Засгийн газар Оюутолгойн хөрөнгө оруулагчтай ЗӨВШИЛЦӨХГҮЙ

2020 оны 02 сарын 21

Оюутолгой  төслийн гол хөрөнгө оруулагч “Туркойз Хилл Ресурс”  татварын асуудалтай холбоотойгоор Монгол Улсын Засгийн газрыг Лондоны Арбитрын шүүхэд өгөхөөр болж буйгаа мэдэгдсэн.

Тэгвэл ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улсын Засгийн газар татварын маргааны асуудлаар зөвшилцөхгүй. Ямар нэг байдлаар зөвшилцлөөр явбал Монгол Улсын хууль тогтоомж биелэхгүй нөхцөл байдал үүснэ. 2015 онд батлагдсан Дубайн хэлцэлд татвартай холбоотой асуудал дээр Ч.Сайханбилэг Ерөнхий сайд дур мэдэн хандсан, зохицуулалт хийсэн асуудал бас бий” гэсэн байр суурийг илэрхийллээ.

Сануулахад, төслийн менежментийн эрхийг барьж буй “Рио Тинто”-той хэлэлцээ хийх Ажлын хэсгийг Л.Оюун-Эрдэнэ ахалж байгаа.  Түүний ахалсан Ажлын хэсэг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ болон төсөлтэй холбогдох бусад гэрээнүүдийг УИХ-ын 40, 57 дугаар тогтоолууд,  Монгол Улсын хууль тогтоомжуудад нийцүүлэн, сайжруулах үүрэг хүлээж буй юм.

УИХ-аас  2019 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдөр баталсан  “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай тогтоол”-ын дагуу Засгийн газарт өгсөн даалгавруудыг өмнө нь мэдээлсэн.

Засгаас байгуулагдсан Ажлын хэсгийн анхны хуралдаанаар 34 хувийн асуудлаас гадна  төслийн эрчим хүчний эх үүсвэр, Дубайн гэрээ, Татварын маргаан гэхчлэн анхаарал татсан сэдвүүдийг хэлэлцсэн.  Шаардлагатай гэж үзвэл Арбитрын шүүхэд хандаж болзошгүй гэж Л.Оюун-Эрдэнэ мэдэгдэж байсан.

Тэгвэл өнөөдөр тэрбээр татварын маргааны асуудал Арбитрын шүүхэд очих нь ер нь бол тодорхой. Иймэрхүү асуудлуудад сэтгэлзүйн хувьд бэлэн байх ёстой гэсэн байр суурийг илэрхийлэв. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top