"ЭЕШ-ыг заавал үзэх хичээлийн агуулгаар зохион байгуулна"

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 06

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Баатарбилэгээс сурагчдын элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/-ын талаар тодрууллаа.



-Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг телевизийн сувгуудаар хүргэж байгаа. Энэ ажилд хөрөнгө, хүч хэр зарцуулж байна вэ?

-Хорио цээрийн дэглэмтэй холбоотойгоор телевизийн хичээлийг сар гаруйн хугацаанд зохион байгуулаад явж байна. БСШУСЯ-наас зохион байгуулалт удирдлагаар хангаж, Боловсролын хүрээлэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн сурган хүмүүжүүлэгчдийн удирдлага дор нэлээд олон хүний хүч хөдөлмөр шингэсэн ажил болж байгаа. Өнөөдрийн байдлаар 8000 гаруй цагийн хичээлийг бэлдэн хүргээд байна. 180 гаруй тэргүүлэх зэрэглэлийн багш, 300 гаруй телевизийн ажилтан, 18 телевиз теле хичээлийг зохион байгуулж улс орон даяар хүргэх ажлыг хийж байгаа. Энэ бол маш олон хүний хүч хөдөлмөр шингэсэн ажил. Тийм болохоор гар нийлж ажиллаж байгаа бүх хүмүүстээ баярлалаа гэж хэлмээр байна. Мөн бүтэн сарын турш ямар ч мөнгө төгрөг, санхүүгийн дэмжлэг хүсэхгүйгээр нийгмийн хариуцлагынхаа хүрээнд улс орон даяар эфирээрээ хичээл явуулж буй хэвлэл, телевизүүддээ Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлье.

-Хорио цээрийн дэглэм үргэлжилбэл теле хичээл үргэлжлэх үү. Үргэлжилдэггүй юм гэхэд хичээл хоцрогдол арилгах чиглэлийн арга хэмжээ авах шаардлага үүсэх байх?

-Сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг хаасан шийдвэр энэ сарын 30-наар дуусна гэдэг өмнөх шийдвэрүүд одоогоор хэвээрээ байгаа. Дөрөв, тавдугаар сард хичээлүүд долоо хоногийн зургаан өдрөөр явагдана. Багш нарыг илүү цагаар ажиллуулах болон бусад зохион байгуулалтын ажлыг яам хийчихсэн. Санхүү, төсөв, илүү цагийн хөлс бүх юмыг тооцсон. Сургууль цэцэрлэгүүдэд одоо удирдамж хүргэгдэж байна. Хичээл сургалт эхлэхээс өмнө сургууль, цэцэрлэгүүдэд ариутгал халдваргүйжил хийх, хичээл эхэлснээс хойш хүүхдүүдийн халууныг хэмжих багаж төхөөрөмжийн асуудал, хүүхдүүдэд хичээлээ ямар агуулгаар зааж эхлэх гээд олон бэлтгэлийг хангаж байна.

-Элсэлтийн ерөнхий шалгалт, анги төгсөлтийн шалгалтуудыг яах вэ?

-Энэ жил улсын хэмжээнд элсэлтийн ерөнхий шалгалтыг бол авна. Анги төгсөх болон улсын бусад шалгалтыг авахгүй, зохион байгуулахгүй гэсэн үг. Ер нь бол төгсөлтийн улсын шалгалтыг тавдугаар анги, есдүгээр анги, арванхоёрдугаар ангиас л авч байгаа шүү дээ. Өнгөрсөн хичээлийн жил эхлээд бага ангийн хүүхдүүдээс шалгалт авахыг болиулсан. Бага ангийн хүүхдүүд анги төгсөх шалгалт өгдөггүй. Тэгэхээр энэ жил улсын шалгалтууд болон анги төгсөх шалгалтуудыг зохион байгуулахгүй гэж ойлгох хэрэгтэй. Одоогийн байдлаар таван долоо хоногийн буюу 35 хоногийн танхимын хичээл тасарч, үүнтэй холбоотой теле хичээлээр энэ хоцрогдлыг нөхөх асуудал явж байгаа. Тэр таван долоо хоногийнхоо хичээлийг сурагчид дөрөв, тавдугаар сардаа эргэн харж шахуу программаар үзэх учраас бид энэ хичээлүүдийнхээ хоцрогдол, агуулгыг нөхөх асуудалд л гол анхаарлаа хандуулна. Түүнээс биш хүүхдүүдийг төгсөлтийн шалгалтад бэлтгэх, өөр янз бүрийн шалгалт, уралдаан, олимпиад руу сатааруулж болохгүй гэдэг чиглэл өгч байгаа. Арванхоёрдугаар анги төгсөж байгаа хүүхдүүдээс монгол хэлний шалгалт авдаг. Түүнийг авна. Одоогийн төлөвлөж байгаагаар дөрөвдүгээр сарын 25-нд эхний шалгалт авна. Энэ шалгалтад орж амжаагүй болон амжилттай өгч чадаагүй хүүхдүүдэд хоёр дахь боломж олгож шалгалт авдаг. Түүнийг тавдугаар сарын 16-нд гэж төлөвлөж байна. Энэ хоёр шалгалтаа бол авна. Яагаад гэвэл монгол хэлнийхээ шалгалтын босго оноог давж байж их, дээд сургуульд суралцах асуудал яригдана шүү дээ. Тийм учраас энэ хоёр шалгалтыг бол арванхоёрдугаар анги төгсөж байгаа хүүхдүүд заавал өгнө. Гэхдээ монгол хэлний шалгалт бол хичээл сургууль теле байдлаар явж байгаатай холбоотой хүндэрсэн агуулга байдаггүй. Ерөнхий арванхоёрдугаар ангийн хүүхдийн хэмжээнд ийм мэдлэгтэй байх ёстой гэдэг агуулгаар нь авдаг. Босго оноо нь 400 хэвээрээ байна. Сургуулиудаас зарим ангийг сонгож сургуулийн чанарыг тодорхойлдог боловсролын үнэлгээний шалгалт бол явагддагаараа явна.

-Элсэлтийн ерөнхий шалгалтын агуулгын хувьд?

-Элсэлтийн ерөнхий шалгалтыг бид заавал үзэх хичээлийн сургалтын агуулгаар зохион байгуулна. Өмнө нь бол заавал үзэх болон, сонгон суралцахыг аль алиныг нь хослуулаад нэлээд хүндэрсэн хэлбэрээр ЭЕШ зохион байгуулдаг байсан шүү дээ. Хичээл эхлэнгүүт хүүхдүүд багш нартайгаа сэдвийнхээ шалгалтад бэлтгээд явахад хүндрэл гарахгүй байх.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(122.201.21.79) 2020 оны 03 сарын 06

ЭЗа болиорой Ман гуай. Сан гэдэг чинь олон хүмүүст тасралтгүй боломж олгох зориулалттай байдаг. Эхний сурч ирсэн хүмүүс зээлээ төлөөд дараагийн хүмүүс зээл авах боломжийг бүрдүүлэх аргаар явдаг систeм. Үeийн үeд МАНынхан Боловсролын сайд хийхдээ энэ мeханизмыг гажуудууож дарга ангийн хүүхдүүдийг гадаадад сургадаг авлигын сүлжээ болгосон. Одоо Хүрэлсшх гэхэд бас арай ялгарах болов уу гэсэн бүүр улс даяар сонгуулмйн өмнөх хахууль улс төрийн хахууль болголоо. Маш буруу энэ бол шударга ёс бишээ

0  |  0
Top