НЗДТГ: Өнгөрсөн долоо хоногийн тойм

2020 оны 02 сарын 21

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн харьяа газар, агентлагуудын зүгээс 2020 оны хоёрдугаар сарын 17-наас хоёрдугаар сарын 21-ны өдрүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд хийсэн томоохон ажлууд болон хотын Захирагч С.Амарсайханы оролцсон арга хэмжээ, өгсөн үүрэг даалгавар, бүтээн байгуулалтын ажлуудтай холбоотой мэдээ мэдээллийг тоймлон хүргэж байна.


Эзэмшил газраа бэлэн орон сууцаар сольсон эхний айлууд түлхүүрээ гардан авлаа

Улаанбаатар хотын агаар, хөрс, орчны бохирдлыг бууруулах, төвлөрлийг сааруулах  ажлын хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханы захирамжаар иргэдийн эзэмшил газрыг бэлэн орон сууцаар солих ажлыг НОСК-аас өнгөрсөн оны арваннэгдүгээр сард эхлүүлсэн билээ. Энэ нь Улаанбаатар хотод анх удаа хийгдэж байгаа ажил бөгөөд гэр хорооллыг орон сууцжуулах төсөл хөтөлбөрүүдэд шинэ нэр төрлийн үйлчилгээ нэвтрүүлж буйгаараа  онцлогтой. Эхний ээлжинд Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо буюу Баянхошуу орчмын  5.2 га газарт 85 нэгж талбарын 310 гаруй иргэд  нэгдэн, газраа чөлөөлөх хүсэлтээ НОСК-д илэрхийлж шинэ орон сууцтай болж байгаа юм. Газраа орон сууцаар солих хүсэлтээ өгсөн иргэдийн төлөөлөлд орон сууцных нь түлхүүрийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Нийслэлийн орон сууцны корпорацийн захирал Б.Сүхбаатар нар гардуулж өглөө. Иргэдийн хувьд дээрх 24 байршилд газраа чөлөөлж орон сууцаар солих хүсэлтээ “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-д өгснөөр зах зээлийн нөхцөл байдлын судалгааг явуулж хөндлөнгийн үнэлгээний байгууллагаар газрын эздийн өмч хөрөнгийг үнэлүүлэх юм байна.  Ингэж үнэлэхдээ тухайн газар дээрх хүний гараар  бүтээсэн бүхий л эд хөрөнгийг үнэлгээнд оруулж тооцох юм.

   Ариутгал халдваргүйжүүлэлтийг сайтар хийхийг даалгалаа

Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн  боллоо. Хуралдааны эхэнд НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга өмнөх шуурхай зөвлөгөөнд хотын Захирагчаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Өнгөрсөн шуурхай зөвлөгөөнд 15 чиглэлээр үүрэг даалгавар өгсөн, 86 хувийн биелэлттэй. Хотын Захирагчийн өгсөн үүрэг даалгаврын хүрээнд хог ачилтын компаниудыг цахим системд холбосон, одоогийн байдлаар 15 байгууллагын 234 тээврийн хэрэгсэл GPS-ээр холбогдсон байна. Нэг хот нэг стандарт зорилтын хүрээнд явган хүний замын тохижилт, тэмдэглэгээг байршуулах 61 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр ажиллаж байна” хэмээв. Өнгөрсөн 14 хоногийн хугацаан дахь нөхцөл байдлын талаар нийслэлийн Тээврийн цагдаагийн алба, Онцгой байдлын газар, Цагдаагийн газраас мэдээлэл хийхдээ гэмт хэргийн гаралт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 31 хувиар буурсан, аюулт үзэгдэл, ослын дуудлага 67 хувиар буурсан талаар мэдээллэв. Түүнчлэн хулгайлах гэмт хэрэг 7.6 хувиар, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг  өнгөрсөн оны мөн энэ үеэс 20.0 хувиар тус тус буурсан талаар нэмж тайлбарласан юм. Өндөржүүлсэн бэлэн байдал зарласан энэ үед авч хэрэгжүүлж буй зарим арга хэмжээний талаар мэдээлэл өгөөд цаашид дүүрэг хороодын Засаг дарга нар цагдаагийн байгууллага болон мэргэжлийн хяналтын байцаагч нартай  мэдээллээ солилцож хамтарч  ажиллахыг уриаллаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан хийж гүйцэтгэж байгаа ажлын явцыг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын зарим удирдлагуудаас тодруулж, хэд хэдэн чиглэлээр үүрэг даалгавар өглөө. Тэрбээр “Дүүрэг, хороодын Засаг дарга нар өндөржүүлсэн бэлэн байдал зарласан үед онцгой дэглэмээр ажиллах ёстойгоо бүү мартаарай. Ажил хийж харагдахаас илүү эрхэлсэн ажилдаа эзэн болж ажиллаарай. Улаанбаатар хотыг тойрсон шалган нэвтрүүлэх товчоодоор  орж, гарч байгаа иргэдийн халууныг нь хэмжиж, эрүүл мэндийн үзлэгт заавал хамруулах хэрэгтэй. Ариутгал халдваргүйжүүлэлтэд онцгой анхаарч дүүрэг, хороодын Засаг дарга нар хяналт тавьж ажилла. Нийслэлийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газрын удирдлагууд олон нийтийг хамруулсан үйл ажиллагаа, үзэсгэлэн худалдааг таслан зогсоож хяналтаа эрчимжүүл. Өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаагаа ойлгож, хяналт шалгалтыг сулруулж болохгүй” хэмээн хэллээ.

Сар шинийн баяраар иргэдийг дроноор хянахгүй гэлээ

Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан нийслэлийн Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Л.Амармөрөн, МХЕГ-ын дэд дарга Ш.Батшагай, Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар нар нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд мэдээлэл хийлээ. Шинэ төрлийн вирусийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийслэлийн Засаг дарга нийтийн эзэмшлийн гудамж талбайд нус шүлсээ хаях, ил задгай бие засахыг хориглох захирамж гаргасан. Энэ хүрээнд нийслэлийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газраас хяналт тавьж ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 1800 гаруй иргэдэд Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авч торгожээ. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар “Сүүлийн өдрүүдэд Цагаан сараар айл хэсэх иргэдийг дроноор хянана, уламжлалт баярын золголтыг дроноор зогсооно, тэтгэвэртээ суусан ахмадуудыг эргүүлд гаргана гэх мэтчилэн худал мэдээллүүд цахим орчинд гарч иргэдийг төөрөгдүүлж байна. Өнгөрсөн амралтын өдөр нийслэлийн Онцгой комисс хуралдаж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хүрээнд онцгой шаардлагатай үед зарим төрийн албан хаагчдыг хуваарилж ажиллуулах талаар яригдсан. Амны хаалтгүй иргэдийг торгоно, Цагаан сар тэмдэглэж айл хэссэн иргэдийг дроноор хянана, сайжруулсан түлшний барьцалдуулагчийг гурилаар орлуулсан гэх зэрэг олон нийтийн сүлжээгээр явж байгаа баримт нотолгоогүй мэдээлэлд итгэхгүй байхыг хүсье” гэлээ.

Т.Гантөмөр: Өнөөдрийн байдлаар 1290 аж ахуйн нэгжид халдваргүйжүүлэлт хийсэн

Шинэ төрлийн вирусийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд худалдаа үйлчилгээний 10 мянган аж ахуй нэгжид ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийж байгаа талаар Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, нийслэлийн Эрүүл мэндийн газрын ахлах мэргэжилтэн Б.Баатарсүх, Мэргэжлийн хяналтын газрын хэлтсийн дарга А.Цэнд-Аюуш, “Монголын ариутгал, халдваргүйжүүлэлтийн төв” ТББ-ын тэргүүн Н.Баасанжав нар мэдээлэл хийлээ. Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “Эрсдэл бүхий обьектуудад нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөр ариутгал халдваргүйжүүлэлтийг үнэ төлбөргүй хийж байна. Өнөөдрийн байдлаар тусгай зөвшөөрөлтэй 37 байгууллагын 160 гаруй ажилчид уртасгасан цагаар худалдааны байгууллагын 1937, хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 509, ахуйн үйлчилгээний 1432  цэг болон эрсдэл бүхий 2451 гээд нийт 1290  аж ахуйн нэгж байгууллагад ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийж байна” хэмээн хэллээ. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын ахлах мэргэжилтэн Б.Баатарсүх “Шинэ төрлийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн чухал. Нийтийн эзэмшлийн гудамж талбай, томоохон зах худалдааны төв, нийтийн тээврийн хэрэгслүүдэд халдваргүйжүүлэхэд  хлор агуулсан бодисыг ашиглаж байна. Иргэд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх аргуудыг сайтар ашиглаж, амны хаалтаа зүүж хувийн ариун цэврээ сайтар хангахыг зөвлөж байна” гэв.

Туульч А.Балдандоржийг хүлээн авч уулзан баяр хүргэлээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй хотын удирдлагууд  Монгол Улсын Ерөнхий сайдаас “2019 оны шилдэг өвлөн уламжлагч” шагналыг гардан авсан туульч А.Балдандоржийг хүлээн авч уулзлаа. Хотын Захирагч С.Амарсайхан соёлын биет бус өвийн “2019 оны шилдэг өвлөн уламжлагч”-аар шалгарсанд баяр хүргээд, Монгол хүний үнэлэмж, өвлөн уламжлагчийн үнэ цэнийг нэмэгдүүлж, өнө эртнээс өвлөн уламжилж ирсэн өв соёл, монгол түмний ёс заншил, эрдэм мэдлэгийг хойч үедээ өвлүүлэн үлдээж буй үйлсэд талархал илэрхийлье хэмээсэн юм.

С.Амарсайхан: Нийслэл рүү орж байгаа иргэд, автомашиныг нэг бүрчлэн шалгаж нэвтрүүлэх ёстой

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй харьяа агентлаг, газар хэлтсийн удирдлагууд Налайх дүүрэгт ажиллаж байна. Шинэ төрлийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх болон Засгийн газрын 62 дугаар захирамжийн хүрээнд автотээврийн шалган нэвтрүүлэх товчоодод нийслэлийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газраас хамтарсан хяналт шалгалтыг хийж байгаа юм. Хотын Захирагч С.Амарсайхан хяналт шалгалтын үйл ажиллагаанд хүндрэл бэрхшээл тулгарч  буй эсэх асуудлаар Налайх дүүргийн Хонхор өртөө дэх шалган нэвтрүүлэх постны албан хаагчидтай уулзлаа. Хотын Захирагч С.Амарсайхан шинэ төрлийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хажуугаар сайжруулсан түлшний нийлүүлэлт, түгээлт угаарын хийн хордлогын асуудлыг орхигдуулж болохгүйг албаныханд сануулаад сэрэмжлүүлэг зөвлөмж мэдээллийг  иргэдэд байнга өгч байхыг холбогдох хүмүүст үүрэг болголоо. Мөн нийслэл рүү орж байгаа иргэд, автомашиныг нэг бүрчлэн шалгаж нэвтрүүлэх үүргийг нийслэлийн Эрүүл мэндийн газарт өглөө.

Иргэд өөрсдөө амны хаалт оёж хэрэглэх боломжтой

Хотын Захирагч С.Амарсайхан Налайх дүүрэгт байрлах ОБЕГ-ын харьяа Уул уурхайн авран хамгаалах ангид очиж ажиллалаа. Учир нь энэхүү аврах ангийн бие бүрэлдэхүүн дотоод нөөц боломжоо ашиглаж  онцгой байдлын ажилтны хувцас оёх оёдлын цех байгуулжээ. Энэхүү оёдлын цех 50 оёдлын машинтай, мөн тэр хэмжээний иргэнийг ажлын байраар хангах боломжтой болжээ. Хотын захирагч С.Амарсайхан "Амны хаалтын хэрэглээ иргэдийн дунд огцом өсөн нэмэгдэж, олдоц муутай байгаа цаг үед иргэд өөрсдөө гарын доорх материалыг ашиглан өөрсдөө амны хаалт хийж хэрэглэх шаардлагатай. Ийм нөхцөлд БЕГ-ын харьяа Уул уурхайн авран хамгаалах ангийн хамт олон та бүхэн шинээр байгуулсан оёдлын үйлдвэртээ амны хаалт оёж иргэдэд нийлүүлэх нь чухал байна" гэв. Тиймээс  нэн даруй үйл ажиллагаагаа эхлүүлж, эхний ээлжинд иргэдийн дунд эрэлт хэрэгцээтэй байгаа амны хаалт оёж дүүрэг нийслэлийн иргэдийн хэрэгцээг хангахыг чиглэл болголоо

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит хуралдаан боллоо

Нийслэлийн ИТХ-ын ээлжит 32 дугаар хуралдаан боллоо. Хуралдааны эхэнд томуу, томуу төст болон шинэ төрлийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд хийгдэж байгаа зарим арга хэмжээний талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар мэдээлэл өглөө. Тэрбээр “Томуу, томуу төст өвчлөлийн хувьд өнгөрсөн сарын байдалтай харьцуулахад буурсан үзүүлэлттэй байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад коронавирусийн халдвар бүртгэгдээгүй. Шинэ төрлийн халдварын сэжигтэй 170 гаруй тохиолдол бүртгэгдсэн байгаа. Одоогийн байдлаар Эрээнээс Зам-Үүд боомтоор хил нэвтэрсэн 103 иргэн эмчийн хяналтад, тусгаарлагдсан нэг иргэнийг хяналтаас гаргаагүй байна. Мөн Гашуунсухайт боомтод тусгаарлагдсан 12 хүний биеийн байдал хэвийн, эмчийн хяналтад байгаа” хэмээн хэллээ. Түүнчлэн  Монгол Улсад шинэ төрлийн халдвар бүртгэгдээгүй ч зөөвөрлөгдөн орж ирэх өндөр эрсдэлтэй гэсэн дүгнэлт гарсан талаар дуулгаад халдвар бүртгэгдсэн тохиолдолд тархах өндөр эрсдэлтэй цагаан сараар айл бүр гэр бүлийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлж чадвал аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой гэж зөвлөлөө. Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн зарим арга хэмжээний талаар танилцуулав. Түүнчлэн хуралдаанаар “Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах журам”-ын төслийг хэлэлцэж, баталлаа. Улаанбаатар хотод хог хаягдлыг ачиж, тээвэрлэх үйл ажиллагааг нийслэлийн ИТХ-ын 2015 оны 86 дугаар тогтоолоор баталсан журмаар зохицуулж байгаа. Хог хаягдлын тухай хуулийг УИХ-аас 2017 онд шинэчлэн найруулсантай холбогдуулан дээрх журмын төслийг боловсруулсан гэдгийг төсөл боловсруулагчид онцолсон юм. Ийнхүү найман бүлэг 293 заалттай байсан журмын төслийг шинэчлэн найруулж, 10 бүлэг 512 заалттай байхаар баталлаа.

“Эргүүл” арга хэмжээг эхлүүлж байна

Өнгөрсөн өдрүүдэд угаарын хийнд хөнгөн хэлбэрээр хордсон гэх дуудлага таван өрхөөс Яаралтай түргэн тусламжийн төвд ирж, гэрээр эмнэлгийн тусламж үйлчигээ, зөвлөгөө авчээ. “Covid-19” буюу шинэ төрлийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд нийслэлийн Онцгой комиссын шийдвэрээр Улаанбаатар хотод “Эргүүл” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж эхэлсэн байна. НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Өчигдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд угаарын хийн хордлогод өртсөн гэх дуудлага ирээгүй. Өнөөдрөөс нийслэлийн хэмжээнд “Эргүүл” арга хэмжээг эхлүүлж, нутгийн захиргааны байгууллагын нийт 71 байгууллагын 6700 гаруй төрийн албан хаагчид явган эргүүл хийж ажиллана. Мөн дүүргүүдийн төр захиргааны байгууллагын албан хаагчид нэмэлтээр хуваарийн дагуу үүрэг гүйцэтгэнэ.  Эргүүлээр ажиллаж байгаа албан хаагчид иргэдэд нийтийн эзэмшлийн гудамж талбайд нус, шүлсээ хаяхгүй, ил задгай бие засахгүй соёлч байхыг уриалж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг тарааж ажиллана” гэв. Түүнчлэн эргүүлээр ажиллаж байгаа албан хаагчид зах худалдааны төвүүдэд чанга яригчийг ашиглан иргэдэд амны хаалтаа зүүх шаардлагыг тавьж, сэрэмжлүүлэг мэдээг хүргэж ирэх дөрөвдүгээр сарын 1-н хүртэл ажиллах аж. Агаарын чанарын хувьд PM10 хэмжээтэй тоосонцор өнгөрсөн оны мөн энэ үетэй харьцуулахад 42 хувиар, PM2.5 тоосонцор 50 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Харин агаарын бохирдол өнгөрсөн оны мөн энэ үеэс 50 хувиар буурчээ.

Хот руу орж, гарч байгаа хөдөлгөөнийг бүрэн автомат системээр бүртгэлжүүлж, хянаж байна

Шинэ төрлийн халдварт өвчний тархалт дэлхий нийтэд буурахгүй байгаатай холбогдуулан улс орон, хот бүр тус өвчнөөс урьдчилсан сэргийлэх ажлыг хэрэгжүүлж байгаа. Энэ дагуу Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх хариуцлагажуулах чиглэлээр захирамжуудыг гаргасан. Захирамжийн дагуу Нийслэлрүү орж, гарах урсгалыг хянах, эрсдэлтэй нөхцөл байдлыг тогтоохын тулд 8 шалган нэвтрүүлэх товчоодод камерийн хяналт автомат системийг нэвтрүүлэн ажиллаж эхэлжээ. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын орлогч, Инноваци технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбатаас тодруулга авлаа. Тэрбээр хэлэхдээ “Шинэ халдварт өвчний эрсдэл өндөр байгаа энэ цаг үед Улаанбаатар хотруу орж гарч  байгаа иргэдийн урсгалыг хяналтандаа байлгах зайлшгүй шаардлагатай байна. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн хэмжээнд 8 орц гарцыг иж бүрэн камерын хяналтанд оруулах ажил хийгдэж байна. Эхний цэгүүдийг  бүрэн камержуулж хотруу орж гарч байгаа автомашины хөдөлгөөнийг бүрэн автомат системээр бүртгэж эхэлж байна. Ингэснээр зорчигдын хөдөлгөөн идэвхиждэг цаг үед эрсдэлтэй нөхцөл байдлыг түргэн шуурхай илрүүлэх, хяналтаа алдах, эрсдэл өндөр байдаг тул автомат буюу хүнээс хамааралгүйгээр бүртгэлжүүлж урсгалаа хянах нь бүх талын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байна” гэлээ.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top