ДЭЛХИЙН ТОЙМ: “Хойд урсгал-2”-ийг оросууд өөрсдийн хүчээр тавьж дуусгана

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 17

Австрийн “OMV” газрын тос, байгалийн хийн компанийн захирал Райан Зеле мэдэгдэл хийжээ. Тэрбээр ОХУ “Хойд урсгал-2” хийн хоолойг бүрэн гүйцэд барьж чадна гэсэн байна. Хоолойг гүехэн тавих нь нарийн төвөгтэй технологи шаарддаггүй бөгөөд зөвхөн тохиромжтой хөлөг онгоц шаардагдана гэжээ. Шинжээчдийн үзэж байгаагаар Зелегийн энэхүү өөдрөг үзэл Оросын төслийн талаар Европын бизнесийн байр суурийг илэрхийлж байгаа аж.

Австрийн “OMV” газрын тос, байгалийн хийн компанийн захирал “Оросууд хөлөг онгоц хайж байна, түүнийг олно гэдэгт би эргэлзэхгүй байна” Тэдэнд хэчнээн цаг хугацаа шаардагдахыг мэдэхгүй. Гэхдээ тэд хийн хоолойг үргэлжлүүлэн барихаар төлөвлөж байна” гэж “Bloomberg”-т өгсөн ярилцлагадаа хэлжээ.

Түүнчлэн Оросын Үндэсний эрчим хүчний хүрээлэнгийн захирал Сергей Правосудов “RT” агентлагт ярихдаа төслийг энэ оны сүүлч гэхэд дуусгах боломжтой гэсэн байр суурийг илэрхийлсэн байлаа. Шинжээч ярихдаа “Хий дамжуулах хоолой 90 хувь баригдсан байхад хэн ч үүнийг орхихгүй нь ойлгомжтой. Эсвэл өөр аргаар энэ ажлаа дуусгах боломжийг олох болно. Бид өөрсдийнхөө хүчээр барьж дуусгана, хоёр хөлөг онгоцны тусламжтайгаар дуусгана” гэжээ.

Өмнө нь ОХУ-ын Эрчим хүчний сайд Александр Новак АНУ-ын эсэргүүцлийг үл харгалзан хийн хоолойг барьж дуусгана гэсэн билээ. Тэрбээр “Хойд урсгал 2” нь Орос, Европын хэрэглэгчдийн хувьд хамгийн ил тод, урьдчилан таамагласан, ашигтай, цэвэр төсөл гэдгийг дурссан. “Хэд хэдэн улс, ялангуяа урьд өмнө байгаагүй их эсэргүүцэл дундуур байгалийн хийн хоолойг барьж дуусгах болно” гэж Александр Новак онцолсон билээ. Сайд мөн “Академик Черский” усан онгоцыг барилгын ажлыг дуусгах сонголтуудын нэг гэж нэрлээд “цаашдын бэлтгэлд тодорхой хугацаа шаардагдах болно” гэжээ.

Сануулахад, “Хойд урсгал-2” нь Балтийн тэнгис дэх Оросын эргээс Герман руу жилд 55 тэрбум куб метр хий дамжуулах хүчин чадалтай хийн хоолойн хоёр хэлхээтэй. ОХУ “Хойд урсгал-2” хийн хоолой нь маргаангүй арилжааны шинж чанартай, улс төрийн төсөл биш гэдгийг нэг бус удаа мэдэгдсэн байдаг. Оросын байгалийн хийг Европын холбоо руу Украинаар дамжуулахыг зогсоохгүй гэсэн үг юм. Тодруулбал, Оросын Гадаад хэргийн дэд сайд Александр Панкин өмнө нь хий дамжуулах хоолойн асуудлаарх Москва, Киевийн хооронд байгуулсан гэрээнд юу ч аюул занал учруулахгүй тул барууны орнууд хориг арга хэмжээнээс татгалзах цаг болсон гэдгийг дахин цохон тэмдэглэж байв.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп арванхоёрдугаар сарын сүүлчээр шинэ санхүүгийн жилийн улсынхаа батлан ​​хамгаалах төсвийг баталсан. Энэхүү баримт бичигт Оросын “Хойд урсгал-2” болон “Туркийн урсгал” хий дамжуулах хоолойн эсрэг хоригийг тусгасан байна. Ялангуяа 100 футээс илүү гүнд хоолой тавьж байгаа усан онгоцнууд, түүнчлэн ийм хөлөг онгоц зардаг эсвэл түрээсэлдэг компаниудтай холбоотой хязгаарлалт арга хэмжээ авах тухай юм. Үүний дараа “Хойд урсгал-2” хийн хоолойг тавих ажлыг гүйцэтгэсэн Швейцарийн “Allseas” компани уг замын ажилд оролцохгүй гэж мэдэгджээ.

Райан Зелегийн өөдрөг үзэл нь “Хойд урсгал-2”-той холбоотой Европын бизнесийн байр суурийг илэрхийлж байгаа учраас ихээхэн онцлог юм гэж Оросын талаас үзэж байна. “Энэ бол зайлшгүй шаардлагатай төсөл бөгөөд үүнийг дуусгана. Хэн ч бууж өгөөгүй бөгөөд бүгд ижил Европ дахь төслийн эргэн тойронд үүссэн сөрөг талыг үгүй хийхийг хичээж байна” гэж Оросын талаас мэдэгдлээ. Мэргэжилтний ярьснаар “Газпром” хийн хоолой тавих хоёр хөлөг онгоцтой бөгөөд хамгийн хэцүү хэсгүүдийн ажил дуусжээ.

Хийн хоолой ямар үнээр босох вэ?

“Хойд урсгал-2” хийн хоолой нь 11 тэрбум ам.доллар, “Туркийн урсгал” нь долоон тэрбум ам.долларын өртгөөр баригдана гэж Оросын Эрчим хүчний яамнаас мэдэгдэж байсан юм. Мөн “Газпром” компани “Сибирийн хүч-2” хийн хоолойг 2025 оноос хойш босгох эрмэлзэлтэй байгаа. Компани 2020 он гэхэд Сахалин-Хабаровск-Владивосток чиглэлийн хийн хоолойн хүчин чадлыг жилдээ найман тэрбум куб метрээр нэмэгдүүлэн, Хятадад нийлүүлэхээр зорьж байсан.

ОХУ мөн “Хойд урсгал-2” байгалийн хий дамжуулах хоолойгоо өргөжүүлэхэд Италийн талаас дэмжлэгийг авахаар хичээж байв. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин дөрвөн жилийн өмнө Италийн Ерөнхий сайд Маттео Ренцитэй утсаар ярихдаа “Хойд урсгал-2” байгалийн хийн хоолойн төсөлд Италийн тал оролцох боломжийг хэлэлцсэн. “Хойд урсгал-2” төсөл нь Европын холбооны орнуудаас маш их шүүмжлэл хүлээж байгаа учир Путин Италийг ашиглан энэ асуудлыг шийдэхийг эрмэлзсэн гэж шинжээчид үздэг.

Европ яагаад дургүйцэв?

Европын орнууд “Хойд урсгал-2”-т дургүй байдаг хоёр шалтгаан лав бий. Нэгдүгээрт, Европын орнуудын ОХУ-аас эрчим хүчний хараат байдал нэмэгдэнэ. Хоёрдугаарт, энэ төсөл Украиныг тойрон Европ руу байгалийн хий нийлүүлэх боломжийг олгодог. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Германы Канцлер Ангела Меркель нар өнгөрсөн нэгдүгээр сард Москвад хэлэлцээр хийхдээ АНУ хориг тавьсан ч “Хойд урсгал-2” хийн хоолойг тавьж дуусгана гэсэн юм. Путин сэтгүүлчийн асуултад хариулахдаа АНУ Европын компаниудын эсрэг хориг арга хэмжээ авсныг үл харгалзан хийн хоолойн барилгын ажлыг бүрэн хийж гүйцэтгэж чадна, энэ төсөл хэрэгжиж дуусна гэсэн билээ. Тэрбээр “Тийм ээ, бид гаднын түншүүдийн оролцолгүйгээр үүнийг өөрсдөө хийх боломжтой. Энэ бол цаг хугацааны асуудал” гээд хийн хоолойг ашиглалтад оруулах ажлыг хэдэн сараар хойшлохыг дуулгасан байна.

Хоолойн нээлтийг анх 2020 оны нэгдүгээр сарын 1-нд хийхээр төлөвлөсөн байв. Германы Канцлер хийн хоолойн барилгын ажлыг заавал дуусгах ёстой гээд “Бид үүнийг эцэслэх хэрэгтэй. Герман болон Европын бусад улс “Хойд урсгал”-аас ашиг хүртэх болно. Бүгд хийн хангамжаа төрөлжүүлэх сонирхолтой байна. Энэ бол маш чухал төсөл” гэжээ. Тэрбээр мөн Америкийн хориг арга хэмжээ нь уг төслийг зогсоож чадахгүй гэж үзэж буй. Меркель “Улс төрийн бүх асуудлыг үл харгалзан гаднаас ирсэн хориг арга хэмжээ нь буруу зам гэж бид үзэж байгаа учир өмнөх шигээ энэ төслийг үргэлжлүүлэн дэмжиж ажиллах болно гэдгийг дахин хэлэхийг хүсэж байна” гэсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top