45 нас хүрсэн Бувайсар Сайтиевийн АМЬДРАЛЫН ДҮРЭМ

2020 оны 03 сарын 11

Олимпын 3 (1996, 2004, 2008), дэлхийн 6 (1995, 1997, 1998, 2001, 2003, 2005), Европын 6 (1996, 1997, 1998, 2000, 2001, 2006) удаагийн аварга, чөлөөт бөхийн түүхэн дэх хамгийн шилдэг тамирчин Б.Сайтиев өнөөдөр 45 нас хүрлээ.

Ингээд түүнийг амжилтад хүргэсэн амьдралын дүрэмтэй нь танилцъя.
 

Хамгийн чухал нь хүн хийж байгаа юмандаа дур, сонирхолтой байх хэрэгтэй. Зөвхөн үр дүн, амжилт бодож болохгүй.

Жинхэнэ тамирчин хүн ялагдлынхаа бурууг хэн нэгнээс хайж таарахгүй.

Хэр олон хүн чамайг ялаасай гэж хүснэ, төдий чинээгээр ялах магадлал чинь нэмэгддэг.

Ахмад үеэ чамаас болж ичихэд бүү хүргэ. Аав Адам бид хоёрын бэлтгэлийн танхимд ирээд дасгалжуулагчид “Тэднийг зодож, шийтгэж болно. Би зөвшөөрч байна” гэж хэлсэн. Гэхдээ бид зодуулахаар юм хийдэггүй байсан.

Дэвжээн дээр найз нөхөд гэж үгүй. Тамирчин хүн бол яг жүжигчин шиг хөдөлгөөн, алхам болгоныг нь хүмүүс дүгнэж байдаг. Хэрэв жүжигчид амжилт олох гэж нэг нэгэндээ тусалдаг бол бид харин нэг нэгэндээ саад болж байж, ур чадвараа харуулдаг.

Би маш их ялж байсан, тийм болохоор ялагдах гэж юу болохыг мэднэ.

Их спорт гэж юу болохыг сайн ойлго. ОХУ-ын шигшээ багт орлоо гэхэд чи жирийн хүн биш болно. Тийм болохоор өөрийнхөө тухай, бөхийн тухай ярьж сурах хэрэгтэй.

Маш их ачаалалтай байдаг байсан хүн зодог тайлаад ч бэлтгэл хийж байх хэрэгтэй. Тэгэхгүй бол зөөлөн буйданд дасчхаад уйтгартай амьдрах болно.

Охин хүүхэд төрвөл эцэг эхдээ, хүү төрвөл эх орондоо үйлчлэх ёстой.

Их спортын дараа ч амьдрал байдгийг бүү мартаарай.

Миний бие махбод, сэтгэл зүрх бүгд чөлөөт бөхөд зориулагдсан. Би өглөө босохдоо чөлөөт бөхийн тамирчин, орой унтахдаа ч чөлөөт бөхийн тамирчин байдаг. Ойлгож байна уу? Чөлөөт бөх бол маш эртний түүхтэй, онцгой зүйл. Эртний Шумерийн Гильгамеш гэдэг хаан байжээ. 5000 жилийн өмнө амьдарч байсан түүний арслан зэрэг араатнуудтай тулалдаж байгаа олон зураг, олдвор байдаг. Тэр тулаандаа Гильгамеш чөлөөт бөхийн 30 гаруй мэх хийсэн байдаг. Тэгэхээр манай чөлөөт бөхийг ямар эртний спорт болохыг төсөөлж байгаа биз дээ. Сайн бөх арсланг ялж чадах уу гэж та асууж байна уу? Хэрэв бөх маш ууртай, харин арслан цатгалан байвал манай бөх ялна.

Биеийн хөгжил, ур чадварыг нь харахад амархан аварга болчихмоор хүмүүс байдаг. Гэвч чаддаггүй. Олимпод түрүүлэхийн тулд олимп гэж юу вэ гэдгээ сайн ойлгох хэрэгтэй. Олимпын аварга болчхоод өглөө нь юу хийх вэ, хаашаа явах вэ гээд бүх юмаа эртнээс тодорхойлчихсон байх ёстой. Жишээ нь, чи бодибилдингийн тамирчин байлаа гэхэд толгойгоо ажиллуулахгүй бол булчин өөрөө ургаад гараад ирэхгүй шүү дээ. Тэр шиг чөлөөт бөхөөр аварга болохын тулд итгэл үнэмшил, тодорхой зорилго, хүсэл байх ёстой. Олимпын 3 удаагийн аварга болсон хүн ямар байдаг вэ гэж үү? Энэ талаар В.Высоцкийн нэгэн дуун дээр “Бүх дэлхий өмнө чинь дэлгэгдээд чи аз жаргалтай болжээ. Гэхдээ амжилт гаргах цаг нь хараахан ирээгүй байгаа бусдад атаархах сэтгэл бага зэрэг төрнө” гэж хэлсэн байдаг. Ийм л байна.

Бурханы авралаар би чөлөөт бөхөд хийх юмаа бүгдийг хийсэн, юунд ч харамсдаггүй. Би хэнээс ч шигшээ багт аваач гэж гуйгаагүй. Сонгон шалгаруулах тэмцээнд ороод эрхээ авдаг байсан, надад илүү хоол өг гэж шаардаж байгаагүй. Тэгэхээр би хэнд ч өргүй гэсэн үг. Хэрэв би тав дахь олимпдоо орохыг хүссэн бол оролцох л байлаа. Хүсээгүй. Үнэнийг хэлэхэд би аль эрт зодог тайлах байсан. Намайг 2008 оны олимпод оруулах гэж 4 жил хүчээр барилдуулсан. Надад энэ Бээжин огт хэрэггүй байсан.

Тамирчин байна гэдэг хэцүү. Хүмүүс чамайг үзэх гэж ирэн, алга ташин дэмждэг. Тэдэнд тамирчид өөрсдийг нь харж, харьцаж байгааг мэдрэх нь тун чухал. Хөгжөөн дэмжигчидтэй яаж зөв харьцах вэ гэдэг бүхэл бүтэн шинжлэх ухаан.

Хүүхдээ хайрлах хэрэгтэй ч өрөвдөж болохгүй. Боломж байгаа дээр тэднийг чангалах хэрэгтэй. Хэрэв намайг шахсан бол би сансрын нисэгч ч болж чадах байсан. Гэхдээ намайг албадаагүй л дээ. Харамсалтай нь би хатуу аав болж чадаагүй. Хүүхдүүдтэйгээ цөөхөн уулздаг болохоор цөөхөн зоддог. (инээв) Хүүгээ бөх бол гэж би шахаж шаарддаггүй. Зарим эцэг эх өөрсдийнхөө хийж чадаагүйг хүүхдүүддээ оноох гээд байдаг. Цагтаа бөх байсан хүн гэхэд л хүүтэй болонгуутаа  өмсгөл өгөөд л дэвжээн дээр гаргах гээд, хүүхдээ зовоогоод байх нь бий. Чи спортод дуртай байлаа гээд хүү чинь тэр спортоор хичээллэх, дуртай байх албагүй шүү дээ.

Аав минь манай гэрбүлийн хувьд бүх юм байлаа. Бид аав байхгүй бол энэ дэлхий дээр амьдрал байна гэж төсөөлж ч байгаагүй. Гэвч аав ослоор өөд болсон. Түүнийг нас барсны дараа өнгөт телевиз унтарч, хар-цагаан амьдрал эхэлсэн. Аав минь амьд байсан бол би яаж амьдрах байсан бол гэж би хааяа боддог. Би тохитой томоотой сайн хүн болох байсан байх, гэхдээ олимпын аварга болохгүй байсан. Аавыгаа эргүүлэн авч болно гэх юм бол би өөрийн энэ бүх шагналаа тэр дор нь өгнө.

Дөрөвдүгээр ангид байхад багш биднийг ирээдүйн өөртөө зориулан захиа бич гэж билээ. Миний захианд “Намайг Бувайсар Сайтиев гэдэг. 4 "Б" ангийн сурагч. Чөлөөт бөхөөр хичээллэдэг. Маргааш би тэмцээнтэй. Жин хасах хэрэгтэй байна. Одоо би 30,5 кг жинтэй, 29 кг-ын жинд барилдах юм. Би заавал бөх болж, олимпын аварга болно” гэж бичсэн байсан.

Найраанд орсон тамирчин, дасгалжуулагч нар тэр өдрөө л тамирчин, дасгалжуулагч биш болон хувирдаг. Тэд бол спортын ертөнцийн хог хаягдал юм.

Гэртээ хариад ээжийнхээ дэргэд сууж байхдаа би олимпын наадмын шагналын тавцан дээр зогссоноосоо хэдэн мянга дахин аз жаргалтай байдаг.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Jj(202.55.188.81) 2020 оны 03 сарын 12

Saitiv bas l yaay chuluut buhiin burhan shude

0  |  0
mongol(64.119.24.99) 2020 оны 03 сарын 12

chi bol zugeer l gaihamshig gej heleh bna

2  |  0
Зочин(66.181.161.65) 2020 оны 03 сарын 12

Жинхэнэ тамирчин хүн ...олимп бол ганцхан олимп

4  |  0
Top