Төсвөө яаралтай тодотго, бодлогын хүүгээ аажим бууруул

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 04

Мэдээж, төр засгийн удирдлагууд ийм хүнд цаг үед дэлхийн хандлагыг харж байгаа л байх. Дэлхийн тэргүүлэх эдийн засгууд дээр 2008 оны санхүүгийн хямрал шиг савлагаа үүсэж, нийтээрээ өсөлт нь саарах үйл явц үргэлжилж байна. COVID-19 гэж нэрлэгдсэн шинэ төрлийн коронавирусний тархалт БНХАУ, АНУ, Япон, БНСУ-аас авахуулаад хүчирхэг, эдийн засгийн дархлаатай улс гүрнүүдэд бараг бүгдэд нь цочроо өгөөд буй. Үүний нөлөөг дан ганц Монгол биш сулхан, дагуул эдийн засагтай улс орнууд бүр хүчтэй мэдрэх болж. Манай улсын хувьд шинэ вирусний тархалтаас хойш хилийн боомтоо хаан, гадаад худалдааг зогсоосноор зөвхөн экспортоос 200 гаруй тэрбум төгрөгийн алдагдал төсөвт ирсэн гэдэг албаны мэдээлэл байгаа ч судлаачдын зүгээс дам нөлөөг нь тооцоход 800 тэрбум төгрөгөөр хэмжигдэх тооцоо танилцуулсан. Улмаар бинзесийн салбарын төлөөлөл, эдийн засаг судлаачдаас эхлээд бараг дуугарах ёстой болгон л төр шуурхай арга хэмжээ авах шаардлагатай талаар байр сууриа илэрхийлж байна.

Засгийн газар Эдийн засгийг эрчимжүүлэх асуудлаар хуралдаж, энэ сарын 15-наас эхлэн уул уурхайн экспортыг сэргээх шийдвэр танилцуулсан нь бизнесийн салбарынхны итгэлийг бага ч болов сэргээв. Уул уурхай түшиглэж, урд хөршдөө борлуулдаг монголчуудад БНХАУ дахь өвчний тархалт хумигдсан мэдээ ч давхцан хүрэх шиг боллоо. Гэхдээ COVID-19 вирусний тархалт хамгийн наад зах нь ирэх дөрөвдүгээр сарыг дуустал үргэлжилнэ гэх мэдээллийг олон улсын эх сурвалжууд өгч байгаа.

Цаашид алдагдал хэд болж нэмэгдэх нь БНХАУ дахь өвчний дэгдэлтээс шууд шалтгаалах учраас энэ удаад түр орхиё. 

Ерөнхийдөө дэлхийн улс орнууд эдийн засгийн уналтаас сэргийлэхийн тулд хоёр төрлийн арга хэмжээ авахаар төлөвлөж буйгаа мэдэгдээд байна. Америк, Япон тэргүүтэй улсууд мөнгөний зөөлөн бодлого баримтлах замаар эдийн засгаа тэтгэхээ мэдэгдсэн бол Хятад, Солонгос зэрэг нь төсвийн тэлэх бодлого хэрэгжүүлнэ гэдгээ зарлав. Бүр олон арван тэрбум ам.доллараар хэмжигдэх хэмжээний хөрөнгийг эдийн засагт цутгаж эхэлсэн. Тэдгээр мэдэгдлийн нөлөө олон улсын хөрөнгийн зах зээл дээр бага зэргийн өсөлт болж мэдрэгдсэн. Монгол Улс ч төсөв, мөнгөний бодлогодоо өөрийн орны онцлогт тааруулсан өөрчлөлт оруулж байж энэ удаагийн хүндрэлийг давж гарах нь ойлгомжтой. Гэтэл Сангийн сайдын зүгээс төсвийн хөрөнгө оруулалтыг царцаахгүй. Хөрөнгө оруулалтаар дамжиж эдийн засгийг дэмжинэ гэж мэдэгдсэн. Тэрбээр тодотгол хийхгүй зохицуулах боломжтой гэж харж байгаа аж. Мөн Засгийн газрын хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлын үед зарим аж ахуйн нэгжийн татвар, нийгмийн даатгалын шимтгэлд алданги, торгууль тооцохгүй байх хуулийн төсөл боловсруулж УИХ-аар хэлэлцэн шийдүүлэхээр болсон гэдгээ ч зарлав. Өөрөөр хэлбэл, татварын орлого тасарсан ч хамаагүй энэ чигээр нь зүтгүүлэх бодлого баримтлах нь гэж ойлгогдсон. Нөгөө талаар уул уурхайн экспорт гацаж, ам.долларын орох урсгал татарсан үед төсвөөс гарах хөрөнгө оруулалтын үргэлжлүүлэх замаар ханшийг нисгэх эрсдэл үүсгэж мэдэх юм. Тиймээс замбараагүй олон барилга байгууламжид цутгахаар төсөвлөсөн мөнгөө л энэ удаад таначих гэдгийг коронагийн хор хөнөөлийг мэдэрсэн болгон зөвлөж эхэлсэн. Төсвийн орлого бол нүүрс, зэсийн экспортоос шалтгаалаад нэгэнт тасрах нь тодорхой болсон зүйл. Энэ нь бусад салбарт маш хүчтэй нөлөөлнө гэдгийг СЭЗИС-ийн судлаачид тодорхойлж гаргажээ. Тэд уул уурхай хоёр сар зогсоход  ДНБ-ийн өсөлт 2.5 хувиар буурч, Монголын эдийн засаг 800 орчим тэрбум төгрөгийн алдагдал хүлээх тооцоог танилцуулсан. Төсвөө яаралтай тодотгохгүй бол ийм эрсдэлүүд хүлээж байна. 

Тэгвэл мөнгөний бодлогоор эдийн засгийг удирддаг Монголбанкны хороо ойрын хугацаанд хуралдахаар товложээ. Тус хурлаар Монголбанкны ерөнхийлөгч бодлогын хүүг бууруулах санал оруулна гэдгээ мэдэгдсэн. Төв банкны ерөнхийлөгчийн зүгээс өнгөрсөн арванхоёрдугаар сард бодлогын хүүг 0.5 хувиар бууруулах санал оруулсан ч дэмжигдээгүй. Бодлогын хүүг 11 хувьд хэвээр хадгалахдаа, 2020 онд төсвийн зардал тэлснийг харгалзаж төгрөгийн ханшийн хэлбэлзлийг бууруулах арга хэмжээ авсан байдаг. Харин энэ удаад бодлогын хүүг бууруулснаар зээлийн хүү буурч, аж ахуйн нэгжүүдийг дэмжинэ гэж Төв банкныхан үзэж байгаа аж. Гэхдээ үүнд хэд хэдэн эрсдэл байгаа.

Монголбанкнаас төгрөгийн нийлүүлэлтээ нэмснээр 2800 төгрөг дөхөөд байгаа ам.долларын ханш галзуурах магадлалтай. Гадаад худалдаа царцсан ч эдийн засагт эргэлдэж буй ам.доллар болон төгрөгийн харьцаагаа дагаад ханш нисэж таарна. Эдийн засаг дахь төгрөгийн итгэлийг харсан ч тэр. Энэ нь импортоор дамжин инфляцад нөлөөлөн төгрөгийн үнэ цэнийг улам үнэгүйдүүлэх  магадлалтай юм. Мөн Сангийн сайдын хэлсэнчлэн Засгийн газар төсвийн тодотгол хийхгүй байх эрсдэл бий. Энэ хоёр зэрэгцвэл төсөв, мөнгөний бодлогын сувгаар дамжин эдийн засагт маш том хөөс үүснэ. Үүнээс сэргийлэх алхам бол Төв банк одоогийн бодлогын хүүний түвшингээ хэвээр хадгалах явдал. Үгүй бол Засгийн газар төсвийн тодотголоо УИХ-аар яаралтай оруулж хэлэлцүүлэн батлуулах ёстой. Угаасаа бодлогын хүүг бууруулах арга хэмжээ нь дор хаяж 6-8 сарын дараа эдийн засагт үр нөлөөгөө үзүүлнэ. Үзүүлэхгүй замхарч магадгүй. Өнгөрсөн онуудад баримталж ирсэн төсвийн тэлсэн бодлогын эрсдэлийг мөнгөний бодлогоор хаах боломжтой гэсэн үг.  Шаардлагатай бол УИХ-аас төсвийн тодотгол хийсний дараа бодлогын хүүг аажимд нь бууруулах боломж бүрэн бий.  Энэ мэт харилцан уялдаатай  бүсээ бага багаар сулруулах бодлого баримтлах нь 2015-2017 оны практикт оновчтой байсан. Монголбанк зах зээлд дээрх мөнгөний илүүдлийг татахаар хатуу бодлого баримталж байхад Засгийн газар төсвөө тэлж ирснээр эдийн засаг өдий зэрэгтэй хөдөлж эхэлсэн юм.

Угаасаа Сангийн яам, Монголбанк хэр сайн уялдаа холбоотой ажиллаж чадахаас улсын төсөв болон мөнгөний нэгдсэн бодлого үр дүнгээ өгч эдийн засаг тогтвортой өсөлтөө хадгалах нь хэнд ч ойлгомжтой асуудал. Сангийн яамны төсвийн бодлого, Монголбанкны мөнгөний бодлого хоёулаа зах зээлийн эрэл нийлүүлэлтийг зохицуулах ижил хүчин чадалтай. Монголбанк бодлогын хүүгээ өөрчлөх замаар эдийн засагт эргэлдэж буй мөнгийг удирдах боломжтой бол Сангийн яам төсвөө нэмж, хасах байдлаар мөн адил үр дагавар гаргаж болно. Харин зэрэг сул тавих нь хэтэрхий эрсдэлтэй алхам.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.170.66.22) 2020 оны 03 сарын 04

Банкны хүү бууруул гээд байх юм. Банкны зээлийн хүүг бууруулахын тулд хадгаламжийн хүүг л бууруулах хэрэгтэй. Улс одоо л энэ дээр зоригтой шийдвэр гаргах хэрэгтэй. Хүү буурууллаа гээд мөнгөө хадгалуулсан хүмүүс мөнгөө татаж аваад Швейцар луу л явчихав гэж. Угаасаа манайд л хадгаламжийн хүү гэж балай өндөр хүү өгөөд байдаг,. Харин ч мөнгийг нь аюулгүй хадгалж өгсөн гэж иргэнээс төлбөр авдаг. Жилийн 13 хувийн хүүг нь 6 хувь болгоход зээлийн хүү чинь 12 болоод л буух боломжтой ш дээ.

0  |  0
Top