ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 11

Өнөөдөр 2020.03.11. Энэ оны 70 дахь өдөр бол он дуусахад 296 хоног үлдээд байна. Монгол эх оронд маань нар 07 цаг 13 минутад мандлаа. 18 цаг 51 минутад жаргана.

Улаанбаатар хотод цастай. Өдөртөө -8 хэм, шөнөдөө -12 хэмийн хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Литвад Тусгаар тогтнолоо сэргээсэн өдөр бол Замбид Залуусын, Тувалуд Нөхөрлөлийн, ОХУ-д Мансууруулах бодисын хяналтын байгууллагуудын ажилтны, Тажикистанд Хэвлэлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна.

Энэ өдөр Испанийн алдарт хөл бөмбөгч Пири буюу Хосе Мартинес Санчес, Францын жүжигчин Доминик Санда, Америкийн дуучин, Грэммигийн 10 удаагийн шагналт Бобби Макферрин, Германы рок дуучин Нина Хаген, Америкийн жүжигчин Жонни Ноксвилл, хөл бөмбөгч Дидье Дрогба, Японы дуучин, жүжигчин Марико Синода, Япон, Хятадын дуучин Лин Лин зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1912 оны энэ өдөр тажик хэл дээрх анхны сонин “Ариун Бухара” гарчээ.

1921 оны энэ өдөр Их Британийн хаан V Жоржийн эхнэр Мария Оксфордын их сургуулийн хүндэт доктор болсон анхны эмэгтэй болов.

1970 оны энэ өдөр Пабло Пикассо 800 бүтээлээ Барселоны музейд бэлэглэжээ.

1988 оны энэ өдөр Английн банк цаасан фунтийг металл фунтээр солив.

Энэ өдөр үс засуулбал өнгө зүс доройтно гэж дорнын зурхайд өгүүлжээ. Өнөөдөр тахиа жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнүүд аливаа үйл хэрэгтээ анхаарал болгоомжтой хандаарай. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай юм.

Энэ өдөр мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Харин архи уух, тамхи татах, байшингийн суурь тавих, угаал үйлдэх, сэтгэл муутантай нөхөрлөхөд таагүй. Хол газар явах бол баруун зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажил үйлст тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top