Хятадын эрх баригчид Шведийн нийтлэлчид 10 жилийн хорих ял оноожээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 25

БНХАУ-ын Нинбо хотын дунд шатны шүүх Хятад улсад саатуулагдсан Шведийн нийтлэлч Гүй Миньхайд гадаад улс орны талд тагнуулын үйл ажиллагаа явуулсан хэргээр 10 жилийн хорих ял оноожээ.

Түүнчлэн түүний улс төрийн эрхийг таван жилээр хязгаарлажээ. Тус шүүхийн мэдэгдэлд дурдсанаар, Гүй Минхай ялын шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд давж заалдахгүй гэнэ. Гүй Минхай 2018 онд Хятадын иргэншлээ сэргээх хүсэлт тавьсан хэдий ч хүсэлтэд Шведийн иргэншлээс татгалзсан эсэх талаар дурдаагүй байна.

Хонконгийн нийтлэлч Гүй Минхай Хятадын эрх баригчид болон Коммунист намыг шүүмжилсэн ном бичиж, хэвлүүлдэг. Тэрбээр 2015 оны аравдугаар сард Таиландад амарч байгаад алга болж, тухайн үед хэвлэлүүд түүнийг Хятадын тусгай албаныхан хулгайлсан гэж бичиж байсан юм. 2016 оны нэгдүгээр сард Хятадын төв телевизээр түүний дүрс бичлэгийг гаргажээ. Тэнд Гүй Минхай 2003 онд автомашины осол гаргасан хэргийнхээ төлөө хариуцлага хүлээхээр Хятад улсад сайн дурын үндсэн дээр буцан ирсэн тухай мэдэгдэж байв. Ослын улмаас сургуулийн сурагч амиа алдсан аж. Тэрбээр хоёр жил шоронд ял эдэлж байгаад 2017 онд суллагджээ. Гэвч гурван сарын дараа Бээжингийн чиглэлийн галт тэрэгт дахин саатуулагджээ. Тухайн үед түүнийг Шведийн хоёр дипломат дагалдаж явсан байна.

Гүй Минхай 2019 оны арваннэгдүгээр сард зохиолчдын эрхийг хамгаалах олон улсын байгууллага “PEN International” Курт Тухольскийн нэрэмжит шагналыг эчнээ гардуулж байжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top