Ж.Ганбаатар: Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ бол улс орны хөгжлийн тулах цэг мөн

2020 оны 02 сарын 19

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатарын
2016-2019 оны ажлын тайлан сэтгүүлээс цувралаар хүргэж байна

 

-Жижиг, дунд үйлдвэр бол улсын хөгжлийн тулах цэг гэж та хэлж байсан. Үндэсний үйлдвэрлэл нь үндэсний үйлчилгээтэйгээ дандаа хамт хөгжих ёстой ч гэсэн. Ингэж хэлснээр жижиг, дунд үйлдвэрлэл, ЖДҮ-чин гишүүд хоёр огт өөр зүйл гэдгийг хүмүүс анзаарсан л даа?

-Яагаад жижиг, дунд үйлдвэрлэлийг төр анхаарах ёстой юм бэ, бусад салбартай л адилхан өөрсдөө өрсөлдөөд явж болдоггүй юм уу гэдэг асуудал яригдана. Дэлхий нийтийн жишиг бага хүүтэй зээл өгч, татварын хөнгөлөлт эдлүүлэх зэргээр анхаардаг. Ингэж хүлээн зөвшөөрөх гурван шалтгаан байна.

Нэгдүгээрт, ажлын байрыг хамгийн их бий болгодог салбар. Өнөөдөр Монгол Улсын хөдөлмөрийн насны иргэн ойролцоогоор 1 сая 181 мянга орчим байгаа. Эдгээрээс 775 мянга орчим нь энэ салбарт ажиллаж байгааг Үндэсний Статистикийн хорооноос гаргаж өгч байгаа тоо харуулж байна. Яагаад энэ салбарт ийм их хүн ажилладаг юм бэ гэж асууж магадгүй.

Та өглөө гэрээсээ гараад таксинд суухад л таныг жижиг, дундынхан угтдаг. Өдөр хоол идэх, үсээ засуулах, гүйж гараад хувцсаа хими цэвэрлэгээнд өгөх гээд өдөр тутмын амьдралын бүх үйлчилгээг жижиг, дунд үйлдвэрлэгч хангаж байдаг. Ажлаасаа тараад замаараа дэлгүүрээр орж бууз, банш, мах аваад харихад жижиг, дунд үйлдвэрлэгч үйлчлээд л гэрт чинь оруулна. Лифтээр гарахад хүртэл засвар үйлчилгээг нь жижиг, дунд үйлдвэрлэгч хариуцаад байж байдаг. Гэрийн чинь үүдэнд дугтуйтай захиа ирсэн байлаа гэхэд тэр захиаг жижиг, дунд үйлдвэрлэгч хүргэж ирсэн байгаа. Тиймээс энэ салбарын олон мянган ажлын байрыг хэвээр нь хадгалахын тулд төр анхаардаг. Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 17.8 хувийг жижиг, дундын салбар бүрдүүлж байгаа. Манай улстай ойр байгалийн баялагтай Австрали улсын жишээгээр авч үзэхэд, үйлдвэрлэл, үйлчилгээний салбар нь эдийн засгийн 60 хувийг нь бүрдүүлдэг. Австрали том уул уурхайтай. Тэгвэл 19.7 хувийг уул уурхай, 9.9 хувийг хөдөө аж ахуйн салбар бүрдүүлж байх жишээтэй. Уул уурхайг яагаад томруулдаггүй вэ гэхээр тэр салбар их хөгжвөл уул уурхайн бүтээгдэхүүнээс улсын эдийн засаг шууд хамааралтай болчихдог. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ уруудвал нийгэмд томоохон хямрал бий болно. Харин үйлчилгээний салбарт нэг компани унаад ирвэл маргааш нь өөр компани нөхчихнө. Та хими цэвэрлэгээнд хувцсаа өгөхөөр очиход хаалттай бол дахиж тийшээ очихоо болино. Хажуу талын өөр хими цэвэрлэгээнд өгчихнө. Нэг цайны газарт байнга очдог байсан ч өнөөдөр хаалттай бол гудамж тойроод л өөр цайны газарт хооллочихно. Өрсөлдөөн ихтэй салбар учраас орон зайгаа маш хурдан нөхдөг. Тиймээс Австралийн эдийн засгийн 60 хувийг нь жижиг, дундын салбар эзэлдэг. Нийгмийг тогтвортой ажлын байраар үйлчилгээний салбар хангадаг гэдгийг тус улсын Засгийн газар ойлгож байгаагийн илрэл энэ. Хөдөө аж ахуйн салбараа гол болгочихвол байгалийн гамшигт өртөх эрсдэл өндөр учраас үүнийг тооцож, тодорхой хэмжээнд барих шаардлагатай.

ЖИЖИГ, ДУНДЫН САЛБАР УЛС ОРНЫГ ТОГТВОРТОЙ АЖИЛЛАХ ХҮЧЭЭР ХАНГАНА.

ТАТВАРЫН БААЗ СУУРИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
 


Хоёрдугаарт, жижиг, дундын салбар татварын бааз суурийг маш их өргөжүүлдэг. Жишээлбэл, уул уурхайн салбарт дандаа тогтвортой байдлын гэрээ байгуулъя, энэ татвараас хөнгөлүүлье, чөлөөлье, роялти битгий ав гэсэн зүйл ярьдаг. Саяын тэр АМНАТ байна. Гэтэл жижиг, дундын салбар өгөх ёстой татвараа бүгдийг нь өгөөд, өгч чадахгүй бол дампуураад өрсөлдөөнөөс гардаг. Өөр нэг нь нөхдөг. Ажлын байрыг нэмэгдүүлж томорч хөгждөг. Тэгэхээр ажлын байрыг жижиг, дундын салбар нэмэгдүүлдэг гэдгийг улс орон бүр ойлгож байна. Хөдөө аж ахуй, уул уурхай, банкны салбарт технологи их хөгжиж байна. Олон хүний хийх ажлыг технологи орлодог боллоо. Энэ буруу биш. Жишээлбэл, Налайхын уурхайд хүрзээр ажилладаг байхад хэдэн хүн ажиллаж байв. Гэтэл төрөл бүрийн машинууд гарч ирснээр хэдэн хүн ажилладаг болов, сүүлд конвейржуулж нүүрсээ зөөдөг болсноор яав гэдгийг тооцож үзэх хэрэгтэй. Технологи хөгжихийн хэрээр хүн ажиллах нь эрс буурч байна. Тэгвэл жижиг, дундын салбар улс орныг тогтвортой ажиллах хүчээр хангана. Татварын бааз суурийг нэмэгдүүлнэ. Ингэснээр Монгол Улс боловсрол, эрүүл мэндийн салбартаа мөнгө зарцуулах боломжтой болно. Боловсролын салбар өнөөдөр үнэхээр хоцрогдож байна. Намайг бага байхад багш болохыг хүсдэг мөрөөдөлтэй асар олон хүүхэд байлаа. Манай ангийн онц сурлагатнууд бүгдээрээ багш, эмч болно гэдэг байсан. Одоо цалин хангамж муу зэргээс нь болоод багш, эмч болохыг хүсэх хүүхдийн тоо цөөрч байна.

Гуравдугаарт, хамгийн гол зүйл бол жижиг, дундын салбар хүмүүсийн хөдөлмөр эрхлэх сонирхлыг дээшлүүлдэг. Хүн өглөө босоод өөрийн гэсэн ажилдаа явж, орой гэртээ зарцуулдаг цагтай байх сонирхлыг энэ салбар бий болгодог. Хүн өглөө төрийн байгууллага руу тийм ажил хөөцөлдөнө, ийм ажил хөөцөлдөнө гэж, эсвэл татвар, нийгмийн даатгал, элдэв зүйлийн дарамт амсах гэж явдаг байж болохгүй. Аргаа барахаараа Сүхбаатарын талбайд очиж жагсаалд оролцоно гэж, ийм дарамт дунд хүн амьдрах ёсгүй. Энэ бол хөгжлийн тулгуур биш. Хөгжлийн тулгуур бол хүн өглөө босоод ажилдаа баясгалантайгаар явдаг, гэртээ ирж гэр бүлдээ цагаа зарцуулдаг байх ёстой. Үүний цаана тогтвортой орлого, тогтвортой ажилтай байна гэдэг нь өнөөдрийн УИХ-ын, улс орны, Засгийн газрын бүх шатны байгууллагуудын хамгийн эрхэм зорилго байх ёстой. Ард түмнийг ажилтай байлгахын тулд л УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчийн аппарат, шүүх засаглал, төрийн байгууллагууд байгаа юм. Түүнээс биш 10 ААН-ийг өнөөдөр очиж шалгаад, есийг нь хаана гэдэг бол, уучлаарай, ажлаа ойлгоогүй хүмүүсийн асуудал. Би төрийн байгууллагуудыг тэгж шүүмжилдэг. Өөрийнхөө ажлыг “Хүний алдааг илрүүлээд, түүн дээр нь дөрөөлж байгууллагыг нь хаах” гэж ойлгодог нь социализмын үеэс дамжсан “дарга” тогтолцооны асуудал. Жижиг, дунд үйлдвэрийн хуулийн гурван том ач холбогдол бол энэ. Тийм учраас би жижиг, дунд үйлдвэр бол улс орны хөгжлийн тулах цэг гэж хэлсэн. Хятад улсын хамгийн өндөр хөгжсөн хотууд, Шанхайн ойр хавь, Гуандун муж тэр чигээрээ жижиг, дунд үйлдвэрлэгчид байна. Тэнд пуужин, том том эд анги, цахилгаан станц үйлдвэрлэдэггүй. Тэр том том зүйл хийдэг хүнд үйлдвэрүүд дийлэнх нь голдуу хойд нутгаараа байдаг. Далайн эргээрээ яагаад баян хотууд байна вэ гэхээр жижиг, дунд үйлдвэрлэл эрчимтэй хөгжсөн, хамгийн хүчтэй өрсөлдөөнтэй, том компаниуд, баячууд тэндээс төрж байна. Урьд нь Хятадын энэ урд мужууд дэлхийн том компаниудын барааг зөөдөг, гаднын захиалгаар хувцас, бараа, машины эд анги үйлдвэрлэдэг л байсан. Чадахгүй ч гэсэн чадна гээд үйлдвэрлэдэг байж. Чадахгүй бол чаддагт нь өгч хийлгэдэг. Ингэж тэнд жижиг, дунд үйлдвэрлэл маш сайн хөгжсөн. Ирээдүйд жижиг, дунд үйлдвэр бол өнөөдрийнх шиг зээл аваад явдаг биш, харин төр дэмжлэг үзүүлээд л орхих хэрэгтэй. Ихэнх жижиг, дунд үйлдвэрлэгчид зээл хүсдэггүй шүү дээ. Төрийн дэмжлэг л хэрэгтэй. Саад хэрэггүй.

Үндэсний үйлдвэрлэл, үндэсний үйлчилгээ хоёр салшгүй холбоотой юм гэсэн хоёр дахь асуултруугаа оръё?

-Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг үйлчилгээний салбар хэрэглэгчдэд хүргэж өгдөг. Дангаараа маш сайн үйлдвэрлэгч байсан ч үйлчилгээний салбар хөгжөөгүй бол би маргааш нь дампуурна. Маш сайн хиам үйлдвэрлэдэг байлаа гэхэд үйлчилгээний салбар хөргөгчгүй бол би яаж хиамаа зарах вэ. Үйлчилгээний салбар хөгжсөнөөр үйлдвэрлэгчдийг араасаа чирдэг гэсэн үг. Одоогийн залуус мэдэхгүй байх, өмнөх үеийнх шиг лангууны ард худалдагч зогсоод, үйлчлүүлэгч “Тэрийг авъя, энийг авъя” гэж зааж үйлчлүүлдэг бол өнөөгийнх шиг бууз, баншны үйлчилгээ хөгжих боломжгүй. Тиймээс энэ салбарыг битгий орхигдуул. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлье гэвэл үйлчилгээний салбартай хамт хөгжих ёстой. Хүн өнөөдрөөрөө амьдрах ёстой. Хүнд тав тухтай үйлчилгээ хэрэгтэй. Алтны уурхай, Оюутолгойн уурхай, эсвэл төмөр зам ирээдүйд хөрөнгө оруулна гэвэл бид өнөөдөр юугаар амьдрах юм бэ. Хэдийгээр зав зайгүй ажиллаж байгаа ч гэсэн бидэнд тав тухтай суугаад кино үзэх, тав тухтай таксинд суух боломж хэрэгтэй. Үүнийг жижиг, дунд үйлдвэрлэгчид, үйлчилгээний салбар хийж өгнө.
 


-Жижиг, дунд үйлдвэрлэл эрчимтэй хөгжихөд чөдөр тушаа, дарамт, хүнд суртал үүсгэдэг ямар шалтгаанууд байдаг вэ?

-Хууль санаачлахдаа хамгийн түрүүнд татварын асуудлыг оруулж өгсөн. Хоёр хүнийг яаж цалинжуулах вэ гээд зовж байгаа жижиг, дунд бизнес эрхлэгч 10 хувийн татвар, НӨАТ, нийгмийн даатгалын шимтгэл төлж чадахгүй. 10 хувь гэж сонсогдож байгаа ч гэсэн нийлбэр утгаараа 60-70 хувийн дарамт аж ахуйн нэгжид ирдэг. Үүнд нэг жишээ хэлэхэд, саяхан АНУ-д жижиг, дунд бизнес эрхэлдэг нэг залуу надтай уулзахыг хүсэж өргөдөл бичсэн байсан. Би түүнтэй уулзсан. Намайг жижиг, дунд бизнес ярьдаг болохоор хүмүүс уулзахыг, ярихыг хүсдэг юм шиг байгаа юм. Тэр залуу надад нэг түүх ярьж өгсөн. Америкт арай дээд зэрэглэлийн хоёр такси түрээсэлж аваад нэг өнгөт арьстан эмэгтэй жолоочтой, нэг цагаан арьстан, арай настай эмэгтэй жолоочтой гурвуулханаа ажилладаг юм байна. Онгоцноос бууж байгаа, энгийн таксинд суухгүй гэсэн хүмүүсийг арай дээд зэрэглэлийн үйлчилгээгээр хангахын тулд ажиллаж байж. Энэ тухай тайлангаа Засгийн газар руу явуулж, тэнд ашиг орлогынхоо тухай бичжээ. Гэтэл жилийн дараа, нэг өдөр Засгийн газраас 9700 ам.долларын чек ирсэн гэнэ. Нөгөө залуу их гайхжээ. Чекийг дагалдсан бичигт “Бизнесээ битгий зогсоо, ашиг орлого чинь бараг тэнцсэн, ашиггүй шахуу ажилладаг юм байна. Гэсэн хэдий ч хоёр хүнээ битгий халаарай. Дахин хоёр хүн нэмж авч ажиллуулаарай. Чиний төлсөн татварыг улс буцааж өглөө” гэж бичсэн байжээ. Тэр ямар татвар вэ гэхээр машинаа угаалгах, бензин авах, онгоцны буудлын зогсоол дээр зогсох гэх мэт үйлчилгээний татварыг нь улс буцааж төлсөн гэсэн үг. Чамаас улс татвар авах шаардлагагүй, харин бизнесээ л сайн хий гэсэн санаа. Манай улсын хуулиар 50 сая төгрөгийн жилийн борлуулалтын орлоготой бол жилд нэг удаа хялбаршуулсан журмаар онлайнаар тайлан өг, татварын байцаагч очихгүй, нэг хувийн татвар төл гэсэн заалт орсон. 50-300 сая хүртэлх жилийн борлуулалтын орлоготой бол жилд нэг хувийн татвар төлж, хоёр удаа тайлан өгнө. Тэрбум төгрөгийн орлоготой бол жилд хоёр удаа тайлан гаргаж өгөөд, хүсвэл, шалгаруулалтад ороод тэнцвэл таван жилийн хугацаатай гурваас таван хувийн хүүтэй нэг тэрбум төгрөг хүртэлх зээлийг улсаас дэмжлэг болгож олгож болно. 2.5 тэрбум төгрөгийн орлоготой бол 2.5 тэрбум төгрөг хүртэлх зээлийг таван жилийн хугацаатай гурваас таван хувийн хүүтэй авах боломжтой. Мөн бичиг баримтаа бүрдүүлээд, төлөх ёстой 10 хувийн татвараа төлөөд, тэр татварынхаа 90 хувийг буцааж авах боломжтой гэх зэрэг зохицуулалтыг нэлээд их маргаан болж байж хуульд оруулж өгсөн. Сангийн яам огт зөвшөөрөхгүй байх жишээтэй. Нийт хөрөнгө оруулалтын зардал гэж байдаг. Төсвийн нийт зардал ойролцоогоор 11-12 их наяд төгрөг байдаг бол төсвийн нийт хөрөнгө оруулалтын зардал хоёроос гурван их наяд төгрөгөөр батлагддаг. Тэр мөнгөний 10 хувиас доошгүйг нь жижиг, дундын салбарт дэмжлэг болгож олгох ёстой гэж хуульд оруулсан. Гэтэл Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулийг дагалдан батлагдсан Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиас энэ заалтыг хассан. Уг нь энэ хуулиар 200-300 тэрбум төгрөгийг жижиг, дундын санд өгөх юм. Ингэснээр дөнгөж төгссөн оюутан, цэргийн болоод хүнд нөхцөлөөс шалтгаалж дунд насандаа тэтгэвэрт суусан иргэн, төрийн байгууллагад байгаад гарсан зэрэг ямар нэг байдлаар сонголтын өмнө байгаа хүнд бизнес хийх сонирхлыг нь өдөөж өгч байгаа юм. Та гадаад руу битгий яваач. Та төрийн байгууллагад оръё гэж байгаа бол түр орхи. Та гурван хүнтэй хамтраад бизнес хийх гээд оролдооч. Жижиг, дунд бизнес хийвэл төрөөс хуулийн дагуу танд ийм дэмжлэг үзүүлнэ шүү гэдгийг хуульд маш сайн шингээхийг оролдсон.

 

Эх сурвалж: УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга

Ж.Ганбаатарын 2016-2019 оны ажлын тайлан сэтгүүлээс

 

 

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.161.39) 2020 оны 03 сарын 12

Энэ хүн маш сайхан зөв бичжээ энэ биелэлээ олох хэрэгтэй л байна Сангийн сайдыг ЖДҮ. Үйлдвэрлэлийг дэмжих хүнээр сонгох хэрэгтэй үүний мөн чанарыг ойлгох чадвартай хүн байх хэрэгтэй бна Одоогийн байгаа сангийн сайд бол улс орныг ядуурлаас гархад маш их санаа тавих ёстой . Яг одоогоор ЖДҮ эрхлэгчдийн Татварыг буцааж өгөх хэрэгтэй Монгол Улсад ЖДҮ явуулж байгаа бүх иргэдэд тусламж маш их шаардагдаж байна Дампуурахгүй бүх нөхцөлийг төрөөс дэмжиж одоогийн нөхцөлд Тахал ын үед түрээсийг 100% чөлөөлж өгөх хэрэгтэй Танд эрүүл энх Ажлын амжилт хүсье

0  |  0
Зочин(66.181.161.39) 2020 оны 03 сарын 12

Энэ хүн маш сайхан зөв бичжээ энэ биелэлээ олох хэрэгтэй л байна Сангийн сайдыг ЖДҮ. Үйлдвэрлэлийг дэмжих хүнээр сонгох хэрэгтэй үүний мөн чанарыг ойлгох чадвартай хүн байх хэрэгтэй бна Одоогийн байгаа сангийн сайд бол улс орныг ядуурлаас гархад маш их санаа тавих ёстой . Яг одоогоор ЖДҮ эрхлэгчдийн Татварыг буцааж өгөх хэрэгтэй Монгол Улсад ЖДҮ явуулж байгаа бүх иргэдэд тусламж маш их шаардагдаж байна Дампуурахгүй бүх нөхцөлийг төрөөс дэмжиж одоогийн нөхцөлд Тахал ын үед түрээсийг 100% чөлөөлж өгөх хэрэгтэй Танд эрүүл энх Ажлын амжилт хүсье

0  |  0
Valya(202.126.89.245) 2020 оны 03 сарын 11

Би Хүнийг юу хийдэг , ямар үйлдэл хийдгийг нь шалгах дуртай. Энэ хүн олон сайн хүмүүст тус болох алхам хийдэг болохоор түүнд энэрэн хайрлах сэтгэл байгаа гэсэн үг. Харин ядуу хүмүүсээс хол байж баян нэрд гарсан хүмүүст ойртоод байдаг хүмүүст энэрэх сэтгэл байхгүй тул тийм хүмүүсээс болгоомжил.

0  |  0
Д.Батбаатар (192.82.72.88) 2020 оны 03 сарын 09

Гоё ярьж хэн ч чадна. Хийгээч сонгууль болхоор яг хийх гэж бгаа юм шиг ярьх юм. Таны болон та нарын намынхан хаан суудал дүүжлүүрийн гогцоо хоёр их ойрхрн байдгыг байнга санаж яваарай. . Зөвхөн өөрсдийнхөө эрх ямбанд тааруулж хууль батлаж дураараа дургих хууль зөрчих хулгай хийх ЭЛДЭВ САН-гийн мөнгийг дээрэмддэг хүүхдүүдийн өндөр сургалтын зардлыг улсаас төлүүлдэг. Аль ашиг уул уурхайн лицензийг өөрсдөдөө авдаг Энэ шудрага явдал уу Талийгч Б.Лхагвасүрэн гуай амьддаа: Төрд байгаа муусайн новшнууд АРД ТҮМНИЙ уур хилэнг хүргэсэн цагт цусаар унтрааж чадахгүй шүү гэдэг үгийг санаж яваарай.

0  |  0
Лхагва(103.229.123.187) 2020 оны 03 сарын 08

ЖДҮ зээл н хэмжээг нэмэх нь маш зөв

0  |  0
Зочин(150.129.142.29) 2020 оны 02 сарын 19

ЖДҮ-ийг төрөөс тусгайлан дэмжих ёстой гишүүний хэлдэг үнэн энэ салбарт онцгой анхаарч татвар санхүүгийн таатай бодлого хэрэгжүүлвэл эдийн засаг эрүүлжиж ажилгүйдэл багасах ач тустай гэж бодно

0  |  0
Иргэн(103.229.121.69) 2020 оны 02 сарын 19

Мундаг удирдагч

0  |  0
Top