БҮТ: Монгол хэл бичгээр элсэгчдийн зайлшгүй эзэмших чадварыг шалгана

2020 оны 02 сарын 12

Их, дээд сургуульд элсэгчдийн дунд зохион байгуулдаг Элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/-ын бүртгэл энэ сарын 10-наас эхэлж, дөрөвдүгээр сарын 15-ны өдөр хүртэл үргэлжилнэ. ЭЕШ-ыг зургаадугаар сарын 12-15-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөөд байна. Харин ЭЕШ-аас өмнө гуравдугаар сарын 28-нд элсэгчдийн монгол хэл болон монгол бичгийн шалгалтыг товложээ.

Гэвч коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг нэгдүгээр сарын 27-ноос  гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл зогсоосон. Иймд ЕБС-ийн хичээл удаан хугацаанд тасалдаж, сурагчид хичээлдээ ороод удаагүй байхад монгол хэл бичгийн шалгалтыг зохион байгуулах нь шалгалтын үр дүнд сөрөг нөлөө үзүүлнэ гэж үзэх нэгэн байна. Өөрөөр хэлбэл сурагчид монгол хэл бичгийн шалгалтдаа бэлдэх хугацаа богинохон үлдэж буй юм.

Энэ асуудлаар Боловсролын үнэлгээний төвөөс тодрууллаа.

БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВ:

-Нэгдүгээр сарын 27-ноос гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл дөрвөн долоо хоногийн хичээл сургалтын үйл ажиллагаа тасарч байгаа юм. Давагдашгүй хүчин зүйлийн үр нөлөөгөөр тасалдаж байгаа сургалтын үйл ажиллагааг гуравдугаар сарын бямба гарагуудад хичээллэх байдлаар,  телевизийн хичээл байдлаар агуулгын зохицуулалт хийж нөхөж байна.  

Нөгөөтээгүүр монгол хэлбичгийн шалгалт нь бүрэн дунд боловсролын монгол хэлний хичээлийн сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг хэмжин хянах бус их, дээд сургуульд элсэгчдийн эх хэлний боловсролын хэрэглээний чадварын түвшинг тогтоох зорилготой.

Өөрөөр хэлбэл, богино өгүүллэг, эх зохиол уншаад уг зохиолын үйлдэгч, гол дүрийн гадаад дотоод шинж, дүрийн өсөлт бууралт, зохиолын хэрэг явдал, зарим үгсийн утгыг хам бүтцийн хүрээнд тайлбарлах чадвар, өөрийн санал бодлоо бичгээр зөв найруулан илэрхийлэх чадвар, монгол бичгээр унших чадвар, кирилл бичгийн зөв бичих чадвар зэргийг сорих зорилготой. Энэ нь монгол хүн бүрийн, хүүхэд бүрийн зайлшгүй эзэмшвэл зохих чадвар юм.

Цахим хэрэглээ ихэссэнтэй холбоотойгоор хүүхэд, залуусын эх хэлнийхээ зөв бичих дүрмийг баримтлахгүй бичих, хэл найруулгын алдаа ихтэй ярьж хэлэлцдэг болсон өнөө цагт энэ шалгалтыг 2 үе шаттайгаар зохион байгуулж байгаа нь цаг үеэ олсон ажил болсон. Энэ ажлыг шалгалт гэж харахаас илүү эх хэлнийхээ дархлааг сайжруулахад оруулж байгаа хувь нэмэр, оролцоо гэж харах нь зүйтэй байх. Монгол Улсын Засгийн газраас 2025 он гэхэд хос бичигтэй болох хөтөлбөр зарласан. Төрийн албаны бүх албан хэрэг монгол бичиг дээр хөтлөгдөхөөр болсон. Энэ төслийг хэрэгжүүлэх боловсон хүчин маань монгол бичгээрээ бичих нь байтугай хөрвүүлэх чадваргүй байж болохгүй. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top