Импортын барааны НӨАТ-аас 2020.06.30-ны өдрийг хүртэл ЧӨЛӨӨЛӨХ төсөл өргөн барина

2020 оны 02 сарын 21

 

БНХАУ-д гарсан шинэ коронавирусийн тархалтаас сэргийлэх зорилгоор үүссэн нөхцөл байдал эдийн засагт, бизнес эрхлэгчдэд эрсдэлүүдийг дагуулж байгаа. МҮХАҮТ-ын зүгээс үүссэн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, юуны өмнө хүнсний гол нэр төрлийн бүтээгдэхүүний нийлүүлэлтэд гарч болох хомсдол, үнийн өсөлт зэргийг тодорхойлох зорилготой хүнсний томоохон үйлдвэрлэгч, импортлогчидтой уулзалтуудыг зохион байгуулж, гарсан саналуудыг нэгтгэн УИХ, Монгол Улсын Засгийн газарт уламжилснаа мэдэгдэж байсан.

Түүнчлэн өргөн хэрэглээний хүнсний зарим барааны нийлүүлэлт, үнийг тогтвортой байлгах зорилгоор тэдгээр барааны гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх хугацааг хоёр хүртэл сараар сунгах, мөн 2020 оны зургаадугаар сарын 30-ны өдрийг хүртэл гаалийн болон импортын барааны нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх хуулийн төсөл  УИХ-д өргөн барих шийдвэр гараад байна.

Сургууль, цэцэрлэг, их дээд сургуулийн үйл ажиллагааг түр хугацаагаар хаасан, олон нийтийн үзвэр үйлчилгээний газруудыг хааж, зарим үйлчилгээний газарт цагийн хязгаарлалт хийсэн, Хятад улстай хиллэдэг боомтуудыг хаасан, мөн цагаан сарыг бүх нийтээр тэмдэглэхгүй болсноос шалтгаалан бизнес эрхлэх нөхцөл байдал хүндэрч, бизнес эрхлэгчид санхүүгийн алдагдал хүлээх болж байна гэж МҮХАҮТ-аас мэдээлж буй.

Энэ хүнд нөхцөл байдалд бизнесийнхэн харилцан ойлголцож, зээл ба хүүгийн төлбөрт уян хатан хандах, зээлийн бүтцийн өөрчлөлт хийх, түрээсийн төлбөрийг бууруулах ба хойшлуулах, торгууль алдангиас чөлөөлөх зэргээр зээлдэгч, түрээслэгчдэд дэмжлэг үзүүлэхийг Банк, Банк бус санхүүгийн байгууллагууд ба Түрээслүүлэгч аж ахуйн нэгжүүдэд уриалсан юм. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
: Дарь(103.57.95.22) 2020 оны 02 сарын 21

Төрийн их зардлыг татвараар л нөхнө шүү дээ. Эсвэл төрд дуусашгүй баялаг байдаг юмуу.

0  |  0
Top