Сүмо бөхийн Хаврын тэмцээн цуцлагдаж магадгүй болжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 20

Хятадад гарсан шинэ төрлийн коронавирус болох COVID-19-ийн халдварын хүрээ Япон оронд улам бүр тэлсээр байна. Халдвар авагчдын тоо 600 хол давж, нэг хүн амиа алдан, дэлхийд Хятадын дараа коронавирусийн халдвар хамгийн их тарсан улс болоод байгаа билээ. Халдвар Японд тархсан шалтгааныг "Даймонд Принцесс" хөлөг онгоц, Уханиас ирсэн иргэддээ тохож байсан бол одоо тэдэнтэй огт холбоогүй газарт ч халдварын тохиолдлууд бүртгэгдэж эхэллээ.

Ард иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор спорт, урлагийн олон арга хэмжээ цуцлагдаж, хойшлогдон, Токиогийн олимпын өмнөх бэлтгэл ажил саатжээ.

Энэ бүхний үр дүнд Осака хотод ирэх сарын 8-нд эхлэх ёстой мэргэжлийн сүмо бөхийн Хаврын тэмцээн ч цуцлагдах аюулд учраад байна. Өчигдөр /2020.02.19/ Японы сүмо бөхийн холбооноос  хоёрдугаар сарын 28-нд Осака хотын “GRAND FRONT OSAKA”-д болох байсан “Нишёоносэки” галын бөхчүүдийн хамтарсан бэлтгэлийг цуцалснаа зарлалаа. Мөн тус хотод энэ сарын 26-наас гуравдугаар сарын 1 хүртэл явагдах байсан сүмо бөхийн “Хавар ирлээ! Үмэкита башё” арга хэмжээг ч мөн адил хориглосон. 2017 оноос эхэлсэн Хаврын тэмцээний өмнөх энэхүү арга хэмжээ нь 5000 гаруй үзэгч үздэг, орлогын нэгэн том эх үүсвэр байсан ч цуцлагдлаа. Учир нь Осака хотод коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгдсэн. Тиймээс Сүмо бөхийн холбооноос сүмочид, засуул, ояката, үзэгчдийн эрүүл мэндийг нэн түрүүнд анхаарах болно гэж мэдэгдээд байгаа. Энэ сарын 25-нд “EDION Arena Osaka”-д болох байсан хүүхэд тэвэрч, зураг авхуулдаг арга хэмжээ, бөх сонирхогчидтой гар барьж, гарын үсэг өгдөг ёслолыг ариун цэвэрт тохирохгүй гэж хаалаа. 

“Сүмогийн башё байтугай “Токио 2020” олимпын наадам зохион байгуулагдах эсэх нь тодорхой бус байна” гэж зарим хэвлэлээр гарч байгаа ч Японы Засгийн газар, Токио хотын захиргаа, Олимпыг зохион байгуулах хороо, ОУОХ-ноос олимпын наадам хугацаандаа болдгоороо болно, санаа зовох хэрэггүй гэсэн албан ёсны мэдээлэл хийсэн. ОУОХ-ны ажлын хэсэг энэ долоо хоногт Японд ажиллаж байна. Ажлын хэсгийн ахлагч Жон Коутс “Бид Япон улсын эрүүл мэндийн байгууллагад итгэж байна” гэсэн товч бөгөөд тодорхой хариулт өгснөөс үзэхэд “Токио 2020” олимп ямар ч гэсэн хойшлолгүй явагдах бололтой. Олимпын тэмцээн уралдааныг үзэгчгүй явуулах санал гарсныг Зохион байгуулах хорооноос авч хэлэлцэх шаардлага байхгүй гэж үзсэн.

Токиогийн олимп бүтэн таван сарын дараа болох бол сүмо бөхийн Хаврын тэмцээн 17 өдрийн дараа буюу эмнэлгийн байгууллага, мэргэжилтэн шинжээч нар олон хүн цугларах үйл явдал, концерт, спортын тэмцээнийг албан ёсоор цуцлах нь зүйтэй гэсэн санал гаргасан үед эхлэх гэж байна.

Ирэх сарын 1-нд болох Токиогийн марафонд жил бүр 38000 орчим хүн оролцдог. Харин энэ жил зөвхөн мэргэжлийн тамирчдын хүрээнд л явуулна. Уралдааныг зохион байгуулагчид тамирчдад маск тараах, ариутгалын хэрэгсэл тавих зэрэг арга хэмжээ авна гэж зарласан. Замын дунд гадил жимс зүсэж тавин, тамирчдад тараадаг ч энэ удаад ариун цэврийн үүднээс зүсэхгүй бүхлээр нь тавих гэнэ. Гэхдээ марафон бол гадаа талбайд явагддаг тул халдвар тархах магадлал сүмо бөхөөс бага спортын төрөл. Масктай гүйж болох ч масктай барилдана гэдэг хэцүү. Мөн энэ сарын 21-23-нд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Хоккайдогийн өвлийн тусгай наадам”-ыг Хоккайдогийн иргэдэд халдвар тараах магадлалтай, хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын эрүүл ахуйг хамгаалахад хүндрэлтэй гэдэг шалтгаанаар бүр мөсөн зогсоолоо.

Хаврын тэмцээн явагддаг Осака хотын спортын цогцолбор нь бусад хотын цогцолбороос жижигхэн, цонх, хаалга цөөхөн тул "Даймонд Принцесс" хөлөг онгоц шиг давчуу гэхэд болно. Хаврын тэмцээний тасалбар хэдийн зарагдаж дууссан байгаа учир энд өдөрт 8000, 15 өдөрт 120000 хүн цуглана гэсэн үг.

Энэ олон хүнд амны хаалт тарааж өгөх хэцүү, шат, хаалганы бариулыг байнга ариутгах нь мөн л их хөдөлмөр шаардана. Жилд ганц удаа болдог тэмцээн тул тасалбар авсан хүмүүс, ялангуяа настай, ахмад хүмүүс заавал үзэхээр ирэх нь тодорхой. Үзэгчдийг масктай ирэхийг сануулах арга хэмжээ авч болно. Саяхан БНСУ-ын Сөүлд болсон уран гулгалтын тэмцээн маскгүй үзэгчийг оруулахгүй гэж зарласан нь зардал мөнгө хэмнэх нэг арга байлаа.

Гэхдээ гуравдугаар сарын 8 хүртэл өвчний халдвар улам нэмэгдэх эрсдэл байгаа тул Сүмо бөхийн холбоо одоогоос башёг цуцалсан тохиолдолд ямар арга хэмжээ авах, тасалбарын мөнгийг хэрхэн буцаан олгох зэргээр бэлтгэж эхэлж байгаа нь гарцаагүй. Японы Засгийн газраас "Даймонд Принцесс" хөлөг онгоцны халдвар дээр авсан арга хэмжээг гадаад улс оронд маш их шүүмжилсэн. Тиймээс дахин ийм асуудал гаргахгүйн тулд сүмо бөхийн башёг цуцлах саналтай мэргэжилтэн, Засгийн газрын эрх тушаалтан олон байна.

Ерөнхий сайд Шинзо Абэ энэ сарын 18-нд коронавирусийн эсрэг ажлын хэсгийн хуралдаан дээр “Спорт урлаг, улстөр, эдийн засгийн том арга хэмжээг ард түмний аюулгүй байдлыг харгалзан үзэж, мэргэжлийн байгууллагын дүгнэлтэд үндэслэн цуцалж болно” гэж хэлсэн. Ингэхээр сүмо бөхийн Хаврын тэмцээн цуцлагдах хангалттай үндэслэл байгаа юм.

Мэргэжлийн сүмо бөхийн башё олон зуун жилийн түүхтэй ч хоёр л удаа цуцлагдаж байжээ. Бусад спортын тэмцээнээс ялгаатай нь башё хоёр сард нэг зохион байгуулагддаг тул хугацааг хойшлуулж болдоггүй.

2011 онд Найрааны хэргээр Хаврын тэмцээнийг цуцалж байсан бол алс тэртээ 1946 онд дэлхийн II дайны үеэр шатсан Сүмо бөхийн ордныг сэргээн засварлаж амжаагүй тул Зуны тэмцээн цуцлагдаж байжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(66.181.161.63) 2020 оны 02 сарын 20

sumogoo barilduulaachee

0  |  2
Top