Газрын наймаанаас эхтэй байгаль эхийн эсрэг гэмт хэрэг-II

2020 оны 02 сарын 12

 

Улсын хэмжээнд 2015-2018 онд олгосон газруудтай холбоотой зөрчил 162.3 тэрбум төгрөгөөр хэмжигдсэн. Үүний 75.4 тэрбум төгрөгт акт тогтоож, 78 тэрбум төгрөгийн зөрчил бүхий 449 байгууллага, албан тушаалтанд албан шаардлага хүргүүлж, зургаан хэргийг хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн гэж Ерөнхий аудиторын орлогч С.Бүрэнбат тоо баримттай нь танилцуулсан талаар өчигдрийн дугаартаа мэдээлсэн билээ. Тус газраас хөндлөнгийн шинжээчидтэй хамтран гаргасан тайландаа 2015-2018 онд БОАЖ-ын сай­даар ажилласан хүмүүс албан тушаалынхаа эрх мэдлийн хүрээнд шууд газрын зөвшөөрөл олгохдоо гаргасан зөрчлийг бүтэн бүлэг жагсаасныг энэ удаад үргэлжлүүлэн хүргэж байна. 

Шинжээчийн дүгнэлт 1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд “Газар ашиглах тухай гэрээний хугацаа таван жилээс илүүгүй байх бөгөөд уг гэрээг нэг удаад сунгах хугацаа таван жилээс илүүгүй байна” гэж заажээ. Тэгвэл 2015-2018 онд БОАЖ-ын сайдын 23 удаагийн тушаалаар улсын тусгай хамгаалалттай газар үйл ажиллагаа явуулж байгаа 161 иргэн, хуулийн этгээдийн газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан байна. Ингэхдээ Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийг тус яам хэрэгжүүлээгүй нь улсын төсөвт алдагдал учруулжээ. БОАЖЯ-аас улсын тусгай хамгаалалттай газрын зөвшөөрлийн хугацааг сунгаж шийдвэрлэхдээ, орон нутгийн Засаг дарга, тухайн хамгаалалтын захиргаатай уялдаатай ажиллаагүй. Газар ашиглах гурван талт гэрээнд оролцогч талууд гэрээг дүгнээгүй аж. Үүнээс үүдэн Богдхан уулын дархан цаазат газар, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газраас ашиглагч 18 иргэн, аж ахуйн нэгж улс, орон нутгийн төсөвт 172.5 сая төгрөгийн газрын төлбөрийн өр үүсгэсэн байна. Мөн 78 иргэн, хуулийн этгээдээр газрын хянан баталгаа хийлгээгүй зэргээр хууль зөрчжээ.  Тиймээс БОАЖЯ-нд жил бүр газар ашиглах гэрээг дүгнэн, төлбөрийн тооцоо нийлж холбогдох төлбөр хураамжийг бүрэн төлүүлэх албан шаардлага хүргүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Шинжээчийн дүгнэлт 2. Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд зөвхөн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар барьсан орон байр ашиглах бөгөөд өөр барилга байгууламж барихыг хориглосон хуулийн зохицуулалттай аж. Гэтэл БОАЖЯ-ны кадастрын мэдээллийн сангийн бүртгэл мэдээлэлд сансрын зураг ашиглан 1260 нэгж талбарт дүн шинжилгээ хийхэд, Богдхан уулын дархан цаазат газарт 195 иргэн, аж ахуйн нэгж байнга оршин суух зориулалттай амины орон сууц, нийтийн орон сууц, үзвэр, үйлчилгээний барилга байгууламж бариад байгаа аж. Мөн БОАЖЯ-наас үйл ажиллагаа явуулах зөвшөөрлөө өөрчилсөн зөрчил түгээмэл илэрчээ. Улмаар байгаль орчинд учруулсан экологи-эдийн зас­гийн хохирлыг хөрс, ургамал, гадаргын болон гүний ус зэрэг үзүүлэлт бүрээр нь тооцоход 700 гаруй сая төгрөгөөр хэмжигдсэн байна.  

Шинжээчийн дүгнэлт 3. БОАЖЯ улсын тусгай хамгаалалттай газруудад олгосон зөвшөөрлийнхөө дагуу кадастрын мэдээллийн сан эрхлэн хөтлөх үүрэг хүлээдэг. Гэтэл тус яамны дотоод нэгжүүдийн үйл ажиллагааны зохион байгуулалт, ажлын уялдаагүй байдлаас шалтгаалан улсын кадастрын зургийн нэгдсэн мэдээллийн санг тогтмол эрхлэн хөтөлдөггүй нь тогтоогджээ.  Мэдээллийн сангийн нэгдсэн стандартгүй, газар ашиглагчдын эрхийн бүртгэл, зөвшөөрлийн хугацаа сунгах, цуцлах, талбайн өөрчлөлт зэрэг засвар өөрчлөлт тухай бүр хийгддэггүй байсныг тогтоосон байна. Өөрөөр хэлбэл, нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлэхгүй байх нь олон төрлийн зөрчил гарах шалтгаан болсон байх магадлалтай аж. Тухайлбал, БОАЖ-ын сайдын тушаалаар газар ашиглуулах зөвшөөрөл олгосон тушаал, шийдвэрт нэр нь ороогүй 59 иргэн, аж ахуйн нэгжид 309.4 га газрыг зөвшөөрөлгүй ашигласан байж болзошгүй зөрчилтэй мэдээллийг кадастрын мэдээллийн санд газар ашиглагчаар бүртгэжээ. Мөн сайдын тушаалаар газар ашиглах эрхийг нь хүчингүй болгосон 42 иргэн, аж ахуйн нэгжийн 67.9 га газрын эрхийг кадастрын мэдээллийн сангаас устгаагүй, 1606.1 га талбай бүхий газрын зөвшөөрөл олгосон 1377 зөвшөөрлийг кадастрын мэдээллийн санд бүртгээгүй зэрэг зөрчил илэрсэн байна. Энэ нь Газрын тухай хуулийн “Газар төрийн хяналт, хамгаалалтад байх” зарчмыг алдагдуулсан гэж үзэх үндэслэл болжээ. Тиймээс улсын тусгай хамгаалалттай газар зөвшөөрөлгүй газар ашигласан байж болзошгүй үйлдэлд хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцох, газар чөлөөлүүлэх арга хэмжээ авах шаардлагатай аж.

Монгол Улсад УИХ, Засгийн газар зарим тусгай хэрэгцээний ангилалд хамаарах газрыг ашиглуулах тогтоол гаргах эрхтэй байдаг бол 330 сум, 21 аймаг, есөн дүүргийн болон нийслэлийн нийт 361 Засаг дарга өөрийн харьяалах нутаг дэвсгэрт газрын зөвшөөрөл олгодог. Үүнээс гадна БОАЖ-ын сайд дангаараа улсын тусгай хамгаалалттай нутагт газар эзэмшүүлэх, ашиглуулах дархан эрх эдэлдэг. Гэвч энэхүү эрх мэдлийн ард байгаль орчны эсрэг үйл ажиллагаа нуугдаж ирсэн гэдгийг төрийн аудитын байгууллага гаргаад ирлээ. Аудитын хүрээнд БОАЖЯ-ны харьяа Богдхан уулын дархан цаазат газар, Горхи-Тэрэлж, Хөвсгөл, Хөвсгөлийн Улаан Тайга, Орхоны хөндий, Хангайн нуруу, Отгонтэнгэр хайрхан зэрэг байгалийн цогцолборт газар гэсэн долоон   улсын тусгай хамгаалалттай бүсэд  газар дээр нь шалгалт явуулсан гэдгээ ч дурджээ.

Уг асуудлуудтай холбоо­тойгоор БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Ц.Цэнгэл 14 санал бүхий тайлбар бичин, Аудитын ерөнхий газарт хүргүүлсэн байдаг аж. Гэвч бүгдийг нь бэрхшээл тооцсон төдий тайлбар учраас хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдэг хариу өгсөн байна. Улмаар Ерөнхий аудиторын зүгээс Монгол Улсын  Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд улсын тусгай хамгаалалтад авсан газрын зөвшөөрөл олгоход тавигдах шаардлага, шалгуур нөхцөлийг иргэд, олон нийтийн шударга ёс, тэгш байдлыг хангахуйц байдлаар боловсронгуй болгох зөвлөмж хүргүүлжээ. Мөн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэд тусгай хэрэгцээний газрын хязгаарлалтын бүс, ойн болон усан сан бүхий газарт хууль зөрчин газар олгодог байдлыг зогсоох, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатад олгосон газрын нэгж талбарын мэдээллийг  улсын газрын кадастрын нэгд­сэн системд бүртгүүлж, газрын нэгдмэл сангийн тайлан, мэдээнд холбогдох мэдээллийг тогтмол хүргүүлж байхыг зөвлөжээ.


Өмнөх нийтлэл: Газрын наймаанаас эхтэй байгаль эхийн эсрэг гэмт хэрэг

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.161.126) 2020 оны 02 сарын 12

Хууль бусаар олгосон газруудыг хурааж, барьсан барилгуудыг нь нурааж, хохирол, зардлыг нь буруутай этгээдүүдээр гаргуулж, хатуухан ял шийтгэл онооох замаар л засаж болохоос нэгэнт барьчихсан юм, хүний хөрөнгөд халдаж болохгүй гээд толгойг нь илээд байхаар хэзээ ч засрахгүй. Энэ талаар Япон улсаас сайн суралцах хэрэгтэй.

0  |  0
Зочин(202.126.88.197) 2020 оны 02 сарын 12

Хууль журамааа гишүүүд дарга нар өөрсдөө зөрчдөг шүү наад дархан цаазтай газруудад жириин иргэн нэгч бхгүй дандаал манангиинхан бга

0  |  0
Eco terrorism(98.253.30.34) 2020 оны 02 сарын 12

Baigal suitgej bgaa ene uildel ooroo olon ulsiin nershiltei, eco terrorism gej. Ene neriig n manai setuulchid heregleed yavchihval ug n zugeer iym shig sanagdaad bdgiin.

1  |  0
Top