Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчсөн 18 жолоочид хариуцлага хүлээлгэв

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 29

Засгийн газрын тогтоол, улсын Онцгой комиссын шийдвэрээр өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хот хооронд, аймаг сум, сум баг хоорондын автозамын хөдөлгөөнийг ирэх сарын 3-ны өдрийн 08:00 цаг хүртэл хаасан. Гэтэл дээрх хугацаа дуусгавар болоогүй байхад зарим жолооч баталгаат бус замаар явахыг завдах зөрчил нэлээдгүй байгаа нь хяналт шалгалтаар илэрч байна.

Энэхүү төрөөс гаргасан шийдвэрийг хэрэгжүүлээгүй замын хөдөлгөөнд оролцож, эрх бүхий албан тушаалтны тавьсан шаардлагыг биелүүлээгүй 34 жолоочийг илрүүлж, Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газарт шилжүүлэн 18 жолоочид Гамшгаас хамгаалах тухай хуулийн 5.13.1-д зааснаар хариуцлага хүлээлгээд байна. 

Зөрчил гаргасан жолооч нараас тодруулахад пост дээр очоод учир байдлаа хэлээд гарч болох байх, эсвэл таньдаг хүнээрээ гаргуулна гэсэн өрөөсгөл бодлоор олон км замыг туулж ирэх тохиолдол байна.

Иймд иргэд, жолооч та бүхэн хөдөлгөөний хязгаарлалт тогтоосон хугацаанд замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг дахин сануулан иргэн бүр үүргээ биелүүлж, хууль зөрчихгүй байхыг сэрэмжлүүлэг болгон хүргэж байна.

Зөрчлийн тухай хуульд зааснаар:

5.13 дугаар зүйл.Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих

1.Гамшиг, аюулт үзэгдэл, осол, аюул, гамшгийн эрсдэлийн талаар олон нийтийг төөрөгдүүлэх мэдээ, мэдээлэл түгээсэн, эсхүл эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын дэглэмийг зөрчсөн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Тиймээс хулгайн замаар явж ойр дотнынхноо, хайртай хүмүүсээ эрсдэлд бүү оруулаарай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top