АУДИО: Монгол

О.Батсүх | Zindaa.mn
2020 оны 03 сарын 02

Zindaa.mn энэ удаагийн аудио зохиолоор зохиолч Соёрхын Пүрэвсүрэнгийн "Монгол" шүлгийг та бүхэнд сонордуулж байна.

Монгол.

Найрын хоймор халбалзаж ерөөлийн хадаг дэлгэсэн

Нас буян  ы даллагатай хөх өвгөд минь Монгол

Шад шүлэг хэлхэн тархиа ширгэтэл зүдэж суугаа

Шартаж, шарлахаж омогшсон найрагч эр Монгол

Өвөлжин үүцэлсэн айргаа өнөөдөр задлан залгилж

Үрээ даагаа өхөөрдсөн адуучин эр ч Монгол

Өвлийн шөнийн уртад үрээ бүүвэйлэн хоноод

Үүрээр амсхийн унтахдаа өлгий живх зүүдэлсэн ижий та ч Монгол

Хөх толботой Монгол хөдсөн дээлтэй Монгол

Хөрзөнгийн гал, аргалын утаа зөнгөөрөө зүүдлэх Монгол оо

 Гадаад далайг цалгиах гар дунгуй мэхээрээ

Газар газрын хүчтэнийг тас савах хүчтэн гарцаагүй та Монгол

Омогтой ааштай үгээрээ хор малтан хашгирах

Овтой зальтай наймаачин, худалдагч бүсгүй ч Монгол

 Одтой хийморьтой Монгол омог бардам Монгол

Олз омог мөрөөдсөн ив ижилхэн Монгол оо

Ум мани бад ми хум бувар бувар уншлагатай

Улаан орхимж нөмөрсөн өвгөн гэлэн ч Монгол

Уяхан замбутивын наранг цуурай хадаан шуранхайлах Уртын дууч, Дуурийн гоцлооч бүжигчин жүжигчин бүгдээрээ

Угсаа язгуур адилхан ув улаан хацартай удам залгасан Монгол

 Ам дамжсан цуурхалд давс нэмэн хачирлаж

Аймаг аймагт түгээхэд зардал гаргаж үзээгүй

Аатай авхаалжтай Монгол аядуу намуухан Монгол оо

Зээлийн барьцаанд гундсан ч дээлийн шинээр гангалдаг

Зэл татан нисэх нүүдлийн шувуу шиг

Монгол Жамт хорвоогийн ёсоор нүгэл буянаа хураахад

Зай нь эзгүйрэн үлдэх дэндүү цөөхөн Монгол

Эрхий долоовор хуруу шиг эзэн нэгтэй Монгол

Эрлэгийн өмнө очсон ч сээхэлзэж мэдэх Монгол оо

Монгол Монгол Монгол морин хууртай Монгол

Мохоо хутга шиг хорвоог сэлэмдэж мэдэх Монгол

Буурал орчлон бүхэлдээ бурхадын шийтгэлд чичирхэд

Бууз баншаа жигнээд битүүлж л суудаг Монгол

Тэнгэрийн тамгатай Монгол тэвдэхийг мэдэхгүй Монгол

Тэнхээт хүлгийн дөрөөнд туг шиг дэрвэсэн Монгол оо

Соёрхын Пүрэвсүрэн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top