Ариутгал халдваргүйжүүлэлтийг сайтар хийхийг даалгалаа

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 17

Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга өмнөх шуурхай зөвлөгөөнд хотын Захирагчаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Өнгөрсөн шуурхай зөвлөгөөнд 15 чиглэлээр үүрэг даалгавар өгсөн, 86 хувийн биелэлттэй. Хотын Захирагчийн өгсөн үүрэг даалгаврын хүрээнд хог ачилтын компаниудыг цахим системд холбосон, одоогийн байдлаар 15 байгууллагын 234 тээврийн хэрэгсэл GPS-ээр холбогдсон байна. Нэг хот нэг стандарт зорилтын хүрээнд явган хүний замын тохижилт, тэмдэглэгээг байршуулах 61 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр ажиллаж байна” хэмээв.

Коронавирусийн талаарх цагийн үеийн байдал, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар мэдээлэл өгөхдөө, одоогийн байдлаар Монгол Улсад шинэ төрлийн вирус бүртгэгдээгүй байгааг онцоллоо. Коронавирусын тархалт 25 улсад 526 сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байгаа бөгөөд нийт 68587 иргэн өвчилж, 9425 иргэн бүрэн эдгэрчээ. Цаашид коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх авах арга хэмжээг эрчимжүүлэх, иргэдэд сэрэмжлүүлэг мэдээллийг тогтмол хүргэж байх талаар мөн дуулгалаа. Тэрбээр “Амны хаалт хаа сайгүй хүрэлцээ муутай байгаа. Тиймээс иргэд гарын доорх материалуудыг ашиглаж, амны хаалт хийгээд хэрэглэж болно. Гагцхүү маш сайн ариутгаж хэрэглэх хэрэгтэй. Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн ажилчид ажлынхаа хажуугаар 1500 амны хаалт  оёж бэлтгээд, Эрүүл мэндийн төвүүдэд хүргэсэн байгаа. Энэ мэтчилэн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, иргэдийг нийгмийн хариуцлагын хүрээнд амны хаалт  бэлтгэн нийлүүлж өөрийн болон бусдын эрүүл мэнд, амь насыг хамгаалахад уриалмаар байна. Түүнчлэн иргэд гэр орондоо, албан байгууллагын ажилтнууд албан тасалгаандаа цэвэрлэгээ ариутгал тогтмол хийх, ялангуяа ширээ, шалавч,  хаалганы бариул зэргийг сайтар цэвэрлэж байхыг зөвлөе” гэв.

Өнгөрсөн 14 хоногийн хугацаан дахь нөхцөл байдлын талаар нийслэлийн Тээврийн цагдаагийн алба, Онцгой байдлын газар, Цагдаагийн газраас мэдээлэл хийхдээ гэмт хэргийн гаралт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 31 хувиар буурсан, аюулт үзэгдэл, ослын дуудлага 67 хувиар буурсан талаар мэдээллэв. Түүнчлэн хулгайлах гэмт хэрэг 7.6 хувиар, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг  өнгөрсөн оны мөн энэ үеэс 20.0 хувиар тус тус буурсан талаар нэмж тайлбарласан юм. Өндөржүүлсэн бэлэн байдал зарласан энэ үед авч хэрэгжүүлж буй зарим арга хэмжээний талаар мэдээлэл өгөөд цаашид дүүрэг хороодын Засаг дарга нар цагдаагийн байгууллага болон мэргэжлийн хяналтын байцаагч нартай  мэдээллээ солилцож хамтарч  ажиллахыг уриаллаа.

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр дүүрэг хороодын Засаг дарга нарыг эрхэлсэн ажилдаа сэтгэл гаргаж ажиллахыг хүслээ. Тэрбээр “Олон нийтийн газруудад ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг эрчимжүүлэх үүрэг даалгаврын хүрээнд өнгөрсөн амралтын өдрүүдэд Баянгол, Чингэлтэй, Хан-Уул дүүргүүдэд ажиллалаа. Ойр орчныхоо 50м газрыг цэвэрлээгүй, цагийн хуваарийг хэтрүүлсэн, ариутгал халдваргүйжүүлэлт хийгээгүй байгууллагуудын тусгай зөвшөөрлийг хураан авах хүртэл арга хэмжээ авсан. Шөнийн 21 цагт бид ариутгал халдваргүйжүүлэлт хийгээд хорооны нутаг дэвсгэрт нь ажиллаж байхад хорооны Засаг дарга амарч байна гээд ирэхгүй, шуурхай арга хэмжээнд дуудахад утсаа авахгүй байх  тохиолдол гарсаар байна. Тиймээс өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед дор бүрнээ эрхэлсэн ажилдаа сэтгэл гаргаж ажилламаар байна” хэмээн хэллээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан хийж гүйцэтгэж байгаа ажлын явцыг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын зарим удирдлагуудаас тодруулж, хэд хэдэн чиглэлээр үүрэг даалгавар өглөө. Тэрбээр “Дүүрэг, хороодын Засаг дарга нар өндөржүүлсэн бэлэн байдал зарласан үед онцгой дэглэмээр ажиллах ёстойгоо бүү мартаарай. Ажил хийж харагдахаас илүү эрхэлсэн ажилдаа эзэн болж ажиллаарай. Улаанбаатар хотыг тойрсон шалган нэвтрүүлэх товчоодоор  орж, гарч байгаа иргэдийн халууныг нь хэмжиж, эрүүл мэндийн үзлэгт заавал хамруулах хэрэгтэй. Ариутгал халдваргүйжүүлэлтэд онцгой анхаарч дүүрэг, хороодын Засаг дарга нар хяналт тавьж ажилла. Нийслэлийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газрын удирдлагууд олон нийтийг хамруулсан үйл ажиллагаа, үзэсгэлэн худалдааг таслан зогсоож хяналтаа эрчимжүүл. Өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаагаа ойлгож, хяналт шалгалтыг сулруулж болохгүй” хэмээн хэллээ.

 

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хэрэгжилтээ шалгаачэ(103.111.68.3) 2020 оны 02 сарын 17

Даалгах яахав хэрэгжилтийг нь өөрийн биеэр газар дээр нь шалгаачээ ялангуяа захууд арай заваан байна баар элдэв зугаа цэнгээ бүжиг караокинуудыг нэн даруй хаа

0  |  0
Top