ШИНЭ СУДАЛГАА: II улиралд худалдан авалт БУУРАХААР байна

2020 оны 02 сарын 20

Иргэдийн эдийн засгийн ӨНӨӨГИЙН  байдлын үнэлэмж болон ИРЭЭДҮЙН төлөв байдлын хүлээлтийн талаарх мэдээллийг агуулдаг “Хэрэглэгчийн итгэлийн индекс”-ийн шинэ мэдээлэл буюу 2019 оны дөрөвдүгээр улирлын үр дүнг танилцуулъя.

Сануулахад, уг судалгаа 2009 оноос эхлэн жил тутам хийгдэж эхэлсэн. МУИС-ийн Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв болон Эн-Ар-Си-Си судалгаа, зөвлөгөөний компани хамтран 24 дэх улирлын судалгаагаа хийгээд буй юм.

Монгол Улсын хэрэглэгчийн итгэлийн индекс (ХИИ) өмнөх оны мөн үеэс 4.1 пунктээр өсөж,  94 болсон байна.  2019 оны гуравдугаар улирлын байдлаар  83.5 байсан билээ.

ТОДОТГОХОД:  Хэрэглэгчийн итгэлийн индекс нь хэрэглэгчийн итгэлийг хэмждэг макро эдийн засгийн түрүүлэгч индекс. Хэмжихдээ өрхийн санхүү, ажлын байрны олдоц, бизнесийн нөхцөлийн хүлээлтээр хэмждэг. Харин эдгээр  хүчин зүйлсийн хүлээлтэд юу нөлөөлөв гэдэг нь илүү өрхийн түвшний судалгаа болно. Тэгэхээр Хэрэглэгчийн итгэлийн индексийн  мэдээллийг ашиглахдаа яагаад ирээдүйн бизнесийн нөхцөл болон өрхийн орлогын талаараа өрхүүд гутранги хүлээлттэй байгааг тодруулах гэхээсээ илүүтэй энэ нь цаашид бизнесийн байгууллагууд, бодлого боловсруулагчдад юу гэсэн дохио вэ гэдэг талаас нь харвал зүгээр. Хэрэглэгчийн итгэлийн индексийн утга 2016 оноос хойш өсөлттэй байсан хэдий ч 100 гэдэг утгандаа 2014 оноос хойш хүрээгүй. Хэрэглэгчийн итгэлийн индексийн утга 100 байгаа үед бид эдийн засаг хэвийн байна гэж үзнэ. 100-аас бага байгаа үед хэрэглэгчид гутранги байна гэж үзнэ. Тэгэхээр 2016 оноос хойш Хэрэглэгчийн итгэлийн индекс өсөж байгаа ч 100 буюу хэвийн түвшиндээ хараахан хүрээгүй л байна” гэж судлаач Б.Соёлмаа хэлж  байсан.

Хэрэглэгчийн итгэлийн индекс судалгаа нь иргэдээс ирэх зургаан сар болон нэг жилийн хугацаанд үнийн түвшин, валютын ханш, зээлийн хүү болон орон сууцны үнийн талаарх хүлээлтийг тандаж, цуглуулсан мэдээлэлдээ үндэслэн эдгээр үзүүлэлтийн талаар ирээдүйн таамаглал гаргадаг.  Мөн түүнчлэн иргэдээс ирэх зургаан сар болон нэг жилийн хугацааны зээлийн болон томоохон хэмжээний худалдан авалтын төлөвлөгөөний тухай тандалт судалгааг хийдэг.

2019 оны дөрөвдүгээр улиралд Хэрэглэгчийн итгэлийн индексийн өөрчлөлтөд түүний бүрэлдэхүүн хэсэг болох хүлээлтийн индексийн өсөлт нөлөөлжээ. Тухайлбал, ирээдүйн хүлээлтийн индекс жилийн өмнөх түвшнээсээ 10.5 пунктээр (9.3 хувь) өсөж  123.4 болсон.

Харин өнөөгийн байдлын индекс өмнөх оны мөн үед 55.3 байсан бол жилийн хугацаанд 5.6 пунктээр (10.1 хувь) буурч 49.7 болсон байна. Өнөөгийн байдлын индекс сүүлийн гурван  жилд анх удаа буурчээ.

Өнөөгийн байдлын индексийн бууралтад бизнесийн нөхцөл байдал муудсан (4.7 пунктээр буурсан) болон ажлын олдоц муудсан (6.5 пунктээр буурсан) нь нөлөөлжээ.

ӨНӨӨГИЙН байдлын индекс  гэдэг нь иргэдээс  яг одоогийн нөхцөл байдлын талаар асуухад өгч буй хариултын дүн юм.

Харин ойрын ирээдүйд буюу ирэх зургаан  сарын хугацаанд эдийн засгийн байдал ямар байх талаар өрхийн ХҮЛЭЭЛТ өсөхөд өрхийн орлого (15.4 пунктээр өссөн) болон бизнесийн нөхцөлийн индексийн өсөлт (9.0 пункт) гол нөлөө үзүүлсэн байна. Өрхийн ирээдүйн ажлын олдцын индекс 7.0 пунктээр өсжээ.

Хэрэглэгчийн удаан эдэлгээтэй бүтээгдэхүүн худалдан авах төлөвлөгөө нь үйлдвэрлэл өсөх, буурахыг урьдчилан хэлэх боломжтой эдийн засгийн чухал нэгэн түрүүлэгч индикатор.

Аялал жуулчлал болон удаан эдэлгээтэй бүтээгдэхүүнүүд болох үл хөдлөх хөрөнгө, томоохон эд хогшил, автомашин зэрэг нь өрхийн хувьд өндөр өртөгтэй худалдан авалт учраас хэрэглэгчид худалдан авах чадвартаа итгэлтэй байгаа үедээ л авдаг. Тиймээс эдийн засгийн талаар гутранги байгаа үедээ хэрэглэгчдийн итгэл буурч, юуны өмнө автомашин, цахилгаан бараа зэрэг удаан эдэлгээтэй бүтээгдэхүүний хэрэглээний зардлыг бууруулдаг.

Монгол Улсын хувьд хэрэглэгчдийн худалдан авалтын төлөвлөгөө 2019 оны II улиралд нэлээд өсөлттэй байхаар гарч байсан бол ирэх оны II улиралд буурахаар байна.

Тухайлбал, 2019 оны IV улирлын судалгаагаар томоохон эд хогшил худалдан авах төлөвлөгөө өмнөх оны мөн үеэсээ хоёр дахин буурч 11.4 хувь болж буурсан.

 

Бусад том худалдан авалтуудын хувьд:

 

  • Автомашин 3.4 пунктээр

 

  • Үл хөдлөх хөрөнгө 2.2 пунктээр

 

  • Аялал жуулчлал 0.2 пунктээр буурчээ.

 

Мөн түүнчлэн, хэрэглэгчдийн 16.5 хувь ирэх 6 сарын хугацаанд зээл авах төлөвлөгөөтэй байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6.1 пунктээр бага байна.

Хэрэглэгчид ирэх зургаан  сард инфляцыг 4 хувь, ирэх нэг жилийн хугацаанд 7 хувь  байна гэсэн хүлээлттэй байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад бага зэрэг өссөн үзүүлэлт юм.

Ам долларын ханш болон орон сууцны үнийг өснө гэсэн хүлээлттэй байгаа бол зээлийн хүүг буурна гэсэн хүлээлттэй байна.  Ам.долларын ханшийг ирэх зургаан  сард 2799 төгрөг байна хүлээлттэй байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top