Тэтгэврийн зээл тэглэх “Эрдэнэс” бондыг хаалттай гаргахаар ажиллаж байна гэв

2020 оны 02 сарын 13

 

Иргэдийн 6 хүртэлх сая төгрөгийн тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх хуулийг УИХ өнгөрсөн сарын 10-ны өдөр баталсан билээ. 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийтдээ нийт тэтгэвэр авагчдын 54.5 хувь буюу 228.6 мянган тэтгэвэр авагч иргэн 757.6 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байсан.

Тэтгэврийн зээлийг тэглэх санхүүжилтийн эх үүсвэр нь Салхитын орд. Тэгвэл “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү УИХ-аас баталсан Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд хэрэгжүүлж буй ажлын талаар дараах мэдээллийг өгч байна.

Тэрбээр “Салхитын мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, олсон орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас гаргах замаар иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн тодорхой хэсгийг төлөхөөр хуульчилсан. Энэхүү хуулийг дагаж мөрдөх хуулийн дагуу 3 тогтоол, нэг журам гарсан. “Эрдэнэс Монгол” ХХК болон “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн хамт олон хамтран “Эрдэнэс” бонд гаргах ажлыг удирдан зохион байгуулан ажиллаж байна. Энэхүү бондыг санхүүгийн зах зээл дээр хаалттай хүрээнд гаргах бөгөөд бондоос босгосон хөрөнгөөр 228 мянган иргэний 6 хүртэлх сая төгрөгийн зээлийг тэглэнэ.

Мөн 192 мянган ахмад настанд 1 сая төгрөгийн эрхийн бичиг, 1 сая хүртэлх төгрөгийн зээлтэй 44 мянган ахмад настанд зээлийн үлдсэн төлбөрөөс үүссэн зөрүүг мөнгөжүүлэх эрхийн бичиг олгох асуудлыг бид шийдвэрлэхээр шуурхайлан ажиллаж байна. Энэхүү бонд гаргахад Хөгжлийн банк баталгаа гаргана. Энэхүү хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон “Эрдэнэс Монгол” компанийн төлөөлөл багтсан ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна” гэлээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(139.5.218.142) 2020 оны 02 сарын 18

Зээл тэглээд өгөөч гэж хэн ч хэлээгүй байхад хэрэггүй ажил хийгээд л байх юм даа. Улсынхаа зээлийг тэглэхэд анхаар. Чадахгүй бол суудлаа тавьж өг.

1  |  1
Top