СУРВАЛЖИЛГА: Уурхай орвол улам доройтох ӨНДӨР ЦЭНХРИЙН НУТАГ

2020 оны 02 сарын 14

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутаг дахь Овоотын нүүрсний ордод түшиглэн уурхай байгуулахаар зэхсэн Австралийн хөрөнгө оруулалттай “Аспайр майнинг лимитед” компанийн төсөл нутгийн иргэдийн төдийгүй, байгаль, эх дэлхийгээ хайрлан хамгаалах сэтгэлтэй хүн бүрийг түгшээж байгаа билээ. Бодит байдлыг “Зиндаа” сэтгүүл, Zindaa.mn сайт, ТВ8 телевизийн сэтгүүлчид газар дээрээс нь сурвалжилсныг хүргэж байна.


"Аспайр майнинг" компанийн өрөм тавихаар зэхсэн Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутагт уул уурхай орохоос өмнө хөрсний элэгдэл, ургамлын бүтцийн өөрчлөлт, усны нөөц дундрах зэрэг үйл явц ажиглагдах болжээ. Хэрэв уурхай ажиллаж эхэлбэл энэ байдал улам түргэсэж, олон гол мөрний ай сав, мөнх цэвдгийн бүс, уулсын орон сүйдэх аюул тулгарч мэдэх юм.Чухам ямар газрыг уурхайгаар хөндөх гэж байгаа юм бэ.
 

ДУУНД МӨНХӨРСӨН ОЛОН ГОЛ, МӨРНИЙ ТӨВШИН ДУНДРАХ БОЛЖЭЭ

 

“Дэлтэй цэнхэр зовно уу яана

Дэлгэр мөрөн бооно уу яана

Өндөр цэнхэр зовно уу яана

Өргөн Тэс бооно уу яана”

Хотгойд түмэн бэлгэдэл болсон “Дэлтэй цэнхэр” дуундаа уярч гэгэлзтэл ингэж аялдаг. Ерөөсөө ч хотгойд дуу гэгэлгэн хонгор аялгуутай. Энэ дууны унаган нутаг нь мөнөөх “Аспайр майнинг” компанийн өрөм тавихаар зэхсэн Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сум.

Гэвч уурхай ороогүй байхад энэ нутагт цаг агаарын өөрчлөлт, хөрс, ургамлын бүтцийн хувирал нэгэнт үүсээд эхэлж. Дэлгэр мөрөн үерлэж дэлтэй цэнхэр морийг зовоодог, өргөн Тэс эргээ хальж өндөр цэнхэр мориор гатлах гэж зүдэрдэг цаг ард хоцорч. Цатгалан үедээ морины ташаа цохидог байсан Тэсийн голын ус одоо гэдэс, борви хавиар татдаг болсныг нутгийн 40-50 насныхан хэлж байна. Хур бороо багатай жил бол зарим газраараа тасарч, шургадаг болжээ.

“Жаран цагаан хонийг

Жарантайн намаг дуудаа юу”

Бас л энэ нутгийн хотгойд ардын дуу. “Аспайр майнинг” компанийн шав тавьсан газраас тун холгүй алдарт Жарантайн намаг бий. Жарантайн намаг руу бэлчиж одсон жаран цагаан хонио эргүүлэх гэж хөөрхөн ажил болдог байсан бол өдгөө зуны ид үед хатаж, мориор саадгүй гараад явчихдаг болжээ.

“Бүстийн цэнхэр нуураа санаад байна

Бүртийж хоцорсон ээжээ үгүйлээд байна” хэмээн дуулдаг Бүстийн нуур хаяа зэргэлдээ Завхан аймгийн Тэлмэн суманд оршино.

Ийм л үзэсгэлэнт олон гол мөрний ай сав нутагт өрмийн дуу нүргэлж, олон мянган жил хуралдан тогтсон мөнх цэвдэгтэй хөрсийг онгичин хуулбал дээрээсээ тэтгэх хур бага, дороосоо түрэх ундарга сул болж хэдэн жилийн дараа ийм тийм мөрөн, нуур байсан гэх сайр ганга үлдүүзэй гэсэн эмзэглэл төрж байсныг хэлмээр байна.

“Аспайр майнинг” компанийнхны хувьд уурхай болон баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаанд гадаргын ус ашиглахгүй учраас Тэсийн гол, ойр орчмын бусад гол, нуурт нөлөөлөхгүй. Усны судалгааг 2019 онд нарийвчлан хийсэн, үр дүнг холбогдох яамаар баталгаажуулна. Уурхайд хэрэглэх усны хэмжээ бага байхаар төлөвлөсөн.

Нүүрс баяжуулах үйлдвэрт технологийн ус шаардлагатай. Хэрэглэсэн усныхаа 90 гаруй хувийг дахин ашиглана” гэж байгаа. Уурхайнхан тэдэн литр секунд усны хэрэглээтэй гэсэн бага юм шиг ойлголтоор сэтгэл тайвшруулдаг талтай. Гэхдээ секунд тутамд газрын гүнээс татан гаргах хэдэн литр ус ямар хэмжээний болохыг тооцож үзэхэд буруудахгүй.

Эрт галвын үеэс газрын хэвлийд тунарч, эх байгалиа тэтгэж байсан, эргэж сэргэхдээ дор хаяж 40 сая жил хэрэгтэй хэмээгдэх гүний усыг Оюутолгойн уурхайд л гэхэд секунд тутамд дор хаяж 600 литрийг соруулдаг гэсэн. Тэгвэл Оюутолгойн ашиглаж буй 600 литр секунд усны жилийн хэрэглээ Монгол Улсын нийт сумын жилийн хэрэглээтэй тэнцэнэ гэж Өмнөговийн Номгон сумын малчин Батдорж хэлж байсан юм. Дан ганц Өмнөговь аймагтай харьцуулбал тус  аймгийн нэг сумын 40 жилийн усны хэрэглээг Оюутолгой ганц жилд ашиглаж байна. Тэгвэл “Аспайр майнинг”-ийн усны хэрэглээ хэд юм бол. Үүнийг нутгийн иргэд сайн лавлах ёстой санагдана.

Гадаргын ус ашиглахгүй гэдэг нь гүний усыг татаж, мөнх цэвдэгт халгаа үзүүлнэ гэсэн үг. Дэлхийн дулаарал болж буй өнөө үед мөнх цэвдэг бол байгаль, экологийн тэнцвэрийг хадгалах гол нөөц гэсэн үг. Гүний усаараа тэжээгддэг мөрөн голуудын төвшин доошлох нь ч маргаангүй. Тийм учраас өндөр цэнхрийн нутагт уурхай орвол улам доройтох нигуур бүрдэнэ гэсэн үг.
 

“ЭР ӨВС БАГАСАЖ, ЦЭЦЭГ, НАВЧ ГОЛЛОХ БОЛЛОО”
 

Нутгийн малчид ингэж хэлж байна. Хялгана, хиаг, ерхөг, агь, бутуул гээд малд тэжээл болдог, хадлан бэлтгэхэд голлодог хамгийн ашигтай бэлчээрийн ургамлыг “Эр өвс” гэж малчид нэрлэдэг ажээ. Оронд нь цэцэг, навч голлож, намар хатаж гандахдаа малын хөлөөр үрэгдэн үйрч, тэжээл болдоггүйгээс тарга тэвээрэгт ч нэмэргүй, хадлан ч болдоггүй гэмтэй гэнэ.

Бас болоогүй сүүлийн жилүүдэд үлийн цагаан оготно толгойн өвчин болжээ. Өнгөрсөн намар Уранхайрхан багийн нутагт үлийн оготно олширч газрын хөрс бараг хөдөлж байсан хэмээн нутгийнхан хэллээ. Оготнод хөндийлүүлсэн газарт бэлчээрийн ургамал бус, лууль, царван, шарилж ургаж, морьтой явахад бүдрэх, бог мал үлийд тээглэн хөлөө гэмтээх зэргээр ярвигтай болж буй аж.

“Малаас болж бэлчээрийн даац хэтэрч, бэлчээр талхлагддаггүй, гагцхүү үлийн оготно үржиж үхмэл газар болгож байна” хэмээн Уранхайрхан багийнхан ярьж байлаа.

“Үүн дээр нэрмэж уурхайтай болж мөнх цэвдгийг ухаж гаргавал угийн доройтож байгаа газар сэргэхгүй” гэдгийг ч хэлцгээсэн.

 

ОТГОН ХАЙРХАНЫГ ТОЛЬДДОГ УРАН ХАЙРХАН

Булнайн нурууны оргил Уран хайрхан гэж бөмбөгөр оройт уул мөн нэрээр нэрлэгдсэн багийн нутагт бий. Тэр оргил дээрээс цэлмэг өдөр Монголчуудын бахархалт шүтээн Отгонтэнгэр хайрхан үүлэн дунд сүүмэлзэн харагддаг гэж тус багийн малчид хэлж байна. Хараа барааны газарт байгаа хайрхад бас л хүйн холбоотой, нэгэн сав шимд багтан оршдог нь эндээс тодорхой биз ээ.
 

Төрийн тахилгат Отгонтэнгэр хайрханы орчимд лиценз эзэмшигч компанийн эрхийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх цуцлах талаар аймгуудын Засаг дарга нартай хийсэн уулзалт дээр хэлж байсан билээ. Түүн шиг Булнайн нурууны ойролцоо, Тэсийн голын хөвөөнөөс холгүй үйл ажиллагаа явуулахаар зэхсэн “Аспайр майнинг” компани ч бодсон төлөвлөснөө эргэн харахад болохгүй зүйлгүй мэт.

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумаас Б.Даш-Ёндон тэргүүтэй олон эрдэмтэн мэргэд төржээ. Залгаа Завхан аймгийн Нөмрөг, Тэлмэн, Түдэвтэй хавь Дилов хутагт Жамсранжав, Жалханз хутагт Дамдинбазар нарын зэрэг олон хутагт хувилгаадын төрсөн нутаг. Тэгэхээр энэ хавийг оюун санааны их эрчим төвлөрсөн нутаг гэж бардам хэлж болохоор.

Тийм учраас уул уурхай ашиглах бус, оюун санааныхаа их эрчмийг түшиглэвэл газар шороогоо малтсанаас илүү үр дүн гарна гэж энэ нутагт очсоны дараа бодогдсон билээ. Тэсийн гол Завхан аймаг, Тувагаар дамжиж Увс нуурыг тэтгэдгийг бодсон ч Хөвсгөл, Завхан, Увс гурван аймаг, ОХУ-ын Тувагийн байгаль орчин, эко системд “Аспайр майнинг” компанийн уул уурхайн төсөл урхагтай нөлөө үзүүлж болохыг сэрэмжлүүштэй.


Сурвалжлагын ӨМНӨХ ХЭСЭГ
 

Өргөн Тэсийн хөвөөг сэмлэж, Өргөлийн орны өврийг сэндийлэх Овоотын төсөл
 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(203.91.115.53) 2020 оны 02 сарын 15

хариуцлагатай компани бол оруулах л хэрэгтэй. Хэзээ ашиглана гэж хадгалах вэ дээ. Тэгээд ч огт уул уурхайгүй нутаг орон биш. Могойн гол ХХК гээд нэг уурхай бгаа шиг санахын. Хариуцлагагүй уурхайг 50 жил харлаа. Нийгэмд битгий хэл тосгондоо ч олигтой зүйл хийгээгүй л бна.

0  |  0
Зочин(202.55.188.37) 2020 оны 02 сарын 15

Өнөөдөр Оюутолгой төсөлд дуртай монгол хүн тийм ихгүй. Гэхдээ тэд бүгдээрээ төсвөөр дамжин орж ирж буй үр шимийг нь дуугүйхэн хүртдэг. Тэнд ажилладаг 10 мянган хүний гэр бүл, хамааны хүмүүс нь дор хаяж 50-70 мянган хүмүүс энэ талаар бас л чимээ аниргүй амьдарч байна. Тэдний цалин хөлс орлогоор тэжээгддэг хэдэн зуун мянган хүний амь амьдрал, зах зээл байгаа. Оюутолгойн ажилчин байранд амьдарч, машин унаж, хүүхдээ хувийн цэцэрлэг, сургуульд сургаж, бараа материал, үйлчилгээ худалдан авч байгаа. Гэвч тэд бас л чимээгүй. Ер нь Монгол хүн гэдэг нэлээд олхиогүй бодгаль юм биш үү?

0  |  1
shuud(66.181.181.212) 2020 оны 02 сарын 15

negent l huuliin daguu buh um yavj baigaa bol shuud ajildaa or. heden bor yum nehsen hedhen ajilgui yumnuud. Datagaaraa internet orson, hotod orood suuh gazargui yumnuudaas ain gej yu baihav, uurhaigaa ehluul\n

1  |  2
Арай(66.181.191.162) 2020 оны 02 сарын 15

Үнэгүй юм хулганы хавханд л байдагшдээ үнэгүй сургууль, халамж хөрөнгө оруулалт, та нар зүгээрл ухуулчихын бол та нарын хамаг зовлонг чинь мөнгөөр зодоод хөөгөөд хаяна гээд их сайхан яринаа, ухсан юмаараа ганц ч халбага сэрээ хийгээд гаргачихаж чадахгүй байж юун ажлын байр захаасаа гуравдах хуруу

2  |  1
Hariutslagtai uul uu(192.82.70.157) 2020 оны 02 сарын 15

Hariutslagtai kompaniar hiilgesen n deer shv ert oroi hezee negen tsagt manaid baigaa ene bayalgaa hereglej uutsee neehel baih. Ter dor bidend ashihtai yum baisaar baital 10 say jil hav darna gj yu bhaw. Ter ued delhii sunuchih ch ym biluu. Theed hadgalj huraasnii ashigiig hen ch hurtehgui solir murguud shoroohooroo ergeed uldene. Iimees ert oroi hezee negen tsagt ashiglana harin hariutslagtai humuus l hiisen n deer

2  |  2
зочин(49.0.218.231) 2020 оны 02 сарын 15

Шуналт бүлэг гадаадын компани нэрээр хоймор нутгийг сүйтгэж, улсаа худалдаж байгаагийн нэг жишээ энэ. Олох ашгийг л боддог уур уурхайн солиотуудыг хазаарлахгүй бол, байгаль орчин сүйдэж, хойч үе хоосон хоцроно. Энэ баялаг өнөөгийхэнд заяагдсан юм бишээ, энэ төсөл зөвхөн Тэс төдийгүй Сэлэнгэ мөрөн түүний цутгал голуудын хувь заяаг хөндөж, сүйтгэх , монголын тусгаар тогтнолыг доромжлох төсөл шүү, Оросууд ард нь алга ташиж байгааг бодоорой

2  |  0
Зочин(202.55.188.39) 2020 оны 02 сарын 15

Яасан ойрхон хардаг юм бэ? Энэ төслөөс улс оронд орж ирэх нийт өгөөжийг яагаад ярихгүй байна аа? Хэдэн зуун тэрбум төгрөгний татвар, мөн орон нутагт хандив, нутгийн иргэдэд ажлын байр, үнэгүй цэцэрлэг сургууль, хэдэн аймгийн, хэдэн арван сумдыг дайрсан босоо тэнхлэгийн авто зам, магадгүй төмөр зам, түүнийг дагасан хөгжил гээд зүйрлэшгүй их баялагийн тухай ярих ёстой шүү дээ. Бид ямар мунхаг хүмүүс вэ, ямар өрөвдмөөр сэтгэдэг юм бэ? Энэ Аспайр майнин гэдэг компанийн хяналтын багцыг монгол хүн эзэмшихээр болж байгаа юм билээ.

2  |  3
Зочин (122.201.24.252) 2020 оны 02 сарын 15

Унаган терехеер нь байлгах газар нутгийн нэг дээ монголчууд шутлэгтэй юм шиг тэгсэн атлас менге гэхээр юу ч хамаагуй болчихдог хумуус юм

1  |  0
zochin(150.129.142.9) 2020 оны 02 сарын 15

Өвөг дээдэсээс ирсэнгазар нутгийг минь тайван орхиж хойч үедээ үлдээх хэрэгтэй.

2  |  1
Top