ОЛОН ӨНГӨ: Туйлшрал

2020 оны 02 сарын 13

Улааныг үзэж урвах, шарыг үзэж шарвах. Энэ үг магадгүй өөрийн гэсэн үзэл бодолгүй, мэдлэг хомс, ухаан тэлээгүй хүмүүст зориулагдсан байх. Хаана, ямар зүйл болно түүнийг дагалдаж, хэн, хэнийг сайлна түүнийг шүтэх. Угтаа бол орчин үеийн нийгэмд бүх зүйл эрх чөлөөтэй, хаашаа ч явж, юу ч үзэж ухаан тэлэхэд нээлттэй.

Гудамжаар алхаж явахад хажуугаар өнгөрөх хэн нэгэн утсаар нөгөөдөө “Коронавирус Монголд ороод ирчихсэн гэнэ. Одоо яана аа. Тэр өвчнийг туссан хүн шууд үхдэг гэнэ” гэх. Эсвэл “Хаа байсан Хятадад гарсан тэр коронавирус гэгч Монголд юу гэж орж ирэх вэ дээ”, “Монгол хүний дархлаа сайн, тэр өвчнийг тусахгүй”, “Коронавирус гэгч чинь худлаа цуурхал гэсэн. Тийм юм гараагүй гэж телевизээр ярьж байна лээ” гэх.

Эсвэл хүмүүс хоорондоо “Тэр тэрнээс салсан гэнэ”, “Болдоо жийп машин авсан байна лээ”, “Туяа гадаадаар аялаад л, гоё ганган хувцас өмсөөд байна, тэр хэзээ тийм болчихсон юм”, “Болороо жирэмсэн болчихсон байна лээ” гэж ярьцгаан хамаг цагаа хов базахад зарцуулах. Нэг бол хэт туйлширч “За наад өвчинд чинь тэр эм л сайн гэнэ”, “Тэнд нэг сайн бөө байна, тэр бөө дээр л оч”, “Тэр дэлгүүрийн бараа хамгийн чанартай нь” хэмээн өөрийн нүдээр үзэж хараагүй зүйлсдээ хэт итгэн, бас бусдыгаа итгүүлэх гэж туйлшрах.

Өөрийн гэсэн үзэл бодолтой, юм үзэж харсан, ухаан тэлсэн хүн бол юм болгонд итгэж, хүн болгоныг дагаж туйлшрахгүй. Бүх зүйл нээлттэй, сурч мэдэх боломжоор дүүрэн энэ нийгэмд өөртөө оюуны хөрөнгө оруулалт хийхэд цаг гаргацгаая. Хов баздаг, интернэтээр дэмий сэлгүүцдэг цагаа номын нэг бүлэг унших, өөртөө хэрэгтэй ганц подкаст сонсоход л зарцуулчихад бид хөгжинө.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
H5n1(103.26.194.174) 2020 оны 02 сарын 13

Het tuilshramtgai irged buren bolovsroogui ene ulsad face booke haah heregtei

0  |  0
Top