ОЛОН ӨНГӨ: Аавыгаа л харамласан байх...

Админ | Zindaa.mn
2020 оны 02 сарын 21

Мөлхөж яваад мөргөлдөж танилцсан гэдэг шиг хэдхэн сарын зөрүүтэй үеэлтэйгээ би ухаан орсон үеэсээ л анд болж, муудахдаа муудаж, ихэнхдээ санаа нийлж барилдаж, тоглож өссөн юм. Хар багын анд, ахан дүүс болсон түүнээсээ би ганц явдлыг эс тооцвол юмаа харамлаж үзээгүй санагдана. 2000-аад оны эхэн үед болов уу, ямартай ч зургаан залуу заан ид мандан бадарч, эр бяраа гайхуулж явсан үе юмдаг. Үеэл маань хар багаасаа л бөхийн секцэд явдаг бөхөд хорхойтой нэгэн. Харин би шавилхан биетэй болохоор ч тэр үү бөх сонирхдоггүй хүүхэд байлаа.

Одоо бодоход тэр жилийн Цагаан сарын барилдаанд Өсөхөө аварга түрүүлсэн санагдаж байна. Битүүний өдөр Түмээ анд манайд ирчихсэн, бид битүүлэх санаатай тоос шороогоо гөвөөд л, бууз баншаа чимхэж чухам л завгүй байлаа. Аав маань сар шинийн бөхөө үзэх зуураа хаа нэг бууз чимхэж сууна. Мөн Түмээ гэрт ирсэн зочин учир тэгсгээд л хийцгүй сууна.

Би гэдэг хүн ус, түлээ цэгцлэх гээд хэрэндээ л гэрийн ажил хийж гадуур дотуур гүйж, гүйж арай гэж нэг юм алба дуусаж гэртээ орж ирэв ээ. Гэрийнхээ хаалгаар ороод хартал аав найз хоёр минь зэрэгцээд суучихсан аав хүү хоёр гэхээс илүү бүр анд нөхөд мэт нэвт шувт нэгнээ ойлголцож яриа нийлчихсэн бөх ярьж харагдлаа. Тэр үед би аавтайгаа хэзээ ийм дотно байж үзлээ гэж өөрөөсөө асууж байсан юм. Тэгэхэд л мөчид хором зуур хар багын найзаасаа аавыгаа харамлах сэтгэл өөрийн эрхгүй төрж билээ. Мөн өөрийгөө бас ихэд голж байлаа.

Хэрвээ би жаахан ч гэсэн бөх сонирхдог байсан бол түүний оронд аавынхаа дэргэд “Тэр бөхийн бэлтгэл муу байна даа”, “Хэн энэ жил өнгөтэй байна” гээд ярьж суух байсан байхдаа гэж аргагүй бодож билээ. Магадгүй тэр мэдрэмжээс үүдэн би бөх сонирхдог болсон байх.

Одоо бол аавынхаа дэргэд хэзээний бөхийн хорхойтон мэт суучихаад “Энэ жил Н.Батсуурь түрүүлэх байх, их өнгөтэй байна даа” гээд ярьчихаар болсон шүү. Энэ бол найзын минь гавьяа. Учир нь тэр үед би аавыгаа харамлах сэтгэл төрөөгүй бол өдгөө Монгол үндэснийхээ өв соёлоор бахархаж, аавтайгаа халуун дотноор хамт суух цаг хомсхон байх байсан болов уу гэж боддог юм.

М.ЧИНЗОРИГ

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ч(202.126.89.174) 2020 оны 02 сарын 21

Цагдаа нарыг шанааддаг дүрвэд Батсуурь түрүүлнэ гэж бичихийг бодоход Увсчууд бүх Монголыг дагуулах супер Увс хүн бололтой. Ядруухан бичих аяджээ.

0  |  0
аө(103.80.210.4) 2020 оны 02 сарын 21

тийм шүү. бөх үздэггүй монгол хүн нэг л эвгүй байдөг шүү

0  |  0
Top