Хамба Д.Чойжамц: Засал номоо хийлгэх гэж яараад хэрэггүй, дараа нь цаг товлож үйлдэнэ

2020 оны 02 сарын 14

Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц цаг үеийн асуудлаар өнөөдөр /2020.02.14/ мэдээлэл хийлээ.


Хамба Д.Чойжамц "XVII жарны төмөр хулгана жил гарч байна. Хулгана жилийг хувьтай хүн үзнэ гэж монголчууд билэгшээдэг. Гэхдээ Бурханы шашны гүн философийн үүднээс үзэхэд цаг хугацааны л үргэлжлэл юм. Тиймээс бид урьд нь ажил, амьдралынхаа төлөө, боловсрол мэдлэгтээ ямар амжилт гаргаж явсан бэ, түүний үргэлжлэл байгаа юм. Тиймээс бид ихэнхдээ жаргалтай сайхан амьдралын шалтгаанаа тавьж чадсан бол хулгана жилдээ дажгүй сайхан байна гэж бодох хэрэгтэй. Гэхдээ сүсэг бишрэлтэй хүн олон бий учраас шашин номын талаасаа цаг  хугацааг тооцож үздэг. Үүнийг мөн харгалзаж үзэх учиртай. Ерөнхийдөө энэ жил сайхан жил гарах янзтай. Ганц бурханы шашин биш дэлхийн олон шашинт хүн төрөлхтөн орчлон ертөнцийг тооцож, зурхайн зурлага зурдаг. Энэ ёсоор монголчууд эртнээс зурхайг хэрэглэж, он тооллоо тооцоолж, өдөр гарагийг гаргадаг уламжлалтай. Бидний өвөг дээдэс 1000 жилийн тэртээгээс Цагаан сарыг тэмдэглэж иржээ. Тийм учраас Цагаан сарын баяр бол монголчуудыг тодорхойлсон баяр.

Энэ жилийн хувьд хөгшчүүдэд ээлтэй сайн, нялхаст ширүүн жил гэж зурагдсан. Харин нийгмийн хувьд дээдсүүдэд ширүүн, дунд талын дарга нарт бүр ширүүн гэж зурагдсан. Тиймээс ажил хөдөлмөр эрхэлж улс орныхоо төлөө зүтгэж байгаа улсууд сүсэг бишрэлтэй бол үүнийг бодож, хууль зүйн дагуу, ёс зүйтэй, зөв сайхан ажлыг хийхгүй бол энэ жил хэцүү байхаар зурлага харагдаж байна. Жилийн дундуур үеэс өмнө бороо хур багатай, дунд үеэс хойш хор бороотой байх учраас тариа ногоогоо бүтэн авч чадна, харин мал сүргээ анхаарах хэрэгтэй гэсэн зурлага гарсан. Гэхдээ зурхай бол магадлал шүү дээ. Тиймээс сайн сайханд тэмүүлж бие, хэл, сэтгэл гурваа зөв авч яваа хүнд бол мэдэгдэхгүй. Нэлээн будилж яваа, хийморь сүлд нь гундсан, ажил нь бүтэлгүйтсэн хүмүүс анхаармаар л харагддаг. Энэ жилийн зурлагын хувьд ийм байна.

Энэ жил Хятадад дэлхий даяар тархсан аймшигтай ханиад гарч. 700 жилийн өмнө сударт сарьсан багваахайн зургийг тавиад, энэ бол ирээдүйн цаг цөвтөхийн цагт сарьсан багваахайнаас үүссэн их хижиг өвчин гарч амьтан хүнийг зүдрээнэ гэсэн байдаг. Үүний эсрэг ямар уншлага хийж, үрэл утлага гаргах вэ гэсэн заавар байдаг. Ганц тэр ч биш богд, хувилгаадын ирээдүйг үзүүлсэн лүндэн, бошгот маш нарийн тэмдэглэсэн.

Энэ цаг үед Засаг төр маань их анхаарч, сайхан арга хэмжээнүүдийг авч байна. Сүсэгтэн олон, сүм хийд, хуврагууд, нийтээрээ үүнийг хүлээж авах ёстой. Зөв зүйлийг бид алгаа хамтатгаад хүлээж авах учиртай ийм цаг үе байдаг. Энэ бол тийм цаг үе байна. Тийм учраас үүнийг надад л халдахгүй гэж бодож болохгүй. Ер нь бол алдаа гэдэг хувиа бодсоноос л гардаг. “Би чинь гурван сая хүний нэг нь шүү дээ. Би өвдчихвөл ах дүү, хамаатан садан, хань нөхөд, энэ монголчууддаа халдаачихвал асар их зовлон болно” гэж бусдыг бодоод л эхэлбэл аюул аваараас холдоод байдаг. Ийм л учиртай юм. Тийм учраас өнөөдөр хувиа бодох, довоо шарлуулах асуудал байж болохгүй. Тэгэхээр бид нэг нь нэгдэхгүй, нэг л монгол хүн энэ ханиаднаас сэргийлэхгүйгээр хөдлөхөд тэр муухай ханиад бидэн дээр ирэх шалтгаан нөхцөл нь бүрдчихээд байна.

Засгийн газар ийм цавчаатайн үед шийдвэрээ гаргана. Гандан Засгийн газрын шийдвэрийн дагуу ажиллана.

Гандантэгчэнлин хийд ханиадны тал дээр комисс гарган ажиллаж байна. Бид иргэдэд амны хаалт гар ариутгагч түгээлээ.

Бид сүсэгтэн олныхоо төлөө гүрэм номоо уншиж байна. Энэ бол шашинтан хүний ажил шүү дээ. Сүсэгтэн олон, эх болсон зургаан зүйлийн амьтан, монголчууд бидний сайн сайхны төлөө Бурхан багшийн айлдсан уншлага номуудыг зориулна. Ялангуяа ихэс дээдсүүдийн ирээдүйд тийм төрлийн өвчин гарна гэсэн номууд дотор заалттай байгаа унших, түүнээс хамгаалсан үрэл, утлага, сахиус бурхан хийж, ард түмэнд түгээх нь бидний ажил. Лам нар энэ дагуу ажлуудыг хийж байна.

Монголын ард түмэн ханиад томуу хүрэхгүй тухайд арц утлагаар утдаг. Аргал хүртэл унгатгахад их сайхан байдаг. Яагаад уламжлалаа мартаад байна вэ, нэг талаар энэ чинь ард түмний шалгарсан арга байна шүү дээ.

Одоо арц утлага, рашаан, сахиус тэргүүтнийг хийж эхэлсэн байгаа. Гандангийн салбаруудад ханиадны тухайтад гүрэм дором хийж байгаа. Лхам бурханыг олон тахиж байна. Өчигдрөөс 100 мянган Дарь-Эх унших ажлыг эхлүүлсэн. Энэ бол шашны ажил. Үүнийг хэнээр ч заалгахгүй ард түмнийхээ төлөө, эх болсон зургаан зүйлийн хамаг амьтны төлөө уншлага унших үүрэгтэй улсууд, бид үүнийгээ хийж байгаа.

Шинэ жилийн засал номоо заавал энэ ханиад томуутай, хөл хорьсон үед хийлгэх гэж яараад хэрэггүй. Үүнийг өнгөрөхөөр бид тусгай тусгай цаг товлож, лам нар цагаан сараар хийдэг засал, гүрэм номуудыг тусгайлан уншиж өгнө.

Битүүний өдрийн номыг хурдгаараа хурна. Харин олон нийтийг олноороо битгий ирээрэй. Засал номыг тусгай цаг гаргаж, үйлдэж өгнө.

Үрэл бол шашны өөрсдийн дотоод асуудал. Үнэхээр өөрт хэрэгтэй гэж үзэн, сүсэглэж байгаа хүмүүст өгнө гэж төлөвлөж байгаа. Гурван сая хүнд бүгдэд нь өгнө гэж ойлгож болохгүй. Гэхдээ олон хүнийг цуглуулахгүйгээр яаж зохицуулах вэ гэдгийг шийднэ." гэлээ.

МЭДЭЭЛЛИЙГ ВИДЕО ХЭЛБЭРЭЭС ҮЗЭХ

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(103.229.121.69) 2020 оны 02 сарын 14

Зөв зүйтэй сайхан л яриа байна. Хаа хаанаа хичээх хэрэгтэй байхаа.

1  |  0
Zasal(124.100.123.106) 2020 оны 02 сарын 14

Bugdeeree daraa jildee Uher jildee zasal nomoo hiilgetsgee!!!!!.....

0  |  0
сүсэг(202.9.40.27) 2020 оны 02 сарын 14

15 -ны дотор заслаа хийлгэ. Хэдэн бум живаа дахин үйлчилгээтэй гээд байдаг сан

0  |  0
Top