Хүн төрөлхтөн долоон мянган хэлээр ярьдаг

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 21

Өнөөдөр Эх хэлний олон улсын өдөр. Энэ өдрийг ЮНЕСКО-гийн ерөнхий бага хурлын шийдвэрийн дагуу 2000 оноос хойш жил бүрийн хоёрдугаар сарын 21-нд тэмдэглэдэг. 1952 оны хоёрдугаар сарын 21-нд Бангладеш улсын нийслэл Дакка хотод бенгали эх хэлээ төрийн хэл болгохын төлөө цагдаа нарт буудуулан амь үрэгдсэн оюутнуудын дурсгалыг хүндэтгэн энэ өдрийг сонгожээ.  

Энэ жилийн Эх хэлний өдрийг “Хил хязгааргүй хэл” сэдвийн дор тэмдэглэж  байна. НҮБ-ын мэдээллээр, хүн төрөлхтөн долоон мянган хэлээр ярьдгаас 2680 хэл устаж үгүй болох эрсдэлд байна. 370 сая хүн 90 улс оронд таван мянган уугуул иргэдийн соёлыг төлөөлдөг. 1970-аад оныг хүртэл уугуул иргэддээ эх хэлээ ашиглахыг хориглосон Австрали улс устаж үгүй болсон хэлний тоогоор тэргүүлдэг. ХХ зууны эхээр тэнд 400 янзын хэлээр ярдаг байсан бол өдгөө 25 хэлээр ярьдаг аж. Африк тивд 1.4 мянган төрлийн хэлнээс өдгөө 250 нь устаж алга болох эрсдэлд ороод байгаа бол 500-600 хэл уналтад оржээ. Зүүн хойд Азид 47 хэлнээс зургаан нь оршин тогтнож үлдсэн бол Тайваньд 23 төрлийн хэлний тал нь хятад хэлний “түрэмгийллийг”  тэсэн үлдэж чаджээ.

Хүн төрөлхтний түүхийн явцад яг хэчнээн тооны хэл устаж үгүй болсныг тодорхойлох боломжгүй. Хэл шинжээчид Европ, Бага Азид 75 төрлийн хэл, АНУ-д сүүлийн таван зууны туршид 280-аас 115 төрлийн хэл хэрэглээнээс гарсныг тогтоож чаджээ. ОХУ-д 60 гаруй төрлийн хэлийг улаан номд оруулжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top