Эмнэлгүүд эргэлт, сахиурын үйлчилгээг ХЯЗГААРЛАЖ эхэллээ

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 17

Дэлхийн 26 оронд тархаад буй коронавирусийн халдвараас сэргийлэх, томуу, томуу төст өвчний халдвар өндөр байгаатай холбоотойгоор улсын эмнэлгүүд дотоод зохион байгуулалт хийж, иргэдийн хөл хөдөлгөөнийг цөөлөх, хязгаарлах арга хэмжээг явуулж эхэлжээ.

Вирусийн халдварт өвчин тархах өндөр эрсдэлтэй байгаа тул иргэдийг аль болох олноороо эргэлтээр эмнэлэгт нэвтрэх, шаардлагагүй тохиолдолд эмнэлэгт эргэлтээр ирэхгүй байхыг эмнэлгийн байгууллагаас зөвлөж байна.

Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн холбогдох мэргэжилтэн “Манай эмнэлгийн зүгээс өвчтөн дээр иргэдийг олноороо ирэхгүй байхыг зөвлөж байгаа. Коронавирусийн тархалт болон томуу өвчний халдвар өндөр байгаатай холбоотойгоор эмнэлэгт эргэлтээр ирэхдээ хамт олноороо, төрөл саднаараа олон хүний бүрэлдэхүүнтэй ирэхгүй байхыг сануулж байна. Эмнэлэгт эргэлтээр ирэхдээ ганцаараа ирэх, аль болох эргэлтээр ирэх давтамжаа цөөлөх, онц шаардлагагүй тохиолдолд эмнэлгийн байгууллагаар ирэхгүй байх нь эрсдэлээс сэргийлнэ. Эмнэлгийн сахиурын тоог ч мөн цөөлөх зохицуулалт хийж байгаа” гэлээ.

Энэчлэн эмнэлгийн үүд, коридорт олон хүн цуглах, өвчтөнтэй уулзах зэрэг хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээг улсын эмнэлгүүд явуулж эхэлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top