ШҮҮМЖ: Хувираагүй хурууны хээ буюу хугараагүй итгэл үнэмшил /I/

Админ | Zindaa.mn
2020 оны 02 сарын 15

Нямбуугийн Нямдоржийн мэндэлсний 85 жилийн ойд зориулав

А.Мөнх-Оргил /Хэлбичгийн ухааны доктор, дэд профессор


Монголын шинэ үеийн яруу найраг төдийгүй, нийт утга зохиолын хөгжлийн бүрэлдэхүүнд нэн онцгойлон тэмдэглэж, зуун жилийн түүхэнд төрөл зүйл, арга ур чадвар, хэл зэрэг үндсэн бүтцийн хувьд төлөвшсөн утга зохиолын шинжийг чухам олсон тэр зааг үеийг 1960-аад онтой холбон ярьдаг. “Яруу найргаас монгол зохиолын уламжлал болон дэлхийн дэвшилтэт яруу найргийн нөлөөг хослуулж, зохиолч бүр өөрийн дуу хоолойг зөв сонгосон нь харагддаг билээ. Эрлээс олсон энэхүү олз нь сэтгэлийн ертөнцөд нэвтэрч чадсан хийгээд уран сайхны нээлтээр баяжин дэлгэрч байсанд оршино. Эдгээр нь дурдсан зохиолчдын хувьд уран бүтээлийн илэрхий өсөлт төдийгүй 1960-аад оны монголын яруу найрагт өрнөл болсон юм.”  Ийм хөдөлгөөн санамсаргүй бий болчихдоггүй. 1930-аад оны хэлмэгдэлд алдаад байсан бүхэл бүтэн үеийн дараагийн залгамж энэ л үед нөхөгдөн шинэ эгнээ болон гарч ирсэн. Давтан хэлэхэд хэлмэгдлийн давалгаанд өртөж хоосорсон байсан уран сайхны орон зайг дайн, энх тайван, түүхийн сэдвээр хаацайлан гарсныхаа төлөөсөнд түүхийн хар толбоороо дуудуулан, “бүдүүлэг социологизм”, “догматик сэтгэлгээ” зэрэг нэр хоч зүүсэн үеийнхэн дээр гишгэн байж 1960-аад оны үйл явц өрнөсөн нь үнэн. Энд туурвилзүйн хувьд гэхэд Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен, Д.Намдаг, Ш.Гаадамба, Ч.Лодойдамба нарын шинэ цагийн иргэншил буюу ёс суртахууны үнэлэмжийн зааг, хэм хэмжээний тухай үргэлжилсэн үгийн богино хэлбэрийн тодорхой зохиолууд асар том суурь дэвсгэр, шилжилтийн хөрс нь болж чадсаныг хэлэх хэрэгтэй. Чухам энэ л үеийнхэн аль ч үед байгаагүй хэмжээгээр өрнийн мэргэжлийн боловсрол эзэмшин, соёл тээн ирж, үндэсний уран сайхны бүтцийг бүхэлд нь өрнийн хэв төрх, арга хэлбэрээр баяжуулсан нь ч бас үнэн. Түүхэнд байгаагүй өргөн хэмжээгээр соёл иргэншлийн шинэ хэлбэрт шилжиж, хотжил суурин амьдрал бодит байдал болж, шинэ цагийн шинжлэх ухааныг эзэмшиж, улс төр, үзэл суртлын хэт туйлшрал явцуу хэмжээнд ч бол зөөлөрч, мэдээж хувь бодгалын унаган авьяас, төрөлх мөн чанар зэрэг, ийм ийм олон хүчин зүйл нэгдэн хурсны үр, хөрс л 1960-аад оны хөдөлгөөн, бидний бахдан буй сайн сайхныг авчирсан нь гарцаагүй үнэн юм.

Аль ч үндэстний утга зохиолын түүхийн хөгжлийн онцлог зааг үе, шилжилт шинэчлэлийн үйл явцыг тодорхойлох нэг гол тал бол тухайн уран зохиолын төрөл зүйл задран зохих хэв төрхийг олж, арга хэлбэрийн хувьд тус тусын онцлог олон зам мөр бүтээж, зохиолын хэлний төлөвшлийг илтгэж, уран сайхны бүтэц бүрэлдэхүүний зохих уламжлал үлдээсэн зэргийг гол үзүүлэлт болгодог зарчим байдгийг хэлж болно. Чухам монголын шинэ утга зохиолын түүхийн 1960-аад оны хандлагаас дээрх зарчмыг хангалттай олж хардаг учраас онцгойлон тэмдэглээд буй хэрэг. Өөрөөр хэлбэл “... яруу найраг сэдэв урлах аргын хувьд ийнхүү баяжиж ирснээр шүлэгчдийн зохиолын сэдэв, голлон бичдэг төрөл зүйл, бичлэгийн арга маяг тогтворжсон нь... ” зохиолчид олон янз эрэл хайгуул, туршилт хийж, тэдгээр нь яваандаа тогтсон арга барил, хандлага болон төлөвшиж ирсэн байна. “1950-иад оны сүүлч үеэс уриа лоозон, өнгөц магтаал аястай бичлэгийн хэвшмэл хуучин хэв загвараас ангижрах хандлага 1960-аад оны эхээр улам гүнзгийрч яруу найраг гол дүрслэгдэхүүн нь болсон хүний сэтгэлийн гүн рүү чиглэх болж, шүлгийн утга санаа уран чадварт мэдэгдэхүйц ахиц шинэчлэл гарлаа. Яруу найргийг өнгөц тоочин дүрслэх хэв загвар, магтаал хэлбэрээс ангижруулж, хүний үйл бүтээл бодол сэтгэл, байгалийн өнгө үзэсгэлэнг зураглан гаргахад чиглүүлэх хандлага энэ үеийн ахмад залуу аль ч үеийн шүлэгчдийн бүтээлд нийтлэг шинжийг олж байв.”  Энэ л үеийн монголын яруу найргийн олон өнгө аяс, өөр өөр жим зам, хувь хэлбэр төрхийг бүтээж, өөрийн нэрийг чухам бусдаас ялгаруулан харуулсан эрхмүүдийн дунд Нямбуугийн Нямдорж хэмээх нэгэн нэр тодоор бичигддэг. 1957, 1958 оны үед бичсэн яруу найргийн бүтээл нь анхнаасаа тодорхой хэлбэр төрхийг бүтээж эхэлсэн, байгалийн ч тэр, эгэл ахуйн хэв байдлын ч тэр, тухайн нэгэн агшныг яруу найргийн хэлээр зураглан буулгах, түүнээ харагдах болон үл харагдах байдлаар амьдрал, хүний мөн чанар, бодол ухааралд хөтлөн аваачдаг арга барил онцгой мэдрэгдэж байдаг. Хавар цагийн байгалийн байдлыг

Тунамал униар алсад хөшиглөн

Турьхан ногоо нөмөрдөн өндийв

Туж ойд тэрэнгэ улайж

Тунгалаг горхихон хуураа татав... /Хавар. 1958/  зэргээр зурагласан бол, тэрхүү байгалийн хязгааргүй баян төрх, хөдөлгөөнийг хүн болон амьдралын олон өнгө байдалтай харьцуулан, дотоод сэхээрэл, харах харааг тэлж байдгийг

Өнгөлөг навчсаа намрын салхинд алдчихаад

Өөрөөр зөвхөн цулгуй үлдсэн мөчир

Өвдөж өвдөж үхэхийн өмнө байсан

Өвөг эцгийн минь хатанги гарыг санагдуулна. /Мөчир. 1957/  гэх мэт олон мөрүүдээс харах боломжтой. Голдуу 1957, 1958 онд түүний туршин бичиж байсан ийм хандлага удаан үргэлжлэлгүй, илүүтэй өөрөө өөртэйгээ ярьсан, хувь хүний мөн чанар, ёс суртахуунд хандсан агуулгаар гүнзгийрч, уянгын зураглал харьцангуй биеэ даах болж, тооны хувьд ч эрс багассан зүйл ажиглагддаг. Гэтэл 1950-иад оны сүүл үесэд л уран бүтээлд нь зохих байртай байсан байгаль, хүн хоёрыг холбон хэлэх, үргэлжлүүлэн тодорхой санаа сэдэлд шилжих тэр хэлбэр 1960-аад оны нийт яруу найрагт, бусад уран бүтээлчдийн сэтгэлгээнийн түгээмэл нэг хэлбэр болж, сүүлдээ байх ёстой хэвшмэл хэлбэр болох шинжтэй болсныг судлаачид тэмдэглэж байлаа. “... байгалийн уянга нь дан ганц ертөнцийн гоо үзэсгэлэнг хуулан бичилгүй уул усыг харж магтах, эсвэл байгалийн жам, хүний амьдралын явдлыг харьцуулан өгүүлэх маяг нэлээд хэвшмэл байдалтай болж байна.”  Уран зохиолын түүхээ эргэн харах, дахин нэг харьцуулан тавих, үнэлгээ дүгнэлтээ түүхэн нөхцөлд нь, уран сайхны талаас нь өөрсдөө үнэлж дүгнэх шаардлага байгааг Н.Нямдоржийн уран бүтээл, яруу найргийн утга зохиолд эзлэх орон зайг ярих үед бас дахинтаа харж байна. Хэдийгээр 1960-аад оны яруу найрагт нэр заан дурдаж, үе эгнээг нь илтгэж, нийт утга зохиолын шинэчлэлийн нэгэн өнгө болсныг тэмдэглэж, Монголын орчин үеийн уран зохиолын түүхийн суурь судалгаанд авч үзэн, түүний хавсарга болох гол төлөөлөгчдийн намтар, уран бүтээлийн товчооны цувралд боть эзлүүлэн оруулсан авч, чухам аль шинжээр, ямар байдлаар онцлог болсныг бүрхэгдүү гэмээр орхисон байх жишээтэй. Хайр сэтгэлийн сэдэвт “Сайхан төрсөн та бол” /1962/ шүлгий нь сэтгэлтэй бүсгүйгээ сарнайн илтэс, сарны туяа, сархдын амт, үүрийн цагаан цолмон, үдийн халуун нар, үүлэн цэнхэр хээ зэргээр дүрсэлсэн, энэ нь “... уламжлалтай зууралдсан идэвхгүй дуурайлт, гадна талаас нь өнгөц тоочсон магтаал бус харин хайр дурлалын аугаа увдис чадлыг зүйрлэсэн тодорхой дүрслэл бөгөөд хүний сэтгэлийг нээн дүрслэх талаар уламжлалт магтаалын хэв загварын хүрээнд хийсэн эрэл... ”  байсныг тодруулсан төдийгөөр хязгаарласан нь бий. 1950-1960-аад оны монголын үргэлжилсэн үгийн төрөл зүйлд шинээр үүсэн тогтож буй нийгмийн үнэт зүйл, ёс суртахууны шинэ хэм хэмжээг эрэн хайж, түүний хүрээ хягаарыг асуусан аястай, хүний нийгэмдээ үнэлэгдэх үнэ цэнэ, дээд ариун нэр төрийг хөндөн авч үзэх хандлага тун онцгой туршлагуудаар баяжиж, уран сайхны шилдэг жишээ болон, туурвилзүйн уламжлал, хэлбэр төрхийг бүтээн бий болгосныг нэн тэмдэглэлт зүйл гэж үздэг. Тэгвэл яруу найрагт үүнтэй төстэй зүйл болоод өнгөрчээ. Болох болохдоо Н.Нямдоржийн яруу найргийн өв санд зохих байр эзлэхүйц, уран сайхны сэтгэлгээнийх нь салшгүй нэгэн орон зай нь болон тогтсоныг хэлэх байна. 1957 онд

Танд ч гэсэн надад ч гэсэн, нэг л их юм байх юм.

Та ч тэр би ч тэр түүнийгээ л гэж  явах юм. /Нэр. 1957/ 

хэмээн хүний нэр гэгч юув, тэр нь зөвхөн дуудах нэр төдий биш, таны нийгэм дунд, хүмүүсийн дунд хаана байгаагаа мэдэж болох, үнэ цэнийг тань илтгэх тэр л зүйлийг тун ч энгийнээр хэлжээ. Тэрхүү нэрийг эцгийн сургаалаас хэрхэн дуулсан, нэр алдар гэгчийг хэрхэн ойлгох тухай захиас болгосон тухай өөрөө бас гэрээс үлдээж.

... Өндөр алдраа унагавал чинь

Өөрөөс чинь юу ч үлдэхгүй гэж сургана.

Ямар ч алдар хүндтэй бай

Яаж ч цуурхан мандаж бай

Тэр их алдартан өөрөөн биш шигээр

Тэгж л өөрийгөөн авч яв... /Аавын сургаал/

Тэгвэл хувь хүний үнэ цэнэ амьдрал дунд, цаг хугацааны явцад хэрхэн бүтэж бий болдог, тэр дундаа нүүдэлч монголын ахуй орчинд ямар онцлог, ямар үйл байдлаар холбон ойлгож болох тухай илтгэхдээ аавынхаа хусан уургыг агтын хүзүүнд зүүчихэлгүй, адуун сүргийнхээ дундаас аль дуртайгаа барьдаг болсон тэр цагт буюу

... Өчүүхэн зүйлд гомдохгүй

Өөдгүй юманд баярлахгүй

Зэмлэл магтаал хоёрыг

Зэрэг даадаг болбол... 

гэж, чухам тэр цагт л эр хүн болох, хүн болж чадсан гэж хэлж болох тухай өгүүлсэн байна.

Өндөгний минь хээ

Өөрчлөгдөшгүй

Хурууны минь хээ

Хувиршгүй

Алганы минь хээ

Арилшгүй

Миний хээ

Минийх... 

Алив яруу найрагт хувь заяаны эрхээр гэх үү, зурагдсан тохиол учралаар ч гэх үү, агуулагдах нууц нэгэн увдисаар ч гэх үү зохиолчоо бүрэн илтгэдэг, бэлэг тэмдэг нь болдог, өөрийн орон зайгаараа мөнхөрдөг тийм төөрөг тун цөөхөн яруу найргийн мөрүүдэд ирдэг. Ийм хувь заяаг хэдийнэ хүртсэн мөрүүдийн нэг бол энэ бөгөөд, хальт харахад хэний ч нүдэнд өртөхөөргүй, хэн ч биччихэж болох мэт, хэтэрхий энгийн “яруу найраглаг” бус харагддаг гэхнээ болно. Гэхдээ яруу найргийн түүхэнд арилшгүйгээр хээгээ үлдээсэн ийм л мөртүүд болон үлдсэн юм. ингэж яруу найргийн хэлээр, уран сайхны сэтгэлгээгээ тунхаглаж, өөрийн хувь бодгал давтагдашгүй мөн чанараа зарлаж, өөрийн хээг мэдэрч, мэдэрснээ хадгалж, хадгалснаа баримталж, баримталснаа нийгмийн их эргүүлэгт алдахгүй, амьдралын бохир заваанд арилгуулахгүй байж чадна гэдэг яруу найрагч болгонд тохиогоод байдаггүйг бид мэднэ ээ. 1972 онд Г.Жамсранжавын “Зэвсэг нэгтний тухай тэмдэглэл” гэх Монгол-Оросын утга зохиолын харилцаа холбооны тухай сонирхолтой олон баримт бүхий ном хэвлэгдсэнд “Уран сайхны эрэл, арга барилын тухайд” нэртэй нэгэн өгүүлэл орсон байна. Утга зохиолын харилцаа холбооны ойлголтын тухай “... тодорхой нэг зохиолчоос юм уу, номоос санаа авахаас эхлээд бүхэл үндэстнүүдийн утга зохиолын харилцаа холбоо хөгжлийн тодорхой үе шат, үзэл санаатай нарийн холбоотой үзэгдэл юм. Гэхдээ тийм үед тийм зохиолд түүний бүтээлээс чингэж тусгах ёстой гэсэн жор байхгүй... ”  зэргээр ул үндэстэй тайлбар өгч, С.Буяннэмэхийн “Интернационалын магтаал”-аас эхлээд Б.Ринчен, Ч.Лодойдамба, С.Эрдэнэ, Б.Явуухулан нарын зарим бүтээлийн эх сурвалж, харилцан нөлөөлөл, түүний зүй зохист харьцааны тухай баримт хэлсэн нь монголын шинэ утга зохиолын харилцаа холбоонд байх ёстой, байсан тэр л асуудлын нэг хэсэг мөн юм. Энэ санаагаа цааш үргэлжлүүлэхдээ ялигүй халтирч, М.Цэдэндорж, Н.Нямдорж нарын мөн зохих зохиолыг нэр зааж, ижил хэлбэрийн бусад зохиолоос санаа авсан, бараг л хуулбар мэтээр бичсэн нь, нэгдүгээрт тухайн цагийн урлаг, утга зохиолд хандах тодорхой чиглэлийн шууд үр дагавар, хоёрдугаарт уран зохиолын харилцан нөлөөлөл гэх ойлголт бий, байхдаа тэр нь хуулбар төдийгөөс хэрхэн ялгардаг зэрэг онол, арга зүйн хувьд өнгөц хандсан, гуравт, ерөөсөө тэр үед аливаад ингэж өндөр сонор сэрэмжтэй хандахаас өөр аргагүй болсныг илтгэх жишээ болон үлджээ. Н.Нямдоржийн “Дорно” шүлэг ингэж эзэнтэйгээ хамт асуудлын бай болоход гол эх сурвалжаар тодорсон зохиол нь Р.Киплингийн буюу өрнийн хөрөнгөт орны зохиол, ангийн чанарын хувьд таарахгүй, түүнээ батлахын тул Ч.Чимэдийн “Өрнө, дорно”  шүлгийг татан авчирч Н.Нямдорж, Р.Киплинг хоёрт хоёуланд нь хариу өгсөн хэмээн Ч.Чимэдийг ч хамсаатан болгожээ. Гэхдээ энд энэ өгүүллийг, Г.Жамсранжавыг, цагийн салхийг шүүх гээгүй юм. 1963 оны 1 сард Үзэл суртлын ажилтны улсын анхдугаар зөвлөгөөн болж, “Намын үзэл суртлын ажлын одоогийн зорилт”-ыг хэлэлцэж, урлаг утга зохиолын байдал, цаашдын ажлын чиглэлийг “... манай урлаг утга зохиолын бүх ажилтны хамгийн гол чухал зорилт бол шинэ амьдралыг идэвхтэй байгуулагч, нам ард түмний үйл хэрэгт хязгааргүй үнэнч шинэ хүнийг хүмүүжүүлэхэд оршино... марксист ленинист сургаалыг эзэмших нь утга зохиол урлагийн ажилтны амжилтын нэг чухал үндэс, утга төгс, уран чадварлаг зохиол бүтээх гол нөхцөл мөн.”  болохыг заасан нь уран зохиолын үзэгдэлд хандах “марксист ленинист” сургааль, түүний ажигч гярхай харааны эрх зүйн баримт бичгийн нэг л болсон байх жишээтэй. Үүнийг улам сонор, сэргэг байхад ташуур өгсөн хүчин зүйл ч бий. 1960-аад оны эхээр Москвад сүрхий чангаар “найтааж”, Улаанбаатарт “ханиад” дэгдэж, 1962 оны 1 сард болсон МАХН-ын ТХ-ны Бүгд хурлаар нэг хүнийг тахин шүтэх явдлыг шүүмжлэн, түүний хор уршгийг бүх салбарт устгах нь чухал болохыг зарласан. Ингэж 1930-аад онд хэлмэгдсэн зохиолчдыг зөвхөн улс төрийн хувьд цагаатгаад, тэдний бүтээлийг явцуу хэмжээгээр ч бол хэвлэн нийтлэх болж, судалгааны хүрээнд ч чадлын хэрээр татан оруулах болсон нь ерөөсөө нийт утга зохиолын хөгжилд нөлөөлсөн нэг том хүчин зүйл болсон юм. Харин энэ байдлыг зарим этгээд “хэтрүүлэх” шинжтэй болж, үзэл суртлын хувьд “доголдож” эхэлснийг нэг ёсондоо дарахын тулд компанит ажлыг үргэлжлүүлэв. Чухам үргэлжлүүлсэн хэмээн тодотгох шаардлага байна. 1950-иад оны дундуур нэг хүнийг тахин шүтэх үзэл унаж, түүнийг ил далд буруутган, шүүмжлэх хандлага нь даамжирч, нийгэм, улс төрийн тогтолцооны гэм согог тийш хандаж эхэлсэн уур амьсгалыг бушуухан хазаарлах хэрэгцээ гарчээ. Түүндээ “сэхээтний төөрөгдөл” гэсэн нэр хайрлав. Эхлээд нэр бүхий тодорхой этгээдүүдээр ил шүүмжлэл өрнүүлээд, улмаар Их сургуулийн багш нарыг хуралдуулан, санаа бодлоо чөлөөтэй хэл хэмээн үзэл бодлын нь нүх сүвийг тэмтэрч, мэдээж тэнд “олигтой юм” байгаагүй нь, нийгмийг дахин нэг удаа айдсаар хучих ажлын төлөвлөгөөний нэг хэсэг байсныг хөөрхий сэхээтнүүд хэрхэн мэдэхэв. Уур амьсгалын дулаарал 1962 оны 6 сард Чингис хааны мэндэлсний 800 жилийн ойг тэмдэглэх тогтоол гарах хүртлээ “даврав”. Ойн олон талт үйл ажиллагаа бэлэн болж, бүрнээрээ хэрэгжихийн өмнө эрхбиш арай л хэтэрч байгааг “мэдэрч”, ойг цуцлан, комиссыг ахалсан этгээдэд бүх бурууг тохон, түүнтэй уулзаж шүлэг уншсан, түүхийн үнэнийг сөхөж ярьсан зэрэг этгээдүүд дор дороо л буруутаж, 1964 онд “намын эсрэг бүлэг” үүрлэсэн байсныг зарлан бүлгийг нам дарсан байна. Энэ бүхэн намыг, төрийг, нийт нийгмийг айдсаар хучиж, бие махбод, оюун санаа, үзэл бодол бүхнийг нь хянан барих эцсийн ариун зорилгын хүрээнд үйлчлэх төлөвлөгөөт ажиллагаанууд байсан хэрэг. Ийм л уур амьсгал нь өөрөө уран зохиолын алив зүйлд агуулга, утга санааны хувьд туйлын анхааралтай хандах, тун ч эмзгээр хардах хөөсрөл аяндаа үүсгэж, олон зохиол, олон зохиолчийн хувь заяаг янз бүрээр эргүүлж, яваандаа шог байдлаасаа эмгэнэлд хүрсний нэг л жишээ энэ болсон юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top