Ноолуур, уур амьсгалын өөрчлөлт нүүдэлчдийн амьдралд заналхийлж байна

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 09

Монголын газар нутгийн дөрөвний гурвыг эзэлдэг өргөн уудам бэлчээр нутагт нүүдэлчид олон зуун жилээр өвлөгдөн ирсэн уламжлал, зан заншлаа хадгалсаар ирсэн. Гэвч энэ дэлхий хурдацтай өөрчлөгдөж байна. Нэгэн цагт онгон зэлүүд байсан тал нутгийн 70 орчим хувь өдгөө гол төлөв бэлчээрийн талхлалтаас болж доройтолд оржээ. Үүний хамгийн гол буруутан нь 27 сая толгой ноолуурын ямаа болоод байна. Тус улсад 31 саяар тоологддог хонин сүргийг бодвол ямаа өвсийг үндсээр нь зулгааж иддэг тул өвс ногоо дахин ургахад сөргөөр нөлөөлдөг байна.

Үүн дээр уур амьсгалын өөрчлөлт нэрмээс болж, Монголын тал нутгийн дөрөвний нэг нь цөлжөөд байна гэж НҮБ-ын анхааруулж байна. Тус улсад сүүлийн 70 жилд агаарын температур дэлхийн дунджаас их буюу хоёр хэмээр нэмэгджээ.

“Намайг хүүхэд байхад өвс ногоо илүү өндөр ургаж, их бороо ордог байсныг санаж байна” гэж Дорнод аймгийн малчин Н.Батмөнх ярьж байна. Тэрбээр мянган толгой мал малладгаас 300 нь ноолуурын ямаа.

Дэлхийн зах зээлд ноолуурын эрэлт улам бүр нэмэгдэж буй энэ үед Монгол улс байгаль орчныг сүйтгэлгүйгээр ноолуурын салбараа хэрхэн хөгжүүлж, ашиг орлогыг нэмэгдүүлэх вэ гэсэн асуулттай нүүр тулаад байна.

1990 онд коммунист тогтолцооноос ардчилсан тогтолцоо руу тайван замаар шилжсэнээс хойш Монгол улсад ямааны тоо толгой огцом өсжээ. 1999-өөс 2019 оны хооронд ямаан сүрэг нь долоон саяас одоогийн 27 сая хүртэл дөрөв дахин өсөн нэмэгджээ. Тус улсын хүн амын 40 орчим хувь буюу 1.2 сая малчин мал аж ахуй эрхлэн, ямаан сүргийг өсгөн үржүүлж байна.

Цагтаа ховор тансагт тооцогддог байсан ноолууран бүтээгдэхүүнүүд өдгөө Их Британи, АНУ болон бусад хөгжингүй оронд үнэтэй дүүргүүд дэх дэлгүүрээс авахуулаад цахим худалдаагаар борлуулагддаг элбэг барааны нэг болжээ. НҮБ-ын мэдээллээс үзвэл, 1980-аад оноос хойш ноолууран бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнэ 60 гаруй хувиар нэмэгдэж, 2018 онд дэлхийн ноолуурын зах зээлийн эргэлт 2.5 тэрбум ам.доллароор үнэлэгджээ. 2025 оны сүүлч гэхэд энэ үзүүлэлт 3.5 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байна.

Монгол Улс нь түүхий ноолуур үйлдвэрлэлээр Хятадын дараа дэлхийд хоёрт ордог бөгөөд дэлхийн нийт нийлүүлэлтийн 20 орчим хувийг дангаараа бүрдүүлдэг байна. Түүхий ноолуур нь зэс, алтны дараа гуравдугаар жагсдаг экспортын гол нэрийн бараа бөгөөд сүүлийн жилүүдэд ноолуурын экспортын хэмжээ огцом нэмэгджээ.

Хэдийгээр ихэнх хүмүүс Монголын ноолуурыг хамгийн өндөр чанартай гэж үздэг ч бэлэн бүтээгдэхүүний ихэнх хувийг Хятад улс үйлдвэрлэдэг. Нэг ноолууран цамц үйлдвэрлэхэд дөрвөн ямааны ноолуур шаардлагатай байдаг бөгөөд өнгөрсөн жил түүхий ноолуурын дундаж үнэ нэг кг нь 130 мянган төгрөг байв.

“Манай ноолуур дэлхийн зах зээл дээр Монгол ноолуур гэсэн шошготой борлуулагддаггүй нь харамсалтай” гэж малчин Батмөнх илэрхийлээд “Бидний гаргаж буй түүхий ноолуурыг Хятадад бусад төрлийн ноолууртай хольдог” гэж тэрбээр онцлов.

Монголын түүхий ноолуурын 90 хувийг хятад ченжүүд худалдан авч, Монголд үйл ажиллагаа явулдаг хятад эзэнтэй ноолуур боловсруулах компаниудад тэд цааш нь борлуулдаг гэж Тогтвортой ноолуурын нэгдлийн /Sustainable Fibre Alliance/ туслах зөвлөх Зара Моррис-Трейнор ярьжээ. Энэ байгууллага “Burberry”, “J Crew”, “M&S” зэрэг брэндтэй хамтран ажилладаг байна. Хятад эзэдтэй эдгээр компаниуд түүхий ноолуурыг угааж, самнаад Хятад улс руу экспортолдог.

Харин Монгол Улсын Засгийн газар болон НҮБ бэлчээрийн доройтлыг бууруулах, ноолуурын үнийг нэмэгдүүлэх санаачилга гаргаад байна. Эхний санаачилгын хүрээнд тандалтын тогтолцоог нэвтрүүлэх бол хоёр дахь санаачилгын хүрээнд Улаанбаатар хотод ноолуур боловсруулах үйлдвэр олон тоогоор барьж байгуулах замаар “Монголд үйлдвэрлэв” гэсэн шошго бүхий эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх явдал юм.

Тандалтын тогтолцоог бэхжүүлэх зорилтын хүрээнд малчин Батмөнх блокчейн технологийг ашиглан самнасан ноолуур нийслэл Улаанбаатар хот дахь боловсруулах үйлдвэрт хүрч буйг хянах боломжтой болжээ. Малчид гар утасны тусгай аппликэйшн ашиглан хот руу ачуулж буй ноолуурын тээвэрлэлтийн  чиглэлийг хянах боломжтой болжээ. Энэ аппликэшныг Канадын Торонто хотод төвтэй “Convergence Tech” компани бүтээсэн аж. Тус компани Монголын зүүн хойд аймгуудад шинэ технологи нэвтрүүлэхээр НҮБ-тэй хамтран ажиллаж байна. Энэ санаачилгын гол зорилго нь бэлчээрийн доройтолд ороод буй бүс нутгаас нийлүүлэгдэж буй түүхий ноолуурын хэмжээг бууруулахад чиглэж байна. Ченжүүд түүхий эдийн зах зээл дээр эмх замбараагүй байдал үүсгэж, ил тодлын байдал алдагдахад хүргэж байна гэж “Convergence Tech” компанийн гүйцэтгэх захирал Чами Акиймана онцолж байна. Харин Оксфордын их сургуулийн Газар зүй, байгаль орчны сургуулийн шинжээч Трой Штернберг хянах төхөөрөмжөөр бүхэл бүтэн нийлүүлэлтийн сүлжээг хянах боломжгүй гэж болгоомжилж байна. Аппликэйшн ашиглан түүхийн ноолуур боловсруулах үйлдвэрт хүрч буйг л ажиглах боломжтой. Хянах GPS төхөөрөмжийг авч хаях боломжтой бөгөөд өөр аймаг, орон нутгаас нийлүүлсэн ноолуурт зүүхийг ч үгүйсгэх аргагүй. Үүний оронд загварын томоохон брэндүүд байгальд ээлтэй ноолуурын үйлдвэрлэлийг сурталчлах нь илүү үр дүнтэй гэж тэрбээр үзэж байна. Ийм өргөн уудам нутагт тээвэрлэлтийг хянахад хүндрэлтэй. Хэрэв брэндүүд Колумбын кофены адил Монголын ноолуур чанартай гэсэн ойлголтыг суулгаж чадвал малчдад ч тэр бэлчээр хамгаалалтад ч тэр үр дүнгээ өгнө гэж Штернберг зөвлөжээ. Түүнчлэн, Улаанбаатар хотод олон тооны боловсруулах үйлдвэр барьж байгуулах тал дээр Монголын Үндэсний Худалдаа, аж үйлдвэрийн танхим хувийн хэвшлийн компаниудтай хамтран ажиллаж байгаа аж.

Харин Батмөнх энэ хоёр санаачилга амжилттай хэрэгжинэ гэж найдаж байна. “Уур амьсгал өөрчлөгдөж буй нь мэдрэгдэж байна. Нүүдэлчин ард түмний хувьд бид байгалиас ихээхэн хамааралтай амьдардаг” гэж тэрбээр ярина.

Бэлчээр доройтож буй учир түүнд их хэмжээний малын тэжээл, өвс худалдаж авах шаардлага гардаг байна. Цаг агаар дулаарвал ямааны ноолуурын чанар муудна. Учир нь өвлийн хүйтнээс хамгаалах нарийн ширхэгтэй ноолуур гарахаа болино. “Би ноолуур борлуулж, олсон мөнгөө хүүхдүүдийнхээ боловсролд зориулдаг. Гэтэл энэ нь эргээд тэднийг нүүдэлчин амьдралаас холдуулж байна” гэж Батмөнх өгүүлээд “Өвөг дээдсээс уламжилж ирсэн бидний мэдлэг, өв уламжлал бидэнтэй хамт үгүй болох бий гэж сэтгэл зовнидог” гэж онцолжээ. Нөгөө талаар, хүүхдүүдээ эрсдэлтэй, баталгаагүй нөхцөл байдалд үлдээхийг тэрбээр хүсэхгүй. Эх сурвалж: ВВС агентлаг

 

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin (192.82.71.131) 2020 оны 03 сарын 09

zov baina

0  |  0
zochin(192.82.71.131) 2020 оны 03 сарын 09

yamaa ih osgoh n gazar nutgaa tsoljiileh undsen nohtsol bolood baina. ih zov sanaag hondjee.

0  |  0
zochin(192.82.71.131) 2020 оны 03 сарын 09

yamaa ih osgoh n gazar nutgaa tsoljiileh undsen nohtsol bolood baina. ih zov sanaag hondjee

0  |  0
zochin(192.82.71.131) 2020 оны 03 сарын 09

yamaa ih osgoh n gazar nutgaa tsoljiileh undsen nohtsol bolood baina. ih zov sanaag hondjee

0  |  0
zochin(192.82.71.131) 2020 оны 03 сарын 09

yamaa ih osgoh n gazar nutgaa tsoljiileh undsen nohtsol bolood baina. ih zov sanaag hondjee

0  |  0
zochin(192.82.71.131) 2020 оны 03 сарын 09

yamaa ih osgoh n gazar nutgaa tsoljiileh undsen nohtsol bolood baina. ih zov sanaag hondjee

0  |  0
zochin(192.82.71.131) 2020 оны 03 сарын 09

yamaa ih osgoh n gazar nutgaa tsoljiileh undsen nohtsol bolood baina. ih zov sanaag hondjee

0  |  0
Top