих өдөр бол АНУ-д Охидын скаутын өдөр, Замбид Залуусын өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна.

Энэ өдөр Нобелийн шагналт Японы физикч Эсаки Лео, Греммигийн таван удаагийн шагналт дуучин Жэймс Тэйлор, Английн хөл бөмбөгч, дасгалжуулагч Йан Халловей, олимпын аварга, дэлхийн долоон удаагийн аварга Америкийн усанд сэлэгч Жессика Харди, Америкийн дуучин Кристина Гримми зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1921 оны энэ өдөр Хиагт хотод Монголын цэрэг, ардын төлөөлөгчдийн хурал хуралдаж, Ардын түр Засгийн газрыг “Монгол ардын Засгийн хэргийг бүгд түр захиран шийтгэх газар” хэмээх нэртэйгээр байгуулжээ. Түр Засгийн газрын Ерөнхий сайдаар Д.Чагдаржав, гишүүдээр нь Д.Сүхбаатар, Сумъяа бэйс, Билэгсайхан гүн, Д.Бодоо, Х.Чойбалсан нарыг сонгов.

1936 оны энэ өдөр ЗХУ, БНМАУ-ын хооронд харилцан туслалцах тухай протоколд гарын үсэг зуржээ.

1990 оны гуравдугаар сарын 12-14-нд МАХН-ын Төв хороо, Улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцров.

2015 оны энэ өдөр Монголын гурван сая дахь иргэн мэндэлсэн түүхэн үйл явдлыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас санаачлан 5000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй мөнгөн зоос гаргажээ.

2015 оны энэ өдөр мөн “Монголын эх түүх”-ийн цувралыг их, дээд сургууль, нийслэл болон аймгийн номын сангуудад түгээжээ.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1942 оны энэ өдөр Ява арлын тулаанд Австрали, Америк, Голланд, Их Британийн нэгдсэн команд ялалт байгуулав.

1968 оны энэ өдөр Мауритиус улс Их Британиас тусгаар тогтножээ.

1994 оны энэ өдөр  Английн төв сүм анх удаагаа эмэгтэй санваартнуудыг авч эхлэв.

2019 оны энэ өдөр Их Британийн Ард нийтийн танхим Европын холбооны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцжээ.

Энэ өдөр үс засуулбал эд малын гарлагатай гэж дорнын зурхайд өгүүлжээ. Өнөөдөр морь жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнүүд аливаа үйл хэрэгтээ анхаарал болгоомжтой хандаарай. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой юм.

Энэ өдөр бүтээл туурвил эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг өгөх, сүм дуганыг сэргээх, хишиг дуудуулах, цэрэг, цагдаагийн үйл, гэрээ хэлцэл буцаахад сайн. Харин гөлөг тэжээх, бомбын үйлд таагүй.  Хол газар явах бол баруун урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажил үйлст тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top