Солонгос гаралтай Татьяна Бакальчук ОХУ-ын хамгийн баян эмэгтэй боллоо

2020 оны 02 сарын 20

Энэ долоо хоногийн эхээр хэвлэл мэдээллээр ОХУ-ын шинэ тэрбумтан Николай Сторонскийн талаар ярьж байсан билээ.

Харин өнөөдөр АНУ-ын Forbes сэтгүүл ОХУ-ын хамгийн баян эмэгтэйн суудлыг “Wildberries” интернэт дэлгүүрийн эзэн, 44 настай Татьяна Бакальчук эзэллээ гэж мэдээллээ.

Орос гүрний хамгийн баян эмэгтэйн алдрыг сүүлийн 14 жил тасралтгүй Москва хотын дарга агсан Юрий Лужковын гэргий Елена Батурина эзэлж байсан юм.
 


Батуринагийн хөрөнгө өнгөрсөн жилээс өөрчлөгдөөгүй буюу 1.2 тэрбум ам.доллар хэвээр байгаа бол Татьяна нэг жилийн дотор 400 сая ам.долларын ашигтай ажиллаж, 1.4 тэрбум ам.доллар болтол нэмэгдүүлж чадсан байна. 2019 онд “Wildberries”-ийн худалдааны эргэлт 88 хувь нэмэгдсэн нь нөлөөлжээ.

Шинэ жилийн өмнө Татьяна Бакальчук “Forbes”-т ярилцлага өгөхдөө “2019 онд байнга ажлын томилолтоор явсаар байгаад маш их ядарлаа. 2020 онд өөртөө амралт олгож, спорт, бясалгалаар хичээллэж, гэрбүлтэйгээ цуг баймаар байна” гэж ярьж байлаа.

Татьяна ярилцлага өгөх дургүй тул түүний талаар баримт цөөхөн.
 


Wildberries-ээс өмнөх амьдрал

Татьяна солонгос хүн ч Москвагийн ойролцоо төрж, өссөн. Газопровод тосгонд дунд сургуулиа төгсөөд Москвагийн Нийгэм, хүмүүнлэгийн их сургуульд элсжээ. Англи хэлний орчуулагч мэргэжлээр төгссөн тэрбээр хэсэг хугацаанд хувийн багшаар ажиллаж байв. 2004 онд анхны хүүхдээ төрүүлээд хэдхэн сарын дараа тэр ажилдаа эргэн орж байлаа. Тэр эхлээд Германы Otto, Quelle  каталогийн хувцсыг зардаг байж байгаад 2005 онд "Wildberries" компаниа байгуулжээ. Барааны агуулах байгаагүй тул гэртээ хамаг бараагаа хадгалдаг байсан гэдэг.

Хувийн амьдрал, бизнес

Татьяанагийн нөхрийн талаар мэдээлэл хомс. Ямар ч гэсэн радиофизикч мэргэжилтэй. Тэд 15 жил хамт амьдарч, 4 хүүхэдтэй болсон. Бизнест эхнэр нөхөр хоёр ажил үүргээ тодорхой хуваарилан авсан. Татьяна барааны сонголт, олон нийтийн сүлжээ, дотоод ажлыг хийдэг бол Владислав санхүүгийн дүн шинжилгээ, худалдан авалт, борлуулалтыг хариуцдаг. Гэхдээ компанийн хувьцааг бүгдийг нь буюу 100 хувь Татьяна Бакальчук эзэмшдэг тул хөрөнгө нь 2019 онд 1,2 тэрбум доллар болсон байна.
 


Амжилт

Бизнесийн анхны хөрөнгө юу байсан бэ гэсэн асуултад Татьяна хөдөлмөр, гэрбүл гэж хариулдаг. Амжилт олсон нууцаа баг, хамт олныг удирдах чадвар, худалдан авагчдын хэрэгцээг мэдрэх увдис гэж хэлсэн байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(192.82.70.49) 2020 оны 02 сарын 21

good job

0  |  0
Top