Үндэсний шигшээ багт зургаан төрөл нэмж, 23 холбоог хамрууллаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 02 сарын 21

Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд спортын зургаан төрөл шинээр нэмэгдэж, тэдгээр холбоодод улсын төсвөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэрээ байгууллаа.

Үндэсний шигшээ багийн албанд харьяалагддаг олимпийн ес, паралимпийн долоо, нийт 17 спортын төрөл дээр гимнастик, ширээний теннис, шатар, тэшүүр, биатлон, 3х3 сагсан бөмбөг шинээр нэмэгдэж, Үндэсний шигшээ баг нийт спортын 23 төрөлтэй боллоо.

Шинээр нэмэгдсэн зургаан холбооны эхлэл болгож гимнастик, ширээний теннис, шатар, тэшүүрийн холбооны удирдлагуудтай “Токио-2020” зуны олимпийн наадам, “Бээжин-2022” өвлийн олимпийн наадамд оролцох баг тамирчдад санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэрээ байгууллав. Ингэснээр дээр дурдсан спортын төрлийн шигшээ багийн тамирчид гадаад, дотоодын тэмцээн, уралдаан, хамтарсан бэлтгэл цугларалт зэрэгт оролцох зардал улсын төсвөөс шийдэгдэх юм.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагч Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц "Монголын баг тамирчдыг олимпийн болон олимпийн бус төрөл гэж ялгалгүйгээр спортын төрөл бүрт, тамирчин болгонд улсын дэмжлэг туслалцааг жигд хүртээмжтэй байлгах зорилгоор Үндэсний шигшээ багийг өргөжүүлж, шинээр спортын 6 төрлийг нэмлээ. Улсаас өгч буй боломжийг алдалгүй амжилтаа ахиулахыг хүсье" гэсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top