ЭТТ | "Төлөвлөгөө тасалдах эрсдэлтэй ч нөхцөл байдлыг давж гарна"

Б.Болорсүх | Zindaa.mn
2020 оны 03 сарын 02

Ногдол ашиг тараахаа зарласан “Эрдэнэс-Тавантолгой” компани өнөөдөр /2020.03.02/ хэвлэлийн бага хурал зарлах үеэр төлөвлөгөө тасалдахад хүрээд байгаа талаар тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг мэдээллээ.

“Бид өмнө нь ч хэлж байсан гуравдугаар сарын 02-ны өдрийг хүртэл санхүүгийн эрсдэл үүсэхгүй гэж. Харин үүнээс хойш төлөвлөгөө тасалдах эрсдэл үүсэж байна.Үүнийгээ дагаад экспортын орлого тасалдах, борлуулалтын орлого буурах, үр ашгийн хэмжээ багасах, төсөл хөтөлбөрүүд үйл ажиллагаа эрчимтэй явуулах боломж хомсдож байна. Энэ бол байгалийн давагдашгүй хүчин зүйл. Компанийн нэн тэргүүний бодлого бол үндэсний эрх ашиг, Монгол хүний эрүүл мэнд. Бид эрсдэлийн төлөвлөгөөгөөр нөхцөл байдлыг давж гарах бүрэн боломжтой” гэж “Эрдэнэс-Тавантолгой компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг ярилаа.

“Эрдэнэс-Тавантолгой” компани он гарснаас хойш нийт 1.6 сая тонн нүүрс экспортолжээ. Компанийн удирдлагын хэлснээр Зүүн Цанхиас 580 мянган тонн нүүрс, Баруун Цанхиас  1.1 сая орчим тонн нүүрс Цагаан хаданд тээвэрлэж, зарим хэсгийг нь экспортолсон байна.

Монгол Улсын Засгийн газрын өгсөн чиглэлийн дагуу Улсын онцгой комисс хоёрдугаар сарын 11-ний өдрөөс гуравдугаар сарын 02-ны өдрийг хүртэл дөрвөн боомтын нүүрсний экспортыг зогсоох шийдвэр гаргасан билээ.  Харин Улсын онцгой комиссын хоёрдугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар нүүрсний тээврийг гуравдугаар сарын 15-ны өдөр хүртэл сунгасан юм.

Улсын онцгой комисс энэ долоо хоногт Цагаан хад боомт дээр ажиллан нүүрсний экспорт эхлүүлэх эсэхийг шийднэ гэдгийг компанийн зүгээс мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top