Ялдамхан гоо бүсгүйчүүдийг яруу найргийн онгодоор ...

2020 оны 03 сарын 08

Ертөнцийн гэрэл гэгээ, ер бусын гоо үзэсгэлэн болсон бүсгүй хүнийг магтан дуулсан шүлэг, дуу олон. Өнөөдөр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна. Хамгийн гоёмсог, хамгийн нандин, хамгийн хайрлам бүхний эзэд хангал гоо тансаг бүсгүйчүүдийг  яруу найрагчид  өдөн бийрийнхээ үзүүрээр өөр өөрийнхөө өнгөөр ийнхүү тунхаглажээ.

 

/Зураач Александр Волеговын бүтээлээс оруулав/

 

Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн

 

ЧАМААРАА БИ ЗӨНДӨӨ ГОЁСОН

 

Харахгүй өнгөрч чадахгүй

Харчуулын нүдэн дундуур туучиж

Халуун залуу үзэсгэлэнтэй охин чамайг

Хань минь болооч гэж гуйж

Хайрын зовлонгоор гоёсон

Чанад холын мөрөөдлөөр зүрхээ бялууруулж

Чамайгаа олсондоо нар өвөртлөн гялайж

Чандага дэгдэх шиг мэлс мэлс санаа алдан

Чамайгаа би холоос үхтэлээ санаж

Санахын жаргалаар гоёсон

Балга балга инэээдэнд чинь согтож

Балтай урууланд чинь зөгий шиг шигдэж

Хасын саран үүлэнд бүдэчсэн шөнөөр

Харц харцаа шатаан байж гэгээ татуулж

Чамаараа би зөндөө гоёсон

Галын ээлэнд алтан ургийг уяж

Газрын заяанд аралт тооныг өргөж

Бадамын цэцэг мэт сүүт ижий чамаар

Бавуугийн ганц хүү өөрийгөө

Ес болгож гоёсон

Yйрэн үйрэн тэмтэрч

Yнэний чулуу дэрлэхдээ

Yйлийн үргүй сайн ханьтай хорвоог туулснаа

Yхэлд хүртэл гайхуулж

Чамаараа би гоёно...

 

*          *          *

Д.Нацагдоржийн шагналт Д.Нямсүрэн

 

ҮЗЭСГЭЛЭНТЭЙ ТӨРСӨН ЧИ МИНЬ

 

Үзэсгэлэнтэй төрсөн чи минь

Өвсөн дотор зогс доо би харъя

Шүүдэрт норсон нүцгэн хөлийг тань үзье

Шөнө хөнжилд байхаас үзэсгэлэнтэйеэ хонгор минь

Торгон хувцас далдлаагүй хэсэг

Тогтуухан болоод нарны амттай

Торго шиг зөөлөн өнгөнд

Торомгорхон шүүдэр адтай...

Гараараа энхрийлсэн сайхан хөлийг чинь

Ганган цэцгийн шүүдэрт норсон байхыг үзье гэсэн юм

Ганга агийн үнэр, нартай, устай уусан орж

Газар дэлхийгээ би чамаас ууя гэсэн юм.

Хөлийн тань хурууны салаагаар

Хөх ногоо ганц нэг хавчуулагдсан нь юутай яруу

Хөхөмдөг цэнхэр өглөөн шүүдэрт өвсөн дотор

Хөл нүцгэн зогсох хүүхэн чи юутай үзэсгэлэнтэй

 

*          *          *

Болор цомын эзэн, яруу найрагч А.Эрдэнэ-Очир

 

АРГА БАРСАН БҮСГҮЙ

 

Цагаахан даашинз

Энхрийхэн мөр хүзүү

Цахилан зугтах харц

Эрхэмсэг гоо үзэсгэлэн

Чамайг хараад аргаа бардаг би

Цамцаа тайлж урж тасадмаар

Галзуурмаар болдог би

Чамайг бодоод аргаа бардаг би

Шархтай юм шиг

Шаналан хэвтдэг би

Цэцгийн дэлбээ шиг гарыг чинь

Цээжин дээр байна гэж зүүдэлдэг

Өнө мөнхөд чамайг зүүдлэн

Унтах юм сан

Өглөө болсон байхад

Уур хүрдэг би...

Чамайг хараад аргаа бардаг би

Зөрөөд өнгөрөхөд чинь эргэн харж

Зүрхээ авч араас чинь шидмээр болдог би

Арга барсан бүсгүй чи...

 

* * *

Болор цомын эзэн Х.Эрдэнэбаатар

 

ТҮРЭГ ОХИН

 

Түрэг охины гишүү мэт харцанд

Түүдэг адил шатаж явахад
Жари эхийн тал нам гүм бороорхог
Жаахан тэр минь хөл нүцгэн байсан.
Хацарных нь хонхорт бороон дусал тогтож
Халгин инээхэд нь усан цацраг үүснэ
Мөнгөн лаа шиг бэлхүүс нь гэрэлтээд
Мөнөөхөн өдрийг зүүдлүүлж орхино
Асгарах бороон дунд хуурай салхийг хүснэм.
Амтат дарсыг нарны гэрэлд уунам
Эргэн тойрон усан бороо суунаг манан
Энд гүн ухааны тэрс уянга эгшиглэнэ
Оройн мѳрний тунгалаг уснаа хус модод сүүдрээ дүрэхэд
Охидын шилбэ цайран харагдах шиг сэтгэлд минь үймүүлнэ
Цасан ширхэг шиг одод гялалзах усны мандалд
Цайлган түүний минь хөхиүн инээдийг чихнээ урина
Ялдамхан шүлэгчид охидын үзэсгэлэнд уйтгараа сэлбэж
Яаж ч болохгүй дурлалын цүнхэлд унадаг юм
Зүрх норгосон хайрынхаа дарснаас тэд хэзээ ч
Зүүдэндээ ч хүртэл хагацаж чадахгүй зовдог юм
Түрэг охины гишүү мэт харцанд
Түүдэг адил шатаж явахад
Жари эхийн тал нам гүм бороорхог
Жаахан тэр минь хөл нүцгэн байсан

 

*          *          *

МЗЭ шагналт яруу найрагч Б.Одгэрэл

 

БИ САЙХАН ОХИДЫГ ШИРТЭХ ӨВЧТЭЙ

 

Хацрын ганц илбэлт, тэврэлт, vнсэлтэд арилж мэдэх

Харин бvр өвдөж мэдэх сайхан өвчтэй

Сайхан охидыг ширтэхэд гуниг төрөх

Ширтэхгvй байхад бас гуниг төрөх

Сайхан охидыг ширтэхэд баяр төрөх сайхан өвчтэй, би

Гялалзсан хар нүд, шилбэ, цээж хараад

Галзуурсан мэт сэтгэл хөдлөн явдаг

Yзэсгэлэнт охид өмнvvр хойгуур эргэлдэхэд

Yзэх,сонсох, амтлах, хvрэх эрхтэн минь өвдөж

Yймрэн зогсохдоо би салхинд чичрэх өвс мэт болдог

Өвчнөөсөө салахыг би vнэхээр тэгэхэд хүсдэггүй

Өвдөж шаналахаа дарах гэж бус, үгдрээх гэж

Өрнө зvгийн дарсанд өдөржин халамцуу явдаг

Алуурч намайг зовоож, анд нөхөд холдлоо ч

Амиа хорлож, буудаж, боож би нөгчихгүй

Залуу насны минь өвчин эдгэхэд би үхнэ

Залуу нас минь тэгэхэд хэдийн өнгөрсөн байна.

 

*          *          *

Сэр-Одын шагналт яруу найрагч Ж.Болд-Эрдэнэ

 

САЙХАН, САЙХАН ОХИД ҮЗЭГДЭЭД БАЙДАГ БОЛОВ

 

Сайхан сайхан охид үзэгдээд байдаг болов

Сар гарахын алдад санагдаад байдаг болов

Лаа шиг гоолиг бие нь гэрэлтэн харагдаад

Лавай шиг цагаан шүдээ гайхуулж инээмсэглээд

Сормуусаа өргөж харахад нь эрвээхэй нисэх шиг болоод

Солонго татсан зүг руу сэмхэн харц алдуураад

Ойртоод очихын алдад гөрөөс шиг хулжаад

Холдоод явчих гэхээр хойноос инээд алдаад

Ороо морь шиг омголон охид үзэгдэх болов

Он өнгөрөх тусам охид гоо болов.

Сайхан сайхан охид үзэгдээд байдаг болов

Сар гарахын алдад санагдаад байдаг болов.

 

*          *          *

Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч М.Уянсүх

 

Чиний

Шөнөжин уйлсан нулимс

Үүр цайхад

Мөргүй эдгэхийг амьдрал гэдэг

Чиний

Зүүдэнд ирсэн шаналан

Өглөөн наранд

Туньж мишээхийг аялгуу гэдэг

Чиний

Шүлэг шиг зөөлөн уруул

Өөртөө шивнэн

Гуниг үглэхийг сэтгэл гэдэг

Чиний

Шүүдэр шиг ариухан нас

Өөрийгөө хайсаар

Мананд уусахыг ертөнц гэдэг

Чиний

Бүхнээс өөр бүхэн

Өрөөл бусдаас

Ялгарахаа болихыг он жил гэдэг

Чиний

Бүдэгхэн хэлсэн нэг үг

Надаас буруулан

Орон зайд шилжихийг үхэл гэдэг...

 

*          *          *

Зохиолч, яруу найрагч Г.Аюурзана

 

Зузаан уруулт

Зургар хөмсөгт минь!

Зурсан юм шиг нүдэт минь!

Шулуун хамар, зузаан уруулт минь!

Шувуу мэт үл танигдах бүсгүй минь!

Хамаг бие сэрвэлзүүлээд хаячихдаг

Хар сормуус, зузаан уруулт минь!

Хачин гүн ухаадастай бошинзот минь!

Хасын сийлбэр хүзүүт минь!

Гунхсан алхаа, тансан үнэрт минь!

Гудамжинд цэх зөрчихөөд эргэж харахын ичгүүрт минь!

Гуймаар, сул хүүхэн явдалт минь!

Ойноос гарамгүй эгдүүт минь!

Чамайг харлаа, зургар хөмсөгт минь!

Цаашаа юу боллоо, зурсан юм шиг нүдэт минь?

Бүсгүй хүнтэй хамт сэрсэн өглөө шиг

Бүхий сэтгэл өег, басхүү хоосон байна аа.

Зузаан уруулт минь!

 

*          *          *

МЗЭ шагналт яруу найрагч Б.Эрдэнэсолонго

 

ЭМЭГТЭЙ ХҮН БОЛ...

 

Эмэгтэй хүн бол ердийн хүн биш

Эмзэг нарийхан хөл дээрх

Ямар нэгэн сайхан зүйл гэж боддог

Анивчсан, зөөлхөн, хөөрхөн цагаан хүүхнүүд

Гэрэл цацруулан зөрж өнгөрөхөд

Амьсгал давчдаад зовлонтой байдаг

Уйдах завгүй, хачин ганцаардалдаа эзэмдүүлж

Урт хөлтнүүдийн уран нарийн хийцийг

Шагшин гайхаад барахгүй

Шал дэмий толгой сэгсэрнэ

Олон хаалгатай, олон цоож түлхүүртэй

Оньсон тоглоом юм, тэд...

Тоглож тоглож уйдсан

Тоглоомоо тэгээд эвдсэн

Томоогүй жаалын зүрх яагаад

Том том цоорхойтой байгааг

Анивчсан, зөөлхөн, хөөрхөн цагаан хүүхнүүдээс

Асуух хэрэгтэй.

Эмэгтэй хүн бол хүн биш

Эднийг бүтээсэн чөтгөр өөрөө

Эмэгтэй байсан байх...

*          *          *

МЗЭ-ийн шагналт яруу найрагч Н.Мөнхбаяр

 

Чамайг бодох бүрийд

Өчнөөн сайхан жирийн дурсамжууд бөхнө.

Өглөө нар мандахад

Төчнөөн одод уусан арилдаг шиг.

Чамд хайртай болохоор л

Чамайг бодох минь тийм хүчтэй.

Ойрхон жижиг учралууд, гэрэлд нь бүдгэрээд

Ой ухаанаас арилан, ширвэгдэнэ.

Чамайг бодох бүрийд

Чиний суугаа зүгт үүр тэмдэгрэнэ.

Тэр үүрийн бүдэгхэн шаргал бүрэлзээнд

Тэнгэрийн хаяа ширтэх чиний сормуус

сэрвэлзэнэ.

Эрэвгэр, нойтон, анир чимээгүй сормуус чинь

Энд миний харанхуйн дунд аньсагаа хөдөлгөхийг

чагнана.

Ийм намуухан нууцлаг ертөнцөд

Бүх юм алган дээр тавьсан шиг илхэн.

 

*          *          *

 

МЗЭ шагналт яруу найрагч Л.Ганзул

 

ГОО САЙХАН

 

Гоо сайхан гэдэг

Түүний минь зүрхэн тус газар оршдог

Тод үзэсгэлэн юм

Голын цүнхээлд загас цойлох үдшийн

Хацар шүргэсэн бүдэгхэн хүсэл юм

Гоо сайхан гэдэг

Түүний минь зүрхэн зүгээс нисэн алдах

Түг, түг анир юм

Үсийг нь илэх төдийхөнд

Өвсөн дээр алчуур унах мөч юм

Гоо сайхан гэдэг ямагт

Өндгөн дотроо донгоддог шувуутай адилгүй юм

Гоо сайхан гэдэг үргэлж

Үнэр анхи бүсгүйн царайд гэрэлтэгч биш юм

Гоо сайхан гэдэг ердөө

Намрын жимсний гашуун амт юм

Гоо сайхан гэдэг зөвхөн

Эмэгтэй хүн гунигаа залгих агшин юм

Гоо сайхан гэдэг энгийнээр

Хорвоо бид хоёрын дундын өмч юм

Гоо сайхан гэдэг эцэстээ

Хайр гэдэг үгний өргөмөл охин юм

Гоо сайхан гэдэг

Надад оршиж

Надаар хэмжигдэнэ

Гоо сайхан гэдэг

Бүсгүйн ээмэг газарт унахад үлдэх

Нүцгэн биеэс цааш

Бүр хэний ч олж үзээгүй

Миний төсөөллийн гүн дэх

Ягаанхан хацартай охины

Инээмсэглэл юм аа.

 

*          *          *

Яруу найрагч Д.Цогбадрах

 

ЭМЭГТЭЙ ХҮН ХИЙГЭЭД ЯРУУ НАЙРАГ

 

Эмэгтэй хүн яруу найрагт донтохоороо

Эрийгээ хөнөөж орхидог.

Элгэндээ нааж сууснаа гэнэт түлхэж

Энхрий үгс нь эргүү тэнэгээр солигддог.

Хорвоогоор дүүрэн сайхан шүлгийг уншаад

Хонгор ааш нь хорт хавдар шиг болдог.

Үзвээс дорой эздийнх нь хойноос

Үсээ зулгааж үгээ бардаг.

Уснаас гарсан бүсгүйг

эрэг дээр суугаагаар төсөөлөөд

Уруулын шунх хумсны будгаа зүлгэдэг.

Харваас ялдам хонгор бүсгүй болхоор

Хаврын цэцэрлэгт уусан арилж өгдөг.

"нэг гартаа Арчибальдын түүврийг сөхөж

нөгөө гараа хормой руугаа шургуулсан

хөлийнхөө шагайд цэцгийн шивээстэй

хөнгөмсөг түүнийг дээш өргө".

Эмэгтэй хүн яруу найрагт дурлахаараа

Эхнэр байх ээж байх нь хамаагүй

Эмзэг нарийн утсан дээр тэнцэж гараад

Энгэрээ задгайлж харуулсан Венера шиг

Эсвэл энгийн нэгэн ялаа болон хувирдаг.

 

*          *          *

Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Э.Гантулга

 

АМИЛА

 

Зөнгийн алтан өвсний лимбэ нууцхан эгшигнээ

Зөөлөн гунигаа нураан сэтгэл үймүүлээч Амила

Цасан манант уулсын сүмбэ цагаан модноо

Цант бодлыг үргээн над руу тэмүүлээч Амила

Хөх нөмрөгтэй сарны ганцаардлыг яаж мэдрэх вэ?

Хөшиг номин тэнгэрийн итгэл юмуу чи Амила

Өдөр бүхэн тэнгэрээс бороон дуслууд шивэрнэ

Үзэсгэлэн гоо гэдэг нь чи л юм Амила

 

Эрвээхэйн далинаас ч эмзэг турьхан Амила

Элж туулах амьдралын хөг эгшиг Амила

Амтат дасрны уянгаар навчис согтох намраа

Алган дээр минь буучихаад алга л байна уу даа чи Амила

Гоо марлын алхаа задгай нүүмэл гэзэг чинь

Гол усны урсгал мэт санагдах л юм Амила

Гоёмсог цэцэг, гэрэлт цагаан алчуурын

Гомдлыг нь чи яаж тайлдаг юм бэ? Амила

Мойл нүдээ хийлийн аялгуутай урсгасан

Модон байшингийн минь цонхоор сарыг ширтээч дээ Амила

Молор хийгээд болорхон ерын бус өдрүүдээс

Мөн чиг их хайсан шүү Амила

Амила

Чамайг би олсон юм, зурсан юм

Зурж суухдаа улам чиг их дурласан юм

Зураг болоод үлдсэн юм, одсон юм чи Амила

Зуу зуун жил өнгөрсөн ч хүлээсээр л байх юм би Амила

Бүлээн голын минь усанд гэзгээ задлаач Амила

Бүрх малгайгаа гээж би салхи болъё л доо Амила

Бүдгэрэн бүдгэрэх алс руу цаашлан холдох тусам чинь

Бүр их санах юм би чамайг Амила

 

Зөнгийн алтан өвсний лимбэ нууцхан эгшиг сүлж

Зөөлөн гунигаа нураан сэтгэл үймүүлээч дээ Амила Амила 

 

*          *          *

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
batsuuri orhonchimeg(202.55.188.44) 2023 оны 11 сарын 02

Гайхалтай яруу сайхан шүлгүүд уншлаа.Уран бүтээлч яруу найрагчиддаа үзэг нь хурц үг нь үнэн байж үргэлж сайхан шүлгээр онгод хийморь нь хөглөгдөн олноо баясгаж явахыг хүсье

1  |  0
anhni boroo(202.179.27.41) 2023 оны 11 сарын 02

goyo zuragnuud bainoo

1  |  0
Top