ХНХЯ | З.Бауыржан: Уралдааны үр дүнд аж ахуйн нэгжийн ажлын хариуцлага дээшилж байгаа

Админ | Zindaa.mn
2020 оны 02 сарын 21

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хэлтсийн дарга З.Бауыржантай ХНХЯ, ХАБЭА-н үндэсний хорооноос ХАБЭА-н чиглэлээр хэрэгжүүлж буй бодлогын үр дүн хэрэгжилт болон  “Эрүүл, аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага шалгаруулах болзолт уралдаан”-ы талаар ярилцлаа.


-Эрүүл, аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага шалгаруулах болзолт уралдааны талаар та мэдээлэл өгнө үү ?

Эрүүл, аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага шалгаруулах болзолт уралдаан нь Үйлдвэрлэлийн орчин, ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулахаар ажиллаж байна. Мөн ажилтныг үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, бусад эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр аж ахуйн нэгж, байгууллагаас явуулж буй үйл ажиллагаа, санаачилгыг урамшуулан дэмжих, нийтийн хүртээл болгох, аюулгүй ажиллагааны зан үйл  соёлыг төлөвшүүлэх, тэдний сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилготой зохион байгуулагддаг. Энэ нь уламжлал болсноос гадна тухайн байгууллагууд бие биеийнхээ шинэ санаа, сайн туршлагаас суралцаж байгаа нь ажлын үр дүнд сайнаар нөлөөлж байна. Манай яамны болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн зүгээс уралдаанд оролцож шалгарсан аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаа, тэргүүн туршлагыг бусдад түгээх, сурталчлах ажлыг үе шаттайгаар зохион байгуулж үйл ажиллагааг дэмжин урамшуулдаг.

-Уламжлал болсон гэж та хэллээ. Тэгэхээр хэд дэх жилдээ энэ уралдаан болж байна.  Зохион байгуулалтын талаар яривал?

2011 оноос хойш уламжлал болгон амжилттай зохион байгуулж ирсэн. Энэ жил ес дэх жилдээ зохион байгуулах гэж байна. Манай яамны харьяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв уралдааны үндсэн зохион байгуулалтыг хийж, ХНХЯ болон ХАБЭА-н салбар хороод, орон нутгийн ХАБЭА-н зөвлөлүүд зохион байгуулалтад оролцож,  ХАБЭА-н үндэсний хороонд танилцуулж, үр дүнг хэлэлцдэг. Жил ирэх тусам хүрээ тэлэгдэхээс гадна зохион байгуулалтын ажил маш их үр дүнтэй, өгөөжтэй байгаа.

-Жил жилийн уралдаан өөрийн онцлогтой байх. Энэ жилийн хувьд өмнөх жилүүдээсээ юугаараа давуу талтай болох уу?

Сүүлийн жилүүдэд оролцогч аж ахуйн нэгж, байгууллагуудын тоо нэмэгдэж уралдааны цар хүрээ өргөжиж байгаа. Энэ нь өмнөх жилүүдийн уралдааны үр дүнг харуулж байгаа юм. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны 02 сарын 14-ний өдрийн  А/64 дугаар тушаалаар батлагдсан “Эрүүл, аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага шалгаруулах журам”-ыг шинэчлэн баталсан.  Энэхүү шинэчлэгдсэн журмын дагуу энэ жил уралдааны хугацаа, ангилал, шалгаруулалтад  өөрчлөлт орсноор зохион байгуулагдах юм.

-Уралдаан ямар ангиллаар зохиогдох вэ?

Энэ жилийн хувьд Уул уурхай, Эрчим хүч, Барилга, Зам тээвэр, Боловсруулах үйлдвэрлэл, Төрийн болон үйлчилгээний /боловсрол, эрүүл мэнд, худалдаа, үйлчилгээ, батлан хамгаалах, төрийн тусгай чиг үүрэг гүйцэтгэдэг салбар  гэсэн зургаан ангиллаар шалгаруулалт явагдана. Гэхдээ салбар тус бүрд 100 хүртэл ажилтантай аж ахуйн нэгж байгууллагаас нэг шилдэг. Мөн 100-аас дээш ажилтантай нэг шилдэг албан байгууллагыг шалгаруулах юм. Тэгэхээр тус бүр нэг нэг байгууллага шилдгээр шалгарна гэсэн үг. 

-Шалгаруулалт нууц явагдах уу?

Нууцлалын зэрэг байхгүй. Уралдаан маань хоёр үе шаттайгаар явагдана. Эхнийх нь аймаг, дүүргийн ХАБЭА зөвлөл нь төрийн болон үйлчилгээний салбарын анхан шатны шалгаруулалтыг харин Уул уурхай, эрчим хүч, барилга, зам тээвэр, боловсруулах үйлдвэрлэлийн салбарын холбогдох яамдын ХАБЭА-н салбар хороо нь тухайн салбарын  “Эрүүл-Аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага”-ын анхан шатны шалгаруулалтыг 03 сарын 01-ний дотор хийнэ. Хоёрдугаар шатны шалгаруулалтыг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв зохион байгуулж дүнгээ ХАБЭА-н  үндэсний хорооны  хурлаар хэлэлцүүлж 2020 оны 3 сарын 25-ны дотор шилдэг байгууллагуудыг тодруулна.

-Энэхүү уралдааны ач холбогдлын талаар?

2011 оноос хойш  найман удаа зохион байгуулж байгаа уг уралдаанд нийт 66 аж ахуйн нэгж, байгууллага  шалгарсан. Уг уралдаанд амжилттай оролцсоноор аж ахуйн нэгж, байгууллагуудад  хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр хэрэгжүүлж буй  үйл ажиллагаагаа олон нийтэд таниулан сурталчлах,  сайн туршлага,  дэвшилтэт арга барилаа бусдад түгээн дэлгэрүүлэх боломжийг олгож байгаагаараа онцлогтой юм. Мөн оролцсон байгууллагууд уралдааны болзлын дагуу 100 онооны шалгуурыг хангахын тулд ажлын байрны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн  тодорхой ажлуудыг  зохион байгуулснаар  эрүүл аюулгүй ажлын байрыг бий болгож,  таатай орчин нөхцөлд хөдөлмөрлөх нөхцөлийг бүрдүүлж байгаа нь уралдааны гол ач холбогдлыг агуулж байгаа ба тухайн аж нэгж, албан байгууллагын ажлын хариуцлага дээшилж байгаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top