Хог хаягдлын менежментийг шинэ журмаар зохицуулна

2020 оны 02 сарын 21
Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXXII хуралдаанаар “Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах журам”-ын төслийг хэлэлцэж, батлав. Улаанбаатар хотод хог хаягдлыг ачиж, тээвэрлэх үйл ажиллагааг нийслэлийн ИТХ-ын 2015 оны 86 дугаар тогтоолоор баталсан журмаар зохицуулж байв.
 
Хог хаягдлын тухай хуулийг УИХ-аас 2017 онд шинэчлэн найруулсантай холбогдуулан дээрх журмын төслийг боловсруулсан гэдгийг төсөл боловсруулагчид онцлов. Уг журмын төслийг нийсэлэлийн ИТХ-ын ээлжит XXXI  хуралдаанаар хэлэлцэж, төслийг илүү сайжруулж, боловсруулах үүрэг өгөн буцаагаад байсан. Улмаар Ажлын хэсэг байгуулан ажиллаж дахин ИТХ-аар хэлэлцэн баталсан юм. Ажлын  хэсгийн зүгээс журмын анхны төсөлд байсан хог хаягдлын үйлчилгээнд ажиллах хүч, машин техникийн тоо хэмжээг заасан хэт нарийвчилсан заалтууд, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаатай  холбоотой зарим заалт, Улаанбаатар хотын ерөнхий менежер ТҮК-уудтай гэрээ байгуулах, сонгон шалгаруулах зэрэг Хог хаягдлын тухай  хуультай зөрчилдсөн хэд хэдэн заалтуудыг хасаж, нийслэл, дүүрэг, хороо, иргэн аж ахуй нэгжийн чиг үүргийг тодорхой зохицуулсан заалтуудыг нэмж оруулан найман бүлэг 293 заалттай байсан журмын төслийг шинэчлэн найруулж, 10 бүлэг 512 заалттай байхаар  боловсруулжээ. 
 
Ингэснээр нийслэлд хог хаягдлын нэгдсэн менежментийн журам хэрэгжүүлэхээр болсон юм. Өнөөдрийн байдлаар хог хаягдлыг дахин боловсруулах 29 үйлдвэр нийслэлд үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр үйлдвэр жилд дунджаар 300 мянга гаруй тонн хог, хаягдал цуглуулж дахин боловсруулах замаар эргэлтэд оруулж буй. Гэвч хог хаягдал цэвэрлэх, цуглуулах, тээвэрлэх чиглэлээр дүүргүүдийн тохижилт, үйлчилгээний компаниудтай байгуулсан гэрээний гүйцэтгэл хангалтгүй, хяналт сул байгааг Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр онцолсон. Мөн нийслэлийн хэмжээнд хог тээвэрлэж буй 306 машины олонх нь эвдрэл ихтэй байдаг. Тэгвэл журам батлагдсанаар арван төрлийн үйл ажиллагааг зохицуулж, хог хаягдлыг ачиж, цуглуулах тээвэрлэх үйл ажиллагааг нэгдсэн стандартад оруулж удирдлага зохион байгуулалтыг нь сайжруулж, үйлчилгээний нэгдсэн хяналт удирдлагын тогтолцоонд орж байгаа юм.
 
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Доржсүрэн Тунгалаг(64.119.20.112) 2020 оны 02 сарын 21

Өнөөдрийн байдлаар нийслэлд хог хаягдлыг дахин боловсруулах 29 үйлдвэр нь ХААНА БАЙНАА???ЦАХИМААР Ч ЭРЭЭД ОЛОХГҮЙ БАЙНА.”АМТЛАГ”гэдэг эх орны нэрсний чанамал амт чанар гайгүй байдаг болохоор манайх хэрэглэдэг.Шил тагийг нь авах байх гээд хадгаласан чинь :Манайх авахгүйээ...Хятадад захиалаад авчирдаг.Наад хэрэглэсэн шилийг ариутган хэрэглэх цех байхгүй гэж хариулсан даа...Бид чинь эх орны жимс хэрэглэж байна уу эс бол бас Хятадад тарис\nан тарьмал нэрс хэрэглэж байна уу???

0  |  0
Top